CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Өвлөөс дайжиж Өмнөд Азиар аялсан тэмдэглэл-2

02-22-2017 13:41

 Тайланд
Лаос улсаар 6 хоног аялж, нийслэл Вьентъян хотоос нь Тайландын хойд хэсгийн хот Чанмайд ирлээ. Тайланд улс арал, далайн эргийн амралтын газруудаараа алдартай ч миний хувьд энэ удаад алгасахаар шийдсэн.  Чанмай хот нь 2020 оны Дэлхийн Экспог зохион байгуулахаар Тайландаас гурван хот нэр дэвшүүлж байсны нэг нь, дэлхийн аялагчдын хамгийн том сайт “TripAdvisor”-ын “Дэлхийн шилдэг аялал жуулчлалын газар” жагсаалтын 24 дүгээрт орж байсан гэхээр үнэхээр л заавал очих газар байгаа биз. Түүнчлэн Ла Нагийн хаант улсын үед нийслэл нь байсан эртний түүхтэй хот.
Энд цагаа жаахан буруу тооцоолоод шөнө дунд ирчихсэн. Мөн л бусад хотын адил сүм хийд ихтэй. Түүхийн музейг нь үзэж, Ла На-гийн архитектурын музей, урлаг, фото зургийн төвөөр нь зочилсон. Гайхамшигтай уран хийцтэй сүм хийдүүдийг нь сонирхож явтал нэг цоожтой хаалганы цаана хүн яриад байхаар нь тогшиж байгаад ороод явчихав. Тэр сүм дотор дөрвөн төрлийн дүр байдлаар хувирч чаддаг буддагийн алтан баримал байдаг аж. Нарны гэрэлд нүд нь амирлангуйгаар аниатай, цонхыг хааж харанхуй болгохоор нүд нь алмаз шиг гэрэлтээд, ахин онгойлгохоор нүд нь хагас анигдаж, хаахаар нулимс урсаж байгаа мэт үзэгдлээ. Тайлбарлагч лам нь Тайланд хэлээрээ яриад байсан болохоор юу ч ойлгоогүй ч хамт орсон тайланд охид намайг ямар ч байсан их азтай байна гэж ойлгуулав.

 

Ингээд орой нь “Night safari” үзлээ. Олон буга замаар бэлчиж, зочдын гараас өвс ургамал, банана хэнэггүй аваад идэх юм. Буга согоо, чоно, арслан, бар, бүр хоёр бөхтэй  тэмээ хүртэл байна.

  

Маргааш нь аяллын компаниудаас нэг өдрийн хөтөлбөрт хамрагдаж, зааны ялгадасаар цаас хийдэг үйлдвэр, цахирмаа цэцгээр гоёл чимэглэл үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй танилцсан.

 

  

Зааны ялгадасаар цаас хийдэг үйлдвэрт морины хомоолыг түүхий эд болгон тавьсан байсан нь сонирхол татлаа. Бас боловсруулаад цаас хийх боломжтой гэнэ.

 

 

Чианмайд ирсэн хүн бүр заан унахаас эхлээд  усанд оруулах, зааны тугал сургах зэрэг янз бүрийн хөтөлбөрт хамрагдаж, хошуугаараа зураг зурдаг, дугуй жийдэг, бүжиглэдэг, бүр хүнийг үнсдэг өхөөрдөм ухаалаг зааны үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Үзүүлбэрийн дараа заанууд хошуугаараа малгай бариад гарын мөнгө авах гэж ирж байгаа нь хүртэл хөөрхөн.

 

Мөн Мъянмар улсаас дүрвэгсдэд зориулж Тайландын засгийн газраас барьж өгсөн “Long necked Karen” буюу олон цагариг зүүж, хүзүүгээ сунгадаг сонин гоёлтой Мъянмарчуудын тосгонд зочилж болно. Энэ нутгийн эмэгтэй хүн бүр багаасаа хүзүүндээ алтадмал төмөр цагариг зүүж, нэг нэгээр нэмсээр байгаад өсөхийн цагт анааш шиг урт хүзүүтэй болдог. Эрт цагт Мъянмарт бар ихтэй, бар хүнд халдахдаа хүзүүнээс нь эхэлдэг учраас хамгаалалтын зориулалтаар уг цагаригийг зүүдэг байж. Харин яваандаа гоёл болж хувирсан гэнэ. Энэ тосгонд эмэгтэйчүүд торго нэхэж, гар урлалын зүйлс хийн жуулчдад худалдаалдаг юм байна.

Адал явдалд дуртай аялагчдад Чианмай бол жаргалын орон. Ширэнгэн ойн аялал, төрөл бүрийн экстрийм спортын хөтөлбөрүүд гээд хийж үзэх сонирхолтой зүйлс үнэхээр их. Нэг өдрийн завгүй, сонирхолтой аялалын дараа нутгийн уламжлалт хулс модон салаар голоор зугаалсан нь тааламжтай сайхан амралт болсон.

Чианмай бараг унтдаггүй хот гэж хэлж болно. Хотын төвд машины клубийнхний цугларалт болохоос эхлээд дэлхийг тойрон гудамжинд тоглолтоо сонирхуулж яваа хамтлагийн тоглолтыг үзэх, найт маркет, Хятад хороолол орж элдэв зүйлс сонирхож, өвөрмөц сонин зүйлс амсаж үзэх гээд цаг оройтсон ч унтах гэж яарах хэрэггүй байлаа. Маргааш нь хотоос зайдуу газрууд үзэх аялалд гарсан. 300 гаруй төрлийн шувууд, 2000 гаруй төрлийн ургамал цэцэгстэй өндөр уулс, гол горхи цогцолсон Сутеп байгалийн цогцолборт газарт 306 алхам шаттай, Тайландын дунд сургуульд домгийг нь заадаг ариун сүм Ват Фра Дад Дой, Буббинг ордон буюу хааны гэр бүлийн өвлийн ордон оршдог уулнаас Чианмай хотыг бүхэлд нь тольдох боломжтой.

  

Түүнчлэн алдарт Бан Мон Дой Пуй тосгонд очиж, уулын омгийнхон буюу Хмон үндэстний аж байдалтай танилцаж болно. Энэ үндэстэн нь Вьетнамын дайны үед Лаосоос дүрвэж Тайландад суурьшиж, одоог хүртэл өөрийн уламжлалт амьдралын хэв маягийг хадгалсаар иржээ. Хмон үндэстнүүд суурингаар нь зочилсон жуулчдад гар урлалын бүтээгдэхүүнээ худалдаалж амьдардаг байна. Уламжлалт сүрлэн байшиндаа аж байдлынхаа онцлогийг танилцуулсан музейтэй. Эндээс гар аргаар хийсэн маалингын даавуун үндэсний хувцас, мөнгө болон чулуун гоёл, эрчүүдийнх нь ан хийхдээ хэрэглэдэг нум сум, багаж зэвсэг, өөрсдийн гараар хийдэг уламжлалт хөгжмийн зэмсэг зэргийг харах боломжтой.

 

Ват У-Монг сүм нь “Галзуу лам”-д зориулан баригдсан гэгддэг. Сүмийн барилга нь хэд хэдэн хонгилуудаас бүрдсэн өвөрмөц загвартай. Хашаанд нь Мъянмар хэв маягийн том гол суварга, эвдэгдэн тоногдсон бурхан шашны баримлууд байх нь сонин. Хиймэл нууранд нь төрөл бүрийн загас, том том яст мэлхийнүүд хөвж явна. Үнэхээр өвөрмөц сүм.

Чианмайгийн бас нэг гайхалтай байгалийн тогтоц бол Grand Canyon. Нууран дундаас урган гарсан өндөр өндөр хавцлаас ус руу үсэрч, сэлж, хулсан завиар хөвж, эсвэл зүгээр л эрэг хавцал дээр нь тухлангаа гоё газар гоё зураг авахуулсан ч болно.

Чианмайд би гурав хоносон, ахиад ч үзэх юм зөндөө үлдсэн.  Дараа дахиж ирнэ гэсэн амлалттайгаар Пай хот руу хөдөллөө.

Тайланд, Пай хот

Пай хот нь Чианмайгаас 140 гаруй км зайтай,  Мъянмарын хил дээр орших үзэсгэлэнтэй жижигхэн хот. Энд оройтож ирсэн учраас ирээд шууд walking street руу нь зүглэв. Жинхэнэ үүргэвчтэй аялагчдын хотхон болсон газар байна. Тайландын хиппи хотхон гэдгээрээ алдартай энэ газар хэд алхаад л хиппи нартай тааралдана. Тэд гудамжинд гар урлалын зүйлсээ худалдаалж, жуулчдын үсийг сүлжиж, шивээс хийж, хөл нүцгэн явцгаана. Бас л өвөрмөц, өөр мэдрэмж шүү.

Пай хотын бүхий л зүйлсийг романтик, өхөөрдөм байдлаар засаж тохижуулсан байдаг.  Зөвхөн зочид буудлууд, зоогийн газруудын засал чимэглэл ч биш хотыг бүтнээр нь харах Юн Лай өндөрлөг нь хүртэл хайртай хосууд зүрхэн дээр нэрээ бичиж зүүдэг хайрын модтой, дүүргийн захиргааны газар нь эгээ л хосуудын бал сараа өнгөрүүлдэг буйдхан буудал шиг, тэр ч байтугай цагдаагийн газрын хаяг нь хүртэл улаан зүрхэн дээр бичээстэй. 2004 онд энд “Захиа” хэмээх Тайландын алдарт хайр дурлалын киноны зураг авалтыг хийж байсан юм байна. Кино дэлгэцэнд гарснаас хойш Пай хайрын хот болон алдаршжээ.

 

Пай тосгонд аялагчдын хийх дуртай нэг зүйл нь мотоцикл түрээслээд уулын замаар зугаалах. Мотоцикл түрээслэгчид анх удаа унаж байгаа надад түрээслүүлэхээс татгалзсангүй, бяцхан сургуулилт хийлгээд л мотоциклоо өгөөд явуулчихаар нь бага зэрэг гайхсан ч энд бол хэвийн зүйл гэнэ. Гэхдээ зочид буудалд танилцсан англи охин бас л над шиг анх удаа унаж байгаад хөлөө гэмтээсэн байсан. Тиймээс энэ тал дээр болгоомж илүүдэхгүй гэдгийг сайн санаж явсан. Унаатай болсон хүн хотоос 6 км-ийн зайд байх Ват Нам Хоо хийдийг зорив. Өмнө нь очиж байсан сүм, хийдүүдийн адил уран нарийн хийцтэй, бяцхан цөөрөм дээр хааныхаа хүндэтгэлд зориулсан гонхтой, цөөрөмд нь нугас хөвсөн, гол сүмд нь алдарт Ариун Буддаг залсан тийм л сүм байлаа. Сүмийн хашаанд маш олон тахианы сийлбэр байрлуулсан нь сонирхол татав.

 

 

Ингээд цааш Юн Лай өндөрлөгийг зорих замдаа Хятад тосгоноор зочиллоо. Энэ нь цагаан хэрэмийг жижигрүүлэн дуурайлгаж барьсан, хятад хоолны газар, худалдааны гудамж, хятад дунд сургуультай бяцхан хороолол юм.

 

Ингээд Пай хавцлаас нар жаргахыг харахаар явлаа. Пай хавцал нь 30-50 метрийн өргөнтэй маш нарийн, эгц өндөр элсэрхэг хавцлууд юм. Бяцхан айдас мэдэрч, өндөр уул, өргөн хөндий, гайхамшигт байгальд нар жаргахыг харах үгээр хэлшгүй сайхан мэдрэмж байсан.

 

Уулын хот Пайд уугуул уулын омгийнхны амьдардаг хотхонуудаар зочилж, үзэсгэлэнт хүрхрээ, халуун рашаанд орж, урт удаан аялалын дараа амрахад тохиромжтой хот санагдаж байлаа. Хэдийгээр хоёрхон өдөр болсон ч энэ бяцхан хотод том хотын завгүй хэмнэлийг мартаж, амар амгалан мэдрэмжийг чинээнд нь тултал мэдэрч чадсан.

Бангкок

Уулын жижиг хотоос улсын нийслэлийг зорьсон маань огцом шилжилт боллоо. Ирэнгүүт эхний хэдэн цагийг төөрөхөд зарцуулав. Хотын төвд ирсэн би Хятад хороололд захиалсан буудлаа олох гэж будилж явсан нь тэр. Хэрэндээ нийтийн тээврээр нь явчихъя гэж бодсон ч хичнээн хүнээс асуугаад амжилт олсонгүй таксигаар нэг юм буудалдаа хүргүүлэв. Бангкокийн Хятад хороолол Азийн хамгийн том Хятад хороолол гэсэндээ үнэндээ л бум бужигнасан газар байлаа.
Бангкокт ирсэн хүн бүр Хааны ордонг үзэх ёстой гэдэг. Тиймээс аялалаа Хааны ордноос эхэллээ. Цахим мап ашиглан хамгийн ойрын завины зогсоолоос завинд суугаад Хааны ордонд очлоо. Үүдэн дээрхи уртаас урт цувааны ард 40 орчим минут зогссоны эцэст тасалбараа авсан. 1782 онд баригдсан, 218000 метр квадрат талбайтай тансаг ордонд нийт 35 орд өргөө байсан ч нээлттэй үзүүлдэг нь маш цөөхөн.

 

Гол үзмэр нь Хааны сүмийн Маргад эрдэнийн Будда. Уран нарийн хийцтэй энэ бурхан Тайланд сүсэгтнүүдийн хамгийн ихээр сүслэн шүтдэг шүтээн юм. 1434 онд буюу хамгийн анх Тайландын хойд цэг Чианрайгаас олдсон суварганы маргад эрдэнээр сийлсэн гэдэг. Тухайн үед Будда онц гойд зүйлгүй жирийн нэг шавар бурхан байсан ч дараа нь түүний хамрын хэсгээс унасан шаварны цаана маргад эрдэнэ байхыг олж илрүүлсэн байдаг юм.
Хааны сүм нь Буддын сүм хийдийн сонгодог жишээ болсон уран нарийн хийцтэй. Зөвхөн хааны л хувийн сүм бөгөөд лам нар шавилан суудаггүйгээрээ онцлог.

Тэр өдөр цаг агаар их халуун байсан, бас хэдэн зуун жуулчдын дунд шахцалдан жаахан тухгүй байсан ч сэрүүхэн, сэлүүхэн Хатан хааны музейд ороод таагүй мэдрэмжээ дор нь л мартав. Тайландын уламжлалт нэхмэл, оёдлыг танилцуулах зорилгоор байгуулагдсан энэ музейгээс уран хийцтэй үндэсний хувцас, манайхны цам бүжигтэй төстэй бүжгийн гоёмсог хувцас хэрэглэл, хатан хааны хэрэглэж байсан оёдол, нэхмэлийн бүтээгдэхүүнүүдийн дээжисийг харж болно. Төрөл бүрийн хээ хуартай тансаг торгыг эрдэнийн чулуу, алтан утсаар чимэглэн урласан нүд гялбам хувцас хэрэглэлүүд нь яг л сүм хийд шигээ уран нарийн, тансаг санагдсан. Энэ бүхнээс Тайландчууд алт эрдэнээр чимэглэсэн, тансаг хийцтэй эд зүйлсийг дээдэлдэг нь харагдаж байлаа. Музейд зураг авахыг зөвшөөрдөггүй юм байна билээ.
Ингээд дараа нь Хааны ордны тасалбарын үнэд багтсан байдаг Ананта Самагон Хаан ширээний танхимыг зорилоо. Ананта Самагон хаан ширээний танхим нь 1915 онд Италиас тусгайлан захиж авчруулсан эрдэнэсээр чимэглэж,  Сэргэн мандлын үеийн загвараар барьсан сүрлэг танхим байлаа. Цаашлаад цох хорхойн далавчны гоёмсог өнгүүдээр чимэглэсэн “Цох хорхойн далавчит өрөө”, үе үеийн хаадын сүрлэг хаан ширээ, Хааны усан онгоцууд, уран нарийн сийлбэр, ханын зургуудаар чимэглэсэн танхимууд гээд үнэхээр л нүд гялбаж, ам ангайсаар байгаад л гарч ирсэн. Сануулахад тасалбар дээрээ 17 цаг хүртэл нээлттэй гэсэн байсан ч 15:30 цаг гээд хаалгаа барьчихдаг юм байна билээ. Тэгэхээр эрт очих хэрэгтэй. Харин аажуу уужуу явж байгаа хүний хувьд  долоо хоногийн дотор хүссэн үедээ очоод үзчихэж болно.

 

Азийн Венец гэгддэг Бангкокт хэд хэдэн Floating market буюу усан дээрхи худалдааны төв бий. Завиар усан дээрхи суурин дундуур явж, завин дээрээс төрөл бүрийн зүйлс сонирхож явах их сонирхолтой. Миний очсон Ват Сай хөвөгч зах л гэхэд Хо лонг цамхаг, мөн л гоёмсог сүм хийдүүд, могойтой үзүүлбэр гээд үзэх харах юм ч их байлаа. Бангкок их халуун байснаас болсон уу утасны цэнэг их хурдан дуусаад байсан. Хөвөгч захаар аялах үед аанай л цэнэггүй болсон учраас зураг авч чадаагүйдээ харамсал тээн гарч ирсэн дээ. 

Бангкокт хоёр өдрийг ийн өнгөрүүлснээр аялал жуулчлалын төв болсон Тайланд улсаар аялсан аялал минь төгсөж, Камбож улс руу хөдөлсөн юм.


Н.Батчимэг

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100