CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын утга зохиолын алтан үе...

01-16-2017 15:25

                                                                                     

  Дундад зуун нь Хятадын утга зохиол, уран зургийн “алтан үе” гэгддэг. Хятад оронд утга зохиол эрт үеэс ач холбогдолынхоо хувьд хосгүй байр суурь эзэлж ирсэн юм. Тухайлбал улсын шалгалтаар утга зохиолын авьяас билгээ харуулж чадсан хүүхэд эзэнт улсын төрийн дээд албанд өрсөлдөх эрхийг олж авдаг байжээ. Хятадын сонгодог утга зохиолд яруу найраг гол байр эзэлдэг бөгөөд уянгын яруу найраг түүний үндсийг бүрдүүлдэг байв. Уянгын яруу найргийн мөн чанар нь хүний мэдрэмжийг илэрхийлэхэд оршино гэж Хятад хүмүүс үздэг аж. Хятад яруу найргийн түүхэнд гарсан томоохон үзэгдэл нь урьд нь ноёлож байсан дөрвөн үгт шүлгийн оронд таван үгт шүлэг (фу) гарч ирсэн явдал байлаа. Түүний тав дахь тэмдэг нь яруу найргийн хэлийг ярианы хэл, ардын дуунд ойртуулж өгсөн байна. Энэ чиглэлийн яруу найргийн “алтан үе” нь Кун Жун (153-208), Цао Чжи (192-232) нараас эхэлжээ. “Хулсан төгөлийн долоон мэргэн” хэмээх найз долоон зохиолч Таван үгт шүлгийн хөгжлийн дараачийн алхмыг хийсэн гэгддэг. Тодруулбал тэд Хятадад мэргэжлийн яруу найргийн эхлэлийг тавьсан юм. IV зуунд даосын философийн сэдвээр бичиж, язгууртан сурвалжитнуудын дунд моод болсон “Нууц хэллэгийн яруу найраг” ноёрхож байжээ. Түүний эсрэг чиглэл нь тус орны өмнөд нутагт сууж байсан Хятадын үндэсний их яруу найрагч Тао Юань Миний (365-427) уран бүтээлүүд юм. V зуунд өмнөдийн яруу найрагч Се Линьюнь (385-433), Се Тяо (464-499) нар байгийн сэдэвтэй яруу найргийг цэцэглэн хөгжүүлж байлаа. III-VI зуунд яруу найргийн зэрэгцээгээр ардын дууны төрөл зүйл хөгжсөөр байлаа. Тэдгээрийн дотроос цэрэг эрсийн дуу нэлээд байсан бөгөөд тэдгээр нь арга барилын хувьд бүдүүн болихдуу, илэрхий шууд шинжтэй байсан ажээ. Түүх, газар зүйн зохиолууд улам бүр шинжлэх ухаанч шинжтэй болж Чэнь Шоугийн (233-297) “Гурван улсын түүх” , Фань Е-гийн (398-445) “Хан улсын хожуу үеийн түүх” , Ли Дао-юанийн “Усны судрын тайлбар” Го Пу-гийн (276-324) “Уул, далайн судрын тайлбар” зэрэг зохиол чухал байр суурь эзэлнэ. 

  Харин Тан улсын үеийг Хятад яруу найргийн “алтан үе” гэж үздэг. Энэ үед хоёр бадагтай тав болон долоон үгтэй шүлэг ихэд дэлгэрчээ. Гарамгай яруу найрагчид нь Ван Вэй, Ли Бо, Ду Фу, Бо Цзюй-и нар байлаа. Тан улсын үеийн агуу их сонгодог зохиолчдын тэргүүн эгнээнд яруу найрагч, алдарт зураач, уран бичээч, хөгжимчин Ван Вэй (699-761) байдаг бөгөөд алтлаг туяатай торгон дээр хийсэн түүний бүтээлүүд зөөлөн дулаан, агаарлаг, намуун тайван байдаг тул түүний шүлгүүд зураг шиг, харин зургууд нь шүлэг шиг гэж магтсан байдаг. Тэрээр Хятад зурагт утга уянгын эрхэмлэг сайхан дүр төрх бүтээн үлдээсэн юм. Ли Бо (701-762) бол уран бүтээлдээ Хятадын ард түмний хамгийн гүн нууцлаг оюун сэтгэлийг илэрхийлж байсан цөөн суутны тоонд ордог билээ.Түүний бичсэн 900 гаруй шүлэг хадгалагдан үлджээ. Ду Фу (712-770) –гийн яруу найраг хүний зовлон жаргалыг хуваалцаж, шудрага бус явдлыг илчлэн шүүмжлэх, зовж зүдэрсэн хүмүүсийн өмнө баян чинээлэг хүмүүсийн хүлээх ичгүүр, өөрийнгөө золиослох шалтгаан сэдэл зэрэг сэдэвтэй холбоотой байдаг. Манай тооллын 770 онд Ду Фу амьдрал ядуугийн дээр бас өвчин давхцсаны улмаас тэнүүчилж явах замдаа 59 насандаа сүүлчийнхээ нэгэн шүлэгт ертөнцийн бүх ядуучуудыг тэнгэрийн муухайгаас аврах асар том оромжны тухай мөрөөдөн бичиж байжээ.VIII зууны хоёрдугаар хагасад Тан улсын үеийн хэдэн их найрагчийн сүүлийнх нь болох Бо Цзюй-и-гийн (772-846) билэг авьяас тодорсон ажээ. Хэрэв түүний өмнөх алдарт найрагчид нийгэмтэй таарахгүй байгаагаа өөрсдийн амь амьдралаар тодорхойлж байсан бол Бо Цзюй төрийн албан тушаалаа ахиулах замд гарч, илчлэн шүүмжилсэн шинжтэй бие даасан үг хэлэх бүрийдээ эрсдэлд орж явжээ. Сонгодог дундад зууны томоохон ололт нь Сун улсын үед джжд цэгтээ хүрсэн “эртний барилтай үргэлжилсэн үгийн зохиол” юм. Түүний онцлог нь бичлэгийн чөлөөт байдал, хувь хүний бодгаль чанарын давамгайлал, бие хүний шинж, тулгамдсан зорилт хоёрын хослол зэрэгт оршиж байв. Үргэлжилсэн үгийн зохиол дахь шинэчлэлийг санаачлаг ч нь улс төрийн шилмэл хэсгийн төлөөлөгч, “Тан улсын шинэ шүүх” , “Таван улсын түүх” зэрэг зохиол бичсэн Оуян Сю (1007-1072) байлаа. Хятадын түүх бичлэгт урьд нь бүхэл бүтэн эрэн үеийн түүхийг өөрийн үзэл бодлынхоо үүднээс бичиж хэн ч чадаагүй байжээ. Оуян Сю анх удаа кунзийн тайлбарлалыг эргэн харахыг зориглосон байна.

  Харин баатарлагын туульс ба роман гарч ирсэн явдал Мин улсын үеийн утга зохиолын амьдралд гарсан гарамгай том үзэгдэл байлаа. Баатарлагын туульс нь ардын болон зохиогчдын бүтээлийн нийлбэр цогцол болж байв. Мин улсын үед жүжгийн зохиол үргэлжлэн хөгжсөөр байв. Тэр үеийн нэрд гасан том жүжгийн зохиолч нь Сюй Вэй (1521-1593) билээ. “Дөрвөн хоолойт сармагчин” нэрээр гасан түүний цуврал зохиол баатар алдарт эмэгтэйд зориулсан “Мулань” хэмээх зохиол юм. XV зууны эцсээс дан ганц өмнөдийн өнгө аясыг баримталсан өмнөд нутгийн театрын жүжгийн их зохиол өсөж дэгжиж байгаа нь ажиглагдах боллоо. Энэ чиглэлийн нэртэй том жүжгийн зохиолчдын нэг Тан Сяньцзу (1550-1616) байсан бөгөөд түүүний бичсэн зохиолуудаас хамгийн алдартай нь “Цээнийн цэцгийн сэхээвч” (1598) хэмээх жүжиг аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100