CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хишиг буян хурайлсан тэмээний баяр боллоо

01-05-2017 16:34

    Монголчууд эртнээс ачлага уналга алсын аян жинд атан тэмээгээ ашиглаж, ингэний хоормогоор идээ ундаагаа зэхэж ирсэн билээ. Тэгвэл  БНХАУ-ын Хөхнуур мужийн Хайш жөүгийн Дулаан шианд шинэ оны эхний хоёр өдөр “Хангай говь” тэмээний соёлын баяр боллоо. Энэхүү баярыг тус шианы Тэнхлэг тосгоны малчин Болд болон Ли Мин нарын өрх айл бие даан зохион байгуулсан бөгөөд ойролцоо нутгийн зуу гаруй тэмээчид оролцсон байна. Гуравдахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадмыг тэмээн сүргийн манлай болсон хүчит буурыг мөнгөн буйлаар буйллах зан үйлээр ёслол төгөлдөр эхлүүлсэн юм.
    Дээд монголчууд эртнээс тэмээг амжиргаа юундаа эрхэлж ирсэн бөгөөд тэмээтэй холбоотой зан ёс үйлийн цөөнгүй соёлтой билээ. Энэ ч утгаараа тэмээ, түүнтэй холбоотой соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү баярыг зохион байгуулсан бөгөөд тус баяраар атан тэмээ болон тайлаг, торомны уралдаан боллоо. Мөн тэмээ ачаалах, эмнэг сургах, бурантаг томох, буйл зорох зэрэг олон сонирхолтой наадам болсон юм. Түүнчлэн энэ үеэр тэмээний уламжлалт эдлэл хэрэгслийг дэлгэн үзүүлсэн нь ч олны анхаарлыг ихээр татсан.
    Баярын үеэр наадамчид гал тахих ёслолд оролцсон бөгөөд галын илч мэт халуун сэтгэлтэй, бүх олноороо халуун дулаан амьдрахын билэгтэй сайхан ерөөл хэлэлцсэн. Ийнхүү галтай, халуун сэтгэлтэй тэмээчдийн маань тэмээний соёлын баяр тэмцээн тус бүрийн ялагчийг тодруулснаар ёслол төгөлдөр өндөрлөсөн.


 Сурвалжлагч: Шүрнээ, Цагаанчимэг нар мэдээлэв

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100