CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Хаврын баяр” тоглолт боллоо

12-30-2016 14:44

 Уян налархай охид уран сайхан бүжиж, уянгалаг хөгжим дуутай хоршин эгшиглэх нь хурсан олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Бүжигчин хүүхдүүд Монгол багшийн дэглэлтээр Хятад зохиолыг илэрхийлсэн “Домгийн эхлэл” нэртэй бүжиг бүжиглэж давтагдашгүй өнгө аясыг илэрхийлж байсан юм. Энэ бол “Хаврын баяр” нэртэй шинэ жилийн тоглолтоос буусан дүр зураг.

Монгол, Хятад хоёр улсын боловсрол, соёл урлагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хаврын баяр” нэртэй шинэ жилийн тоглолт боллоо. Энэ сарын 28-нд  Улаанбаатар чуулгын концертийн танхимд болсон уг арга хэмжээг Монгол улсын Хөгжим бүжгийн коллеж, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчид сайдын яам хамтран  зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хөгжим бүжгийн коллежийн 200 гаруй сурагч, Сити дээд сургуулийн 60 орчим оюутан оролцож Хятад үндэсний дуу, бүжиг, хөгжим тоглож хурсан олны сэтгэлийг баясгалаа.Тухайлбал Хятадын уламжлалт 4 чавхдаст  Пипа хөгжмийг анх удаа Монгол хүүхэд тоглож сонирхуулсан юм.

Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Хөгжим Бүжгийн Коллежийн найрал хөгжмийн багш,  Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Р.Ганбаттай ярилцлаа.

Сур: Сайн байна уу? Таньд энэ үдшийн мэнд хүргэе.
Р.Ганбат: Баярлалаа. Хөгжим бүжгийн Коллеж, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-аас манай улсад суугаа Элчид сайдын яамтай олон талаар хамтран ажиллаж байна. Тухайлбал Хятадын уламжлалт Пипа хөгжмийн сургалт зохион байгуулах хүрээнд манай коллежид “Дорнын салхи” нэртэй соёл урлагийн танхим нээж өгсөн. Мөн Хятад үндэсний дуу, хөгжим, бүжиг заах соёлын танхим байгуулаад удаж байна. Энэ ажлын хүрээнд “Миний мэдэх Хятад орон” зургийн уралдаан, Хятад дуу дуулах, Хятад үндэсний хөгжим, Хятад бүжгийн уралдаан болсон. Дээрх олон төрлийн арга хэмжээний үр өгөөжийг илтгэх зорилгоор  “Хаврын баяр” нэртэй шинэ жилийн тоглолт зохион байгуулж байна.

Сур: Монгол хүүхдүүд Хятад үндэсний дуу, хөгжим, бүжиг суралцах нь цаашид ямар ач холбогдолтой вэ?
Р.Ганбат: Хөгжим тоглож, бүжиг бүжиглэж, дуу дуулж сурна гэхээр зүгээр л даган дуурайгаад сурчихдаг зүйл биш. Жишээлбэл тухайн хөгжмийг сурахын тулд гарал үүсэл, хөгжлийн явц, монгол үндэсний хөгжим түүнээс ялгарах онцлог, шинж чанар гээд бүх зүйлийг нь давхар судлах шаардлага гардаг. Үүгээр дамжуулж манай хүүхдүүд дорно дахины соёл урлагийг багаасаа судалж, суралцаж байна гэсэн үг. Улмаар ирээдүйд дорно дахины соёл урлагийг мэргэжлийн түвшинд харьцуулан шинжилдэг судлаач, уран бүтээлч төрөн гарахыг үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн олон талаар үр өгөөжтэй юм.

Сур: Та бүхэн цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
Р.Ганбат: Маш олон зүйл төлөвлөөд байна. Соёл урлагийн арга хэмжээ хийхээс гадна сайн үйлсийн аян зохион байгуулна. Бусдад туслаж сайн зүйл хийх нь ямар их ач холбогдолтой, гайхалтай зүйл болохыг хүүхдүүдэд багаас нь ойлгуулах зорилготой юм.

Сур: Баярлалаа.Таньд амжилт хүсье.
Уян налархай охид уран сайхан бүжиж, уянгалаг хөгжим дуутай хоршин эгшиглэх нь хурсан олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Олны нүдийг булааж, сэтгэлийг эзэмдсэн хоёр бяцхан хөгжимчинг онцлохгүй байхын аргагүй.  Монгол улсын Хөгжим Бүжгийн Коллежийн сурагч Э.Сувд, Б.Сананцэцэн нар Хятадын уламжлалт Пипа хөгжмийг тоглож үзэгч олны сонорыг мялаасан юм. 

 Сур: Та хоёрт баяр хүргэе. Гайхалтай сайхан хөгжимдөж байна. Пипа хөгжмийг сураад хичнээн хугацаа өнгөрөв ?
Э.Сувд, Б.Сананцэцэн:  Баярлалаа. Бид хөгжим тоглож сураад таван жил болж байна. Харин Пипа хөгжмийг 2016 оны есдүгээр сараас эхлэн сурсан. Өвөрмонголоос ирсэн багш бидэнд энэ хөгжмийг заасан юм. Сурч эхлээд хэцүү байсан ч одоо бол сайхан байна. Бид пипа хөгжмийг анх удаа тайзан дээр тоглолоо. Сэтгэл өндөр байна.

Энэ арга хэмжээнд Хөгжим Бүжгийн Коллежийн Үндэсний хөгжмийн их найрал “Тал нутгийн төвөргөөн”,”Сар хөөсөн солонго” нэртэй хөгжим тоглосон бол тус сургуулийн бүжгийн ангийн охид “Дэвүүрт охид” нэртэй бүжиг сонирхуулсан. Энэ мэтчилэн 20 орчим уран бүтээлийг үзэгчдэд зориуллаа.
“Хаврын баяр” нэртэй шинэ жилийн тоглолтын үеэр мөн “Миний мэдэх Хятад орон” зургийн уралдаан, Хятад дуу дуулах, Хятад үндэсний хөгжим, Хятад бүжгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100