CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Өвлөөс дайжиж Өмнөд Азиар аялсан тэмдэглэл-3

03-03-2017 14:02

Камбож
Бангкокоос Камбожийн нийслэл Пном Пэнь хот орох өглөөний 5:00 цагийн автобусны тасалбар авсан учраас Морчит хэмээх олон улсын авто вокзал дээр шөнийг өнгөрөөх хэрэг гарлаа. Ойрхон буудалд хонох талаар бодож байсан ч Тайландчууд хүлээлгийн танхимдаа хээвнэг унтацгаачихаар нь дуурайхаар шийдэв. Угаалгын өрөөнд нь утсаа цэнэглээд л, углааштайгаа дэлгүүрээс нь ус, ундаахан авсан шиг гэртээ байгаа юм шиг л тухаллаа. Зурагтаар төрийн дуулал нь явтал хүлээлгийн танхимд байсан бүх Тайландчууд босож зогсон хүндэтгэл үзүүлсэн нь их сайхан санагдсан. Ингээд өглөө болж, Камбож улс руу хөдөлсөн. Тайландын Араянапрадэт боомт хотын хилээр явган гарч Камбожийн Пойпет хотын хил дээр 30 минутын дотор л визээ даруулчихав.
Ингээд 16 орчим сая хүн амтай, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн асар их түүхтэй, буддын шашинт, хаант засаглалтай Камбож улсад ирлээ.
Мэконг голын эрэг дээр орших Пном Пэнь хот нь Францын колони байсан үеэс эхлэн Камбожийн нийслэл болжээ. Тиймээс франц маягийн барилга ихтэй. Би энд оройн 19 цагийн үед ирсэн болохоор юун түрүүнд их хотын шөнийн амьдралыг анзаарав. Хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар буудаллачихсан ч юм уу гудамжаар нь дүүрэн уушийн газрууд, бүгд л дүүрэн хүнтэй.
Би очсон газар болгоныхоо найт маркетаар орох дуртай учраас бушуухан ачаагаа тавьчихаад найт маркет руу зүглэв. Хмер үндэсний хоол гээд хэл хугалам нэртэй сонин хачин хоолнуудыг нутгийн заншлаар газар сууж байгаад амталсны дотор кокос жимсний хальсанд хийсэн зайрмаг хамгийн амттай байсан.

Маргааш нь түк түкээр нийслэл хотыг үзэх аялалаа Торгон арлаас (Silk island) эхэллээ. Нэг долларын тасалбартай завиар 10 минутанд л оччихдог Мэконг голын дундах жижигхэн арал нь уламжлалт хүр хорхойн торгоороо алдартай. Эндхийн айл бүр торго нэхэж, амьжиргаагаа залгуулдаг байна.  Тэд өрхийн үйлдвэрлэлээ жуулчдад дуртайяа танилцуулж, нэхсэн торгоо худалдаалдаг.

 

 

Цаашлаад энэ арлын хамгийн том торгоны үйлдвэртэй танилцаж, бяцхан усан сан дахь Dragonfish гэдэг сүртэй нэртэй аварга том загасыг харж, сармагчин, тогос харж,  тотьтой ч ярилцаад амжив.  

Энд модон дундах нам жимхэн цэцэрлэгт зугаалж, Камбож үндэсний шувууны үүр шиг сүрлэн байшинд амарч, Зүүн азийн улс орнуудын онцлог болсон сүлжмэл дүүжин орон дээр унтаж ч болно. Түк түк жолооч залуу энэ газрыг хосуудын цэцэрлэг гэж тайлбарласан.

Халуун өдөр байсан болохоор модны сүүдэрт, дүүжин орон дээр хэсэг амарсны дараа Пном Пэн хотоос өмнө нийслэл хот нь байсан Оудонг гэх хот гэхээсээ сүм хийд гэж болмоор газар ирлээ. Буддын сүм хийдийн загвараар уран нарийн барьсан, арслан, луу сийлсэн том том алтадмал баганатай тансаг сайхан орднуудаас бүрджээ. Эдгээр сүм хийдийн ханын зургууд нь их сонирхол татав.

 

Эндээс сармагчингууд амьдардаг хийд рүү явлаа. Урьд нь их том сүм хийд байсан ч нүүлгэснээс хойш сармагчингууд нь үлдчихсэн гэнэ. Яг л хүүхэд шиг дүрсгүй, хөгжилтэй, бас амттанд дуртай тэд үнэхээр өхөөрдөм байсан. Тэнд бас гудамжинд амьдардаг хүүхдүүд сармагчинтайгаа ижил дасал болчихсон хүмүүсийн өгсөн хоол хүнсийг хуваалцан эвтэй, найртай амьдардаг юм байна.

 

Замынх нь эсрэг талд мөн л Ват Пном хэмээх том сүм бий. Түүнд нь ургасан аварга том модыг сүслэдэг бололтой тойруулан хашаа хатгаж, олон өнгийн даавуугаар чимэглэж, алтан арслангаар хамгаалуулжээ. Лаосаас эхлээд л үе үе тааралдах болсон энэ аварга том мод төдийлөн сонирхол татахаа больсон ч манай жолооч зөвхөн сүм хийд, ариун газар ургадаг мод гэж тайлбарласан нь сэтгэгдэл төрүүлэв.

Үүний дараа хотын төв цэг Ват Пном түүх, шашны цогцолборт зочиллоо. Гол суварга нь 27 метр өндөр хотын хамгийн өндөр шашны байгууламж юм байна.

Хаант улсад ирсэн учраас хааны ордныг нь заавал үзэх хэрэгтэй. Хаан ширээний танхим, сарны туяат ордон, мөнгөн суварга зэргийг олон нийтэд нээлттэй үзүүлдэг юм байна. Мөн л алтадмал өнгөөр уран гоёмсог барьж байгуулсан сүм хийдийн загвартай орд өргөөнүүд байлаа. Хааны ордны гадаа тагтаа чуулсан, ард иргэд нь газар хоол хүнсээ дэлгээд л амарч зугаалж болдог.

 

Жил бүрийн хоёрдугаар сард тэмдэглэдэг Meak Bochea буюу Буддагийн номлолыг сонсох утга бүхий баяр болж байсан учраас очсон сүм хийд бүр сүсэгтэн олноор дүүрэн байлаа. Жолооч маань намайг Хятадад сурдаг гэхээр Хятад сүм үзүүлэв. Камбожчуудын шүтдэг шашнаас өөр, зан үйл нь ч шал өөр байдаг гэж тэрээр тайлбарласан.

 

 

Үүний дараа Мэкон голын эрэг дээр барьсан хоолны газрууд, амарч зугаалах цогцолборуутай аварга том модон гүүрэн дээр очив. Эндээс нар шингэхийг харснаар өнөөдрийн хотын аялал маань дуусах аж. Энэ хэсэг нь Мэкон голын дөрвөн эргийн завь, усан онгоцны зогсоолын уулзвар юм байна. Тэртээ цаана эрэг дээр өндөр барилгууд сүндэрлээд л, их усны мандал дээгүүр тансаг усан онгоц, сэлүүрт завь хөвөөд л… түм түжигнэсэн их хотоор аялсан урт өдрийн дараа энд л амьсгаа авч амсхийсэн.

Ингээд буудалдаа хүргүүлээд дуусах хуваарьтай байсан ч нэг өдрийг хамтдаа аялж өнгөрөөсөн түк түк жолооч залуу явахаас маань өмнө хамт хоол идэж, бас үнэгүйгээр  Кох Пич гүүрийг үзүүлье гэснээр аялал маань дахиад хэдэн цаг сунгагдав. 2010 онд энэ гүүрэн дээр усан фестивальд оролцож яваад 375 хүн амиа алдсан, 770 гаруй хүн гэмтсэн харамсалт хэрэг болсон байдаг. Жил бүрийн 11 дүгээр сард болдог уламжлалт баяраар завины уралдаан үзэх гэж явсан хүмүүс нэг гүүрэн дээр хэтэрхий олноороо бөөгнөрсөн тул гүүр нурж, эл аймшигт хэрэг болсон байдаг юм. Нутгийнхан зүгээр ч нэг бөөгнөрч, шахцалдсанаас болоогүй, өөр шалтгаан бий гэж үздэгээ ч нуулгүй ярьсан. Кох Пич гүүрээс холгүйхэн хосууд болздог гэх романтик цэцэрлэгийг үзсэнээр цаг оройтож, би ч буцах боллоо. Энэ хугацаанд хаан нь нас бараад хүү нь төр барьж байгаа, цалин багатай болохоор залуучууд нь Солонгос, Хятад, Вьетнам руу их гарч ажилладаг, авлигагүй л бол ажил бүтдэггүй, идэх хоолгүй, орох оронгүй хүмүүс хэдэн саяараа байхад амьгүй бурхадын барималд хэдэн тонн хоол хүнс өргөдөг хэтэрсэн сүсэгтэй гээд л улс орныхоо тухайд эмзэглэж явдаг олон зүйлийг ярьсан. Дараа ахиж ирээрэй гэсэн урилгатайгаар Пном Пэнь хотоос Сием Рип хот буюу алдарт Ангкор Ватыг зорилоо.

 

Бараг л хориод хоног үүргэвчтэй аялал хийсэн болохоор Сием Рипд ирэхдээ маш их ядарснаа мэдрэв. Шинэ газар очингуут л буудалдаа үүргэвчээ тавьчихаад бушуухан шиг л ямар нэг юм үзэхээ гараад явдаг байсан бол энэ удаад өдөр очсон хэрнээ орой л нэг юм гарч, тогтсон заншлаараа найт маркетыг зүглэв. Миний очиж байсан бүх л найт маркетуудаас хамгийн сонирхолтой, бас pub street буюу баар, рестораны гудамж, худалдааны гудамж, хоолны гудамжаас бүрдсэн харьцангуй том байлаа. Эндээс юу л бол юуг олж болно. Шорлож шарсан могойн мах идэж үзлээ, гудамжинд жижигхэн тэйк засчихсан, бас ч үгүй интэрнэтээс дуу тавиад л авсаархан клуб болгочихдог бар тэндэрүүдийн коктейлийг амсаж үзлээ, бас хаа сайгүй байдаг Камбож массажийг туршихаа ч мартсангүй.

 

Жаахан онцгүй нь янз бүрийн гудамжны хоол амсаж үзэж яваад хордлогонд орж, гол үзэх газар Ангкор Ватын аялалаа цуцлахаа шахав. Азаар нэг их юм бололгүй өнгөрч, ямар ч л байсан үзэж чадсан. Ангкор Ват бол гайхамшигтай гэхээс өөр хэлэх үг олдохооргүй газар байна лээ. ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр бүртгэгдсэн, нийт  162 га талбайг хамарсан эртний хот, сүм хийдийн цогцолбор юм. 12 дугаар зууны үед баригдсан, уран тансаг хийцээрээ Таж махал , Пирамидтай эн зэрэгцэн шагшигддаг. Төв цамхаг нь 213 метрийн өндөртэй, үүн дээр нь гарах гэж 40 минут дараалалд зогсох хэрэг гарна.

 

Ангкор Ватыг бүтэн үзье гэвэл нэг өдөр хүрэлцэхээргүй санагдсан. Миний хувьд яг гол гэсэн үзмэрүүд буюу Хиндү шашны хамгийн том ариун сүм Ангкор ват, мөнхийн инээмсэглэлт Баяон хийд, Бапуон хийд гээд олон байгууламж багтаасан Ангкор Тхом цогцолбор, Холливудын “Булш ухагч-1” кинонд гардаг Та Прохм хийд, мянган жилийн өмнө баригдсан Прасаст Краван хийдийг үзэж, толгод дээрээс нар жаргахыг харснаар өдрийн аялал өндөрлөсөн. Хиндү шашны эртний бурхадын дүрийг мөнхөлсөн дэлхий дээрхи хамгийн том энэ шашны байгууламжийг барихын тулд 300,000 ажилчин, 6000 гаруй заан ажиллаж, Пном Кулэн хэмээх ариун уулын чулууг хулс модон салаар зөөн авчирч байсан гэдэг. Элсэн чулуунуудаар барьсан аварга том сүм хийдүүдээр аялж явахад нэн эртний тэс өмнөө ертөнцөд оччихсон юм шиг сонин мэдрэмж төрдөг юм байна билээ. Үнэхээр л явах гээд мэдээлэл хайж байхдаа хаа нэгтээгээс уншсан Ангкор ватын гаднах хэрмээр ороод төв хаалга хүрдэг, дараа нь доторхи хашаанаас Вишну бурхны төв цамхаг хүрэх орон зайн шийдэл нь Хиндү шашны утга санааныхаа хувьд ертөнц анхлан бий болсон эрт балар үед очиж байгаатай адил гэсэнтэй санал нийлсэн.

Та Прохм хийдийн ханан дээр сийлсэн Буддагийн дүр зөвхөн хүрээ нь үлдээд л ор мөргүй баларсан, ханан дээрхи диваажингийн дагинасын сийлбэрүүд эвдэгдсэн гэх мэт мянган жилийн түүхэн хугацаанд эвдэгдэн, тоногдсон зүйл ч цөөнгүй харагдана. Та Прохм хийдэд байх Хааны ээжийн өндөр цамхаг ханаараа нэлэнхүйдээ нүхтэй, нүх болгонд нь алт, эрдэнэс хийж хадгалдаг, дотор нь ороход түмэн зүйлийн эрдэнийн өнгөөр солонгордог байсан гэх зэргээр нэг байгууламж бүр учир утгатай, яриад дуусашгүй сонирхолтой түүх домогтой юм байна билээ. Аялалаас ирснийхээ дараа амьдралдаа ядаж ганц удаа заавал очиж үзэх ёстой дэлхийн гайхамшигт 39 газрын жагсаалтад Ангкор Ват байхыг хараад ийшээ ирнэ гэж шийдсэндээ улам их баярласан шүү.

Энд Камбож улсаар аялсан аялал минь өндөрлөсөн юм. Ангкор Ват хэмээх өнө эртний гайхамшгийг үзэн тэс өөр ертөнцөд уусахын хажуугаар түүхэндээ ч, одоо ч их зовлон үзэж яваа ард түмний аж байдлыг харж, хүмүүсийнх нь хүсэл мөрөөдлийг сонсож суух сонирхолтой байсан.


Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100