Хятадын овгийн соёл
12-20-2016 18:23
Энэ ертөнцөд хүн болж төрсөн хэн бүхэн өөр өөрийн овог нэртэй байдаг. Тэгвэл эртний Хятад оронд овог нэр гэдэг хүнийг бусдаас ялгаж дуудахад зориулсан төдий зүйл биш байжээ. Урт удаан түүхэн хөгжлийн явцад хятад хүний овог Хятадын үндэстнүүдийн эд материалын болон оюуны амьдралын гол холбоосын нэг болж, улс төр, соёл, нийгэм зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Археологийн материалаас үзвэл, Хятад хүмүүс аль эрт сая гаруй жилийн өмнөөс өнөөгийн нутагтаа аж төрөн амьдарч байсан боловч овгийн түүх нь 5000-6000 жилийн өмнөх эхийн эрхт ёсны үеэс үүдэлтэй ажээ. Эхийн эрхт ёсны үеийн нийгэмд эмэгтэйчүүд овог аймгийнхаа үйл хэргийг удирдахын зэрэгцээ бусад овог аймагтай ургийн хэлхээ холбоотой байжээ. Тэр үед овог аймаг дотроо гэр бүл болохыг хатуу хориглодог байв. Бусад овог аймгийнхантай ураг барилдах дүрэмтэй байсан учраас цусан төрлийг тодруулах шаардлагын дагуу, нэг удмынхныг нөгөөгөөс ялгахын тулд овог бий болсон аж.
Манж Чин улсын үеийн эрдэмтэн Гү Янь-Ү судалгаа хийж, Хятадын хамгийн эртний 22 овгийг тодруулсан бөгөөд ихэнх овгийнхон дайн байлдаан гэх мэт түүхэн үйл явцын урсгалд удам угсаагаараа устаж үгүй болсон хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ уламжлагдаж ирсэн овгуудад ч асар их өөрчлөлт гарсан байна. 4000-5000 жилийн өмнө, Хятад хүмүүс эхийн эрхт ёсны нийгмийг туулан өнгөрүүлж, эцгийн эрхт ёсны үед орсон ба нөгөөтэйгүүр овгийн байгууллаас ангит нийгэмд шилжжээ. Энэхүү шилжилтийн үеийн үндсэн онцлогуудын нэг бол овог хоорондын тэмцэл хурцадсанаас болж, ноёрхох, ноёрхуулах тогтолцоо бүрэлдэж, ангит нийгмийн анхны шинж төлөв бий болсон байна. Гавьяа зүтгэл ихтэй нийгмийн бүрэлдэхүүн олноор бий болж, тэдэнд газар нутаг соёрхож байжээ. Мөн гэр бүлийн хүмүүс, харьяат ард болон олзны хүмүүсээ авч шинэ нутагт амьдрах зөвшөөрөл авдаг байв. Ийнхүү салж гарсан өөр өөр овгийн хүмүүс шинэ нутагтай болж, тэрхүү газар нутагтайгаа холбоотой шинэ ялгах тэмдэг бүхий овогтой болжээ.
НТӨ III зуунд Чинь улс Хятадын олон улс аймгийг нэгтгэсний дараа, эхийн эрхт ёсны үеэс үүсэлтэй овог болон эцгийн эрхт ёсны үеэс үүсэлтэй овгууд нэгдэж эхэлжээ. Түүнээс хойш, Хятадын 2000 гаруй жилийн феодалын нийгмийн хөгжлийн явцад төр засгийн халаа солио хэдэн арван удаа явагдаж, тэр бүхэнд шинэ шинэ соёрхол газар бий болж, шинэ соёрхол газар бүрээс шинэ овог үүссэн байна. Тиймээс овог гэдэг ангийн статусын бэлэг тэмдэг болж, овог нэрээр гол болгосон өвөрмөц соёл үүсэн бүрэлдэж үе улиран уламжлагдаж ирсэн байна. Өвөг дээдсээ хүндэтгэх, овог аймгаа таньж мэдэх гэсэн үзэл бодол тэрхүү бүхэл цогцын гол чөмөг юм.
Өнөөдрийг хүртэл гадаадад суугаа хятадууд, Хятадын эх газарт ирж удам угсаагаа хайж танилцах уламжлалаа хадгалсаар байна. Сүүлийн жилүүдэд Хятадын овог нэрийн соёл эртний түүхийн онцгой бүтээгдэхүүний хувьд Хятадын үндэстнүүдийн өнө эртний түүхийг шинэ өнцгөөс судлах асар том оюуны сан болсон юм. Жишээлбэл овог аймгийн үүсэл, хагарал бутрал, нэгдлээс эрт дээр үеийн өөр өөр нийгмийн халаа солионы онцлогийн тухай ойлголтоо гүнзгийрүүлж болох юм. Бас овгийн хэлхээ, угийн бичиг, гэрийн түүх, удмын хэлхээ зэрэг бодит эх сурвалжийн талаас эртний нийгмийн хөгжил, нийгмийн амьдралын явц дахь цусан төрлийн хэлхээ холбооны үзүүлсэн үүргийг тайлбарлаж болох юм.
Ерөнхийд нь авч хэлбэл Хятадын эртний нийгмийн олон онцлог шинж тухайлбал ноёрхлын тогтолцоо, гэр овгийн хэлбэрийн нийгмийн бүтэц, эзэнд шударга, эцэг эхэд элбэрэлтэй байхаар гол болгосон ёс зүйн үзэл ойлголт, үйл ажиллагааны жишиг зэрэг нь бүгд овог нэрийн соёлоор бүрэн илэрдэг билээ. Тийм ч учраас судлаачид түүнд маш их анхаарал хандуулдаг юм.
Д.Гүнтөмөр