CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Улаанхад нутгийн уламжлалт ороомол гутал

01-03-2017 16:51

     

    Үүлэн хээтэй угалз, өлзий хээ бүхий хатгамал шаглан ороосон өвөрмөц өнгө төрхтэй нэгэн гутлыг Улаанхад нутгийн эрчүүд өнөөгөөс хагас зууны тэртээ өмсөж байжээ. Гэвч түүнээс хойш нийгмийн хөгжил дэвшил, хот суурин тийш нүүх их нүүдлийн нөлөөгөөр энэ төрлийн гутлыг өмссөн хүн харагдахаа больж, урлаж хийдэг хүн ч цөөрсөн байна. Хэдий ийм ч өв соёлдоо хайртай энэ нутгийн уран гартай бүсгүйчүүд уламжлалт энэхүү гар урлалыг өнөөг хүртэл өвлөн авч иржээ.
    Өнөөдөр техник технологийн дэвшлээр аливаа бараа материалыг бөөнөөр нь үйлдвэрлэж хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа ч уламжлалт гар урлал бүхий хувцас гуталд өөрийн гэсэн зах зээл орон зай байна.Тэртусмаа хурим найр аливаа баяр ёслолын үеэр монгол үндэсний уламжлалт хувцсаар олон хүн гоёх болсон. Энэ нь нутаг нутгийн уламжлалт гар урлал, хувцас хэрэглэлийг сэргээн хөгжүүлхэд ихээхэн дэм болж байгаа юм. 
    Уламжлалт ороомол гутлыг цаасаар загвар эсгэсэний дараа нь хээ угалзаа зурж, наах, ороох зэрэг эрэмбэ дараалалаар хийдэг. Эдгээрийг хийхэд мэдээж хэрэг тухайн үйлчний уран сэтгэмж, хөдөлмөр зүтгэл зайлшгүй хэрэгтэй. Зулаг түрүүг боомлох, боомлосон зулаг түрийг гурван тасамтай хавчаарлан нийлүүлэхийг "Найртай наймуул, дүүтэй дөрвүүл, дүү ах хоёул" -ыг одойлой модон дээр тодойлой шувуу оёж сууна гэхчлэн уран үг хэлэлцэн Улаахад нутгийн уран гартай бүсгүйчүүд утас зүү нийлүүлэн шаглан оёдог аж.
    Нэг гутал хоёр зулагтай байдаг. Тэгвэл нэг зулгийг ороомолоор оёход хоёр өдөр зарцуулна. Гутлын улыг наахаас оёж дуусах хүртэл гурваас дөрвөн өдөр болдог аж. Мөн гутлын түрүүг шаглаж оёвол хээ угалзны хэлбэрээс шалтгаалж зургаагаас долоон өдөр зарцуулдаг байна. Түүнчлэн зулаг түрүүгээ боомлоход нэг өдөр, боомлосон зулаг түрийгээ гурван тасамтай хавчаарлаж оёход ихэвчлэн хоёр өдөр болдог гэнэ. Үүний дараа улладаг аж.
    Ингээд та бүхэнд Улаанхад нутгийн бүсгүйчүүдийн уран гар, үйл сэтгэмжээр бий болдог ороомол гутлыг хийх явцаас бэлтгэсэн фото мэдээлэл хүргэе .

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100