БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /МАГИСТР, ДОКТОР/
02-27-2017 11:34
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ, ТУСГАЙ ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2017
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 213 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.
Мэргэжлийн чиглэл: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлаг, байгаль орчин ногоон хөгжил,эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, худалдаа эдийн засаг, хууль болон хятад хэл судлал;
Нэг. Тавигдах шаардлага
- Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны;
- Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.csc.edu.cn/studyinchina, www.campuschina.org) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй болно.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
1. Бүрэн зөв бөглөсөн анкет /татаж авах/
2. www.csc.edu.cn/studyinchina холбоосоор орж Бүрэн зөв бөгөлсөн цахим анкет
3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
5. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
6. Англи, хятад хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2015 оны 9 сараас хойш өгсөн байх/
7. БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
8. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Монгол хэл дээр мөн хятад болон англи хэлний аль нэгийг сонгож бичих, 500-аас цөөнгүй үгтэй байх);
9. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай. Урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана)
Гурав. Бүртгэл
Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд, 13-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байрны 324 тоот өрөөнд явагдана.
Бүртгүүлэхдээ дээр дурдсан баримт бичиг тус бүрийг 2 хувь бүрдүүлнэ. (Нэг хувь нь хуулбар байж болно)
Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.
Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.
Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.
Ярилцлагыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулна.
Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.
Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.
Тав. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургуулд тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ.
Магистр, докторын шалгаруулалтад тэнцсэн иргэн:
2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ)
Бүрдүүлсэн баримт бичгийг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд баримт бичиг хүлээн авсан цагтаа шалгуулж, хураалгана.
Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266448 утсаар лавлана уу.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Гаргагч:С.Бүрэнбаяр |
Эх сурвалж:БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо