Монгол оюутнуудын уйдах завгүй өдрүүд үргэлжилж байна
12-06-2016 17:15
Хятад улсад суралцаж буй монгол оюутны тоогоор Бээжин хот тэргүүлдэг билээ. Тэгвэл энэ хичээлийн жил эхэлснээс хойш Бээжингийн Монгол оюутнуудын дунд олон, олон арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Эдгээрээс хамгийн олон хүн хамарсан, хамгийн шуугиан тарьсан онцлох үйл явдлуудыг энэ удаа онцолж байна.
Мэдээж энэ намрын хамгийн супер аялал “Титан нисдэг таваг” байсан. Нийтдээ 97 оюутан залуус 400 метр буюу 133 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт байрлах дэлхийн хамгийн том шилэн тавцанд хамтдаа гарсан. Гоёмсог байгаль, үл мартагдах өндрөөс орчныг тольдсон, дурсамж дүүрэн энэ өдөр оюутны он жилүүдийн маань хөгжөөнт өдрүүдийн нэг нь яах аргагүй мөн байсан.
Бээжин дэхь монгол оюутнуудын далайн эргийн тасархай, танилцах үдэшлэгийг эргэн сануулья. Номхон далайн эрэг дээр өнгөрүүлсэн үл мартагдах, танилцах энэ үдэшлэгт яг дөчин нэгэн залуус оролцож, нэгэн үл мартагдах дурсамжийг хамтдаа бүтээсэн юм.
Харин одоо дуулах дуртай залуусын дунд зохиогдсон “Cover night” дууны тэмцээнийг онцолж байна. Энэ үдэш 27 дуучин авьяас чадвараа гайхуулж, Бээжингийн 260 гаруй монголчууд нэгэн үдшийг хамтдаа доргиосон.
Дараагийн бас нэг онцлох үйл явдал бол тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Бээжингийн Монгол Оюутны Холбоо болон МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан “Найрсаг Монгол” өдөрлөг юм. Энэ өдөр бид ардын дуу хуурандаа уярч, улс орноороо бахархаж, басхүү цаашид хоёр байгууллага хамтарч Бээжин дэхь монгол оюутан, залуусдаа чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн нь гол амжилт байлаа.
Бээжин дахь монгол оюутан залуусдаа зориулсан энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулагчид бол мэдээж “Бээжингийн Монголын Оюутны Холбоо”-ны шижигнэсэн залуусын нэгдэл. Тэд энэ жил шинэ өнгө төрхтэй болсныг мэдээллийн төгсгөлд дуулгая. Үүндээ ч бас оюутан, залуусынхаа оролцоог эрхэмлэж, логоны уралдаан зарласан. Ингээд уралдаанд ирсэн 12 бүтээлээс “Pride Art Studio”-ын бүтээл олон нийтийн саналаар түрүүлж, Бээжингийн Монголын Оюутны Холбооны цаашдын ажлын гол бэлгэ тэмдэг болохоор болсон юм.
Эцэст нь Бээжингийн Монголын Оюутны Холбооны залуусынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье!
Мэдээллийг бэлтгэсэн:Н.Батчимэг