“Бээжингийн үдэш”-ийг Монгол оюутнууд доргиов
12-19-2016 17:18
Бээжингийн Багшийн их сургуулиас жил тутам зохион явуулдаг томоохон арга хэмжээний нэг нь яах аргагүй “Beijing night” олон улсын оюутнуудын нэгдсэн гала тоглолт байдаг. Олон жил уламжлал болгон зохион байгуулагдсан, энэ хэрээр Бээжин х даяар алдартай уг тоглолт энэ сарын 18-ны өдөр Монгол ардын бүжиг “ Жороон жороо”-гоор хөшгөө нээв. Монгол улсын хөгжил цэцэглэл, монгол хүний бахархал омогшлийг төрүүлэхүйц гайхамшигт бүхнийг дүрсээр харуулах том дэлгэцний өмнө бүжиглэх Монгол оюутнууд энэ үдшийн хамгийн эхний онцгой бэлгийг үзэгчдэд барьж чадсан. Үүний дараа Африкийн загварын шоу, Японы тайко бөмбөр, Малайзын тулааны урлаг, Солонгосын К-поп, Самоа арлын хула бүжиг гээд орон орны авьяаслаг оюутнуудын тоглолт үргэлжилж, үзэгчдийг олон улсын, олон үндэстний урлаг соёлын ертөнцөд аялуулав. Нүд сэтгэлийг урлагийн их тайзнаа уяж чадсан “Бээжингийн үдэш”-ээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан У.Одонтунгалагийн “Melody” ая , Англи Хятад хэлээр хослох Г.Бат-Эрдэнэ, Б.Төрзаяа мөн Г.Туяагийн гоцлол дуу бусдаас эрхгүй ялгарч, танхим дүүрэн орон орны үзэгчид Монгол авьяас, Монгол хүнээр бахархсан. Монгол авьяастнуудын үзүүлбэр үүгээр дууссангүй. Тэд олон улсын оюутнуудтай хамтран хип хоп бүжиглэж, “We are the world” дуугаар даян дэлхийн эв нэгдлийг тунхаглан тоглолтыг өндөрлүүлсэн. Монголчуудынхаа авьяас чадварыг үзэж, дэмжих гэж ирсэн бусад сургуулийн оюутнууд “Тоглолтын турш улс орноороо, оюутнуудаараа бахархлаа. Эхнээсээ дуустал тэднийхээ дуулахыг, бүжиглэхийг харж, сэтгэл огшив. Энэ мэдрэмж одоо ч үргэлжилж байна “ хэмээн сэтгэл дүүрэн ярилцаж байв. Бусад олон орны оюутан залуус ч энэ үдэш Монголчуудын авьяас чадварыг гайхаж байгаагаа, тэднээр бахархаж буйгаа харамгүй илэрхийлж байсан юм. Үнэхээр Бээжинд хамгийн их монгол оюутантай гэдгээрээ ялгардаг Бээжингийн Багшийн их сургуулийхан өөр нэг тодотголтой боллоо. Монголын хамгийн олон авьяаслаг оюутнууд яах аргагүй энэ сургуульд суралцдаг аж.
Бэлтгэсэн: Н.Батчимэг