CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Цаглашгүй хүчийг илэрхийлсэн Чинь Шихуаны бунхан

11-22-2016 17:24

НТӨ 210 онд бүх Хятадыг нэгтгэсэн Чинь улсын анхны эзэн хаан Чинь Шихуан тухайн үеийн Шачюгийн Пинтай хэмээх газар буюу одоогийн Хэбэй мужийн Пинсянд гэнэт таалал төгсчээ. Түүнийг нас бараад 2 сар болсны дараа, алтан шарилыг нь Шянь-Янд аваачиж оршуулсан байна. Оршуулах үед Чинь улсын хоёр дахь хаан Хухай зарлиг буулгаж, ордны бүх охид, бунхан байгуулсан гар урчуудыг Чинь Шихуаны бунханд дагалдуулж оршуулсан гэдэг.

 

 

 

Чинь Шихуан 13 насандаа өөртөө зориулан бунхан байгуулахаар шийдэж, зургаан улсыг мөхөөж нэгтгэснийхээ дараа, газар газраас долоон зуун мянга гаруй гар урчуудыг дайчлан Лишань ууланд бунхан бариулж эхэлсэн ба 50 насандаа таалал төгсөх хүртлээ нийт 37 жил зарцуулсан юм. Чинь Шихуаны бунхан Шааньши мужийн Линьтүн сяниас зүүн тийш 5 км зайтай Яньсай сянд оршдог. Өмнө талаараа Лишань уулыг түшиж, ар талаараа Вэйшүй голд тулсан байдаг бөгөөд агаараас асар том пирамид шиг харагдана.


Чинь Шихуаны бунхныг Чинь улсын нийслэл Шянь-Ян хотын байршил, бүтцийг дуурайлган байгуулжээ. Өндөр шороон довын доор хааны тансаг сайхан орд харш байх ба бунхны хүрээлэнгийн гадар, дотор хоёр тал нь Шянь-Ян хоттой яг ижил юм. Бунхны хүрээлэн болон оршуулгын газрын нийт талбай 66.25 ам дөрвөлжин км буюу одоогийн Ши-Ань хотоос хоёр дахин том.  

 

 

Бунхны хана, таазыг эрдэнийн чулуу, гэрэлт сувдаар чимэглэсэн нь хөх тэнгэр, од мичдийг бэлгэднэ. Түүний доор таван хайрхан, Хятад орны байгаль газар зүйг урлан, механик аргаар мөнгөн ус цутгаж, гол мөрөн далай тэнгист цутгаж буй мэт болгон хөвж буй галуу нугасыг алтаар урласан байдаг. Бунхны дотор халимын тосоор хийсэн “мөнхийн зул” бадрааж бунхны эргэн тойронд морьт цэргийн жагсаалыг дүрсэлсэн олон баримал байрлуулжээ. Бунхны зураг төсөл, түүнд буй алив бүхэн их хааны цаглашгүй их сүр хүчийг илтгэсэн байдаг.

 

 

Чинь Шихуаны бунхныг булгийн доор байгуулж гуулиар бэхэлсэн хэмээн сурвалжид тэмдэглэсэн бөгөөд хожим тоногдохоос сэргийлж дотор нь нум сум онилж, янз бүрийн оньсон сааль тавьсан гэдэг. “Хань улсын бичиг”, “Шүй жин бичиг”-т Чинь Шихуаны бунхныг НТӨ 206 онд Шян Юйгийн цэргүүд эвдсэн хэмээн бичжээ. Умард Вэй улсын Ли Дао-Юан “Шүй жин бичиг”-тээ Шян Юй, Шянь-Янд очиж 300 мянган хүнээр 30 хоногийн турш Чинь Шихуаны бунхны шороог зөөлгөсөн боловч дуусгаж чадаагүй, түүний дараа зүүн хойд нутгийн тонуулчид гуулин авсыг нь авч явсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

 


Ардын дунд уламжлагдсан нэгэн домогт, хожим бас нэг хоньчин алдсан хонио эрж, бунханд бамбар барьж ороод, санамсаргүй гал алдсанаас бунхан шатаж 90 хоног их гал дүрэлзсэн гэдэг. Гэвч Чинь Шихуаныг оршуулснаас 100 жилийн хойно Хятадын их түүхч Сы Мачянь “Түүхийн тэмдэглэл”-дээ Чинь Шихуаны тухай тусгай бүлэг бичсэн ба бунхан эвдэгдсэн тухай юу ч дурдаагүй юм. Харин түүнээс 600 гаруй жилийн дараах Ли Дао-Юань тэр тухай нарийн тэмдэглэсэн нь сэжиг төрүүлж байгаа юм.

 

 

1949 оноос хойш, Хятадын археологичид Чинь Шихуаны бунхныг малтаж шинжилсэн юм. Түмэн морьт цэргийн хөшөө дурсгалыг илрүүлсний дараа судалгааны ажлыг улам эрчимжүүлсэн билээ. Археологичид газар доорх ордны эргэн тойронд 200 гаруй газар малтлага хийж үзээд тонуулчдын нүх ердөө хоёр байсныг олж илрүүлжээ. Түүний нэг нь бунхны зүүн хойд талд, нөгөө нь баруун талд байсан юм. Тонуулчдын нүхний диаметр 90 см, гүн нь 9 метр, бунхны төвөөс 250 метр зайтай байсан бөгөөд бунханд орж чадаагүй ажээ. Бунхны газрын доорх бэхэлсэн хэсэг эвдэгдсэн ор мөргүй, ордны хана туурга бүрэн бүтэн, доторх мөнгөн ус эмх цэгцтэй хэвээр тэгш тархсан зэргээс үзвэл, газар доорх ордон тонуулчдын гарт өртөөгүй гэж дүгнэж болно.

 

 

                                                      Д.Гүнтөмөр

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100