CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Ямааны сүүгээр саван хийсэн нь

12-14-2016 11:53

                                                                                                             Б. Бөхөө

Өөхөн тосоор саван хийж болдогийг бид бүгд мэддэг. Би ч гэсэн багадаа химийн хичээл дээр ийм туршилт хийж байснаа сайн санаж байна. Тэгвэл Хо Живей гэх залуу ямааны сүүгээр саван хийжээ.
Хо Живей энэ жил гучин таван нас хүрчээ. Дээд сургуулиа компьютерийн чиглэлээр төгсөөд Бээжинд ажиллаж байгаад нутаг хошуундаа очиж цахилгаан холбоо,хилийн боомтын орон сууцны компанид ажиллаж байсан гэнэ. Энэ бүхний эцэст тэрээр хувийн бизнэс эрхлэхээр шийджээ.
Ер нь хүн эзэмшсэн мэргэжлээрээ бизнес эрхлэх, аливаа ажил төрөл явуулах нь хялбар байдаг. Гэтэл сурсан мэргэжилд ойр биш тэс хөндлөнгийн салбарт бизнес эрхлэх тэр тусмаа шинийг сэдэх нь тийм ч амар ажил биш. Гэвч Хо Живей ямааны сүү ашиглан өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн саван үйлдвэрлэжээ.

Бизнес санаагаа хаанаас олов


Түүний хүүгийн арьс их хуурайшдаг, гар нь байнга л хагарч байдаг учир элдэв эм дом хэрэглэж эмнэлэгт үзүүлдэг ч огт дээрддэггүй байв. Гэтэл Австрали улсад үйлдвэрлэсэн ямааны сүүний найрлагатай саванг хэрэглэсэний дараа хүүгийнх нь өвчин эдгэж, арьс нь хуурайшахаа больжээ. Ингээд түүнд Австрали ямааны сүүгээр саван хийгээд байхад бид яагаад болохгүй вэ? гэсэн бодол төрсөн гэнэ.

Зорьсондоо хүрэх зам


Урдын дундад хошуу ямаа олонтой. Энэ хэрээр сүүний олдоц элбэг. Өнөөдөр ч нутгийн малчид ямааны сүүгээр ааруул, хурууд хийж, өрөм зөөхийг нь хэрэгцээндээ ашиглаж байна. Ийм нөхцөл боломж, түүхий эд  бэлэн байхад би юугаараа дутах вэ? хэмээн бодоод тэрээр туршилтаа эхэлсэн гэв.
Түүнчлэн Хо Живей хүүхдээ эмчлүүлж байх үед байнга арьс нь хуурайшиж, гар нь хагардаг хүмүүс цөөнгүй болохыг мэджээ. Ингээд тэрээр 2014 онд ямааны сүүгээр саван хийх туршилтаа эхлэв. Тэвчээртэй тууштай хүнд амжилт ойрхон гэдэг. Үнэхээр тэрээр тууштай ажилласаны дүнд өөрийн гэсэн нэрийн савангаа гаргаж, компани, үйлдвэртэй болж чаджээ. Мөн савангаа борлуулах арван хэдэн цэгтэй болов.

Ямааны сүүний ид шид...


Ямааны сүү шим тэжээлээр тун өндөр. Тиймээс дэлхий даяар ямааны сүүг сүүний ”ван” хэмээн өргөмжилдөг аж. Ямааны сүү тослог багатай. Энэ хирээр биед шингэцтэй. Хэдий удаан хугацаан хэрэглэсэн ч таргалдаггүй. Мөн ямааны сүүнд хүний эрүүл мэндэд ашигтай витамин, бичил элементүүд их байдаг аж. Тухайлбал хөгшрөлтийг удаашруулах, арьсанд тэжээл өгч, арьсны үхжсэн эд эсийг сэргээх чадвар бүхий элмемент ямааны сүүнд байдаг гэнэ.
Хо Живей ямааны сүүгээр саван хийхийн тулд холбогдох бичиг материалыг судалж, заримыг нь интернэтээс хайж, ойр хавийн малчдаас уламжлалт арга ухаан сонсов. Үүний дараа малчдаас ямааны сүү худалдан авч, жил шахам янз бүрийн аргаар туршиж үзсэний эцэст анхны савангаа үйлдвэрлэв. Гадна төрх өнгө байдал жаахан бааздуу байсныг сайжруулан найз нөхөддөө өгч, хэрэглүүлж үзэв. Тэдний саналыг сонсов. Ингээд эхний удаа 4 литр ямааны сүүгээр 100 грамм жинтэй, 150 ширхэг саван гаргав. Энэ хэмжээний саванг 3-6 цаг орчимд үйлдвэрлээд, харин нэг сар сүүдэр газар хатааж байв. Ингээд тэрээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 1000 орчим ширхэг саван үйлдвэрлэж, олон нийт ч түүний бүтээгдэхүүний талаар багагүй ойлголтой болжээ.

Бүтээгдэхүүнийхээ үр дүнг үзэж урам оров


Түүний хошуунд арьсны үрэвсэлт өвчнөөр олон жил өвдсөн Лю Вы гэх хүн байлаа. Эмнэлэг энэ тэрээр олон жил явсан ч өвчин нь төдий л сайжирсангүй. Гэтэл тэрээр Хо Живейгийн үйлдвэрлэсэн саван арьсны үрэвсэлд сайн нөлөөлж байгаа тухай яриа сонсож, улмаар хэрэглэж үзжээ. Хоёр сар хэртэй ямааны сүүн саванг хэрэглэсний эцэст түүний өвчин нэг мөсөн эдгэрч хэдэн жил шаналсан сэтгэлийн зовиураас салсан аж. Ингэж ямааны сүүн савангийн ашиг тусыг хүмүүс биеэр мэдэрсэн нь олон хүнд үнэгүй реклам болж чадсан төдийгүй түүний бизнесийг хөл дээр зогсоход ихээхэн дэм болжээ. Үүнээс урам авсан Хо Живей энэ оны 7-р сараас эхлэн 200 мянган юаны хөрөнгө оруулалт хийж, савангаа “Хомила” хэмээн нэрлэн бүртгүүлж, нэрийн бүтээгдэхүүнтэй боллоо. Мөн өнгөрсөн 9-р сард өөрийн үйлдвэрээ байгуулжээ. Зар сурталчилгаанд ч багагүй анхаарав. Тун удалгүй Ордос хотын нэгэн аялал жуулчлалын компани түүний савангийн сурталчилгааг  үзэж, улмаар холбоо тогтоожээ. Тэр даруй тус компанид 200 ширхэг саван нийлүүлж, улмаар ирэх жил урьдчилсан захиалга авахаар тогтов.
Үйлдвэр байгуулагдсан энэ хоёр сар гаруйн хугацаанд тэрээр галт уулын чулуулаг, эмийн өвс, бурам, бал зэргийг ашиглан харшлыг эсрэг тэжээлийн саван, арьс цайруулах саван, тослог арьсны гэхчилэн ямааны сүүний найрлага бүхий гурван төрлийн саван үйлдвэрлэв. Өнөөдрийн байдлаар Бээжин, Гуаньдүн, Хөх хот, Бугат, Баяннуур зэрэг аймаг хотуудад нэрийн бараа бүтээгдэхүүний борлуулж, бизнес нь амжилттай байна. Түүний үйлдвэрлэсэн ямааны сүүн саван нь арьсны харшил,үрэвсэл өвчинд тустайгаас гадна Австралид үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнэ ханш хувьд боломжийн байгаа нь хэрэглэгчдийг татах нэг үндэс болжээ. Хо Живей цаашид хөрөнгө мөнгө хийгээд нөхцөл бололцоо бүрдвэл биеийн шингэн саван, үсний шампунь тэргүүтнийг үйлдвэрлэх зорилготой гэлээ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100