CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дөрвөн хэлний хавсарсан толь бичиг уншигчдын гарт очлоо

11-21-2016 11:24

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ гэж хэлэлцдэг. Тэгвэл дөрвөн хэл бичгийг хавсарган тулгасан нэгэн толь бичиг уншигч олны гар дээр очлоо. Тус хавсармал толь бичгийг үндэсний хэвлэлийн хорооны ахмад багш орчуулагч, БНХАУ-ын Монгол хэл судалгааны гишүүн, Хармөрөн мужийн дүрвэд нутагтай Хандан Зоригт бүтээжээ. Хоёр сая гаруй үсэгтэй “Санскрид Түвд Хятад Монгол хавсарсан толь” бичгийг түгээх ёслолын ажиллагаа өнгөрсөн 18-ны өдөр Бээжин хотын үндэсний хэвлэлийн хороонд боллоо. 
Уг үйл ажиллагаанд БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын Ардын их сургуул, Түвдийн үндэсний их сургууль, Өвөр Монголын их сургууль зэрэг байгууллага нэгжийн 50 гаруй эрдэмтэд оролцож энэхүү орчуулгын толь бичгийн талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Уг ёслолд оролцсон БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн түүх судлаач доктор Чэнгэл хэлэхдээ: Гадаадад Германы эрдэмтэн Шев Санскрид-Монгол толь зохиосон байдаг. Энэтхэгийн Рахвэйд хэмээх хүн бас ийм толь хийсэн. Энэтхэгт ажиллаж байсан Замбажамс гэдэг хүн мөн ийм толь бичиг зохиож байсан. Харин Хятад улсад Санскрид хэлний толь бичиг маш цөөн тоогоор хэвлэгдэж байсан. Зоригтын энэ удаагийн толь бичиг нь үг хэл маш баялаг, тодорхой тайлбартай, ашиглахад хялбар гэж тэрээр онцлож байсан юм.


 Тэрээр хорь шахам жилийн өмнөөс материал цуглуулан Түвд хэл сурч эхэлсэн гэнэ. Улмаар Бээжин хотын Найралт найрамдах сүмийн гэгээн Замянтүвдэн багшын хамт энэхүү тольд орсон шашны холбогдолтой гол нэр томьёог орчуулжээ. Харин монгол эм эмнэлгийн холбогдолтой нэр томьёог “РИО” -гийн олимпийн Хятадын жудо бөхийн багийн эмчээр ажиллаж байсан Шиньжянгийн Илийн нилах шиянаар нутагтай Өргөнсэнгэтэй хамтран найруулсан байна. 2003 онд анх хэвлэлд бэлтгэсэнээс хойш хянах харгалдуулах зэрэг нөр их хөдөлмөр шингэсэн энэхүү ажил ийнхүү өнөөдөр дуусч 4000 хувь хэвлэгдэж, уншигчдын хүртээл болж эхэллээ.

“Санскрид, Түвд, Хятад, Монгол хавсарсан толь” бичгийн ерөнхий найруулагч Хандан Зоригт бидэнд  өгсөн ярилцлагадаа: “Түвд соёлд монгол соёлын нөлөө багагүй байдаг. Тиймээс Түвд соёлд буй монгол соёлоо уудлан авахад дөхөм болгох үүднээс би энэ толь бичгийг зохиосон. Санскрид Түвд хэлнээс гаралтай монгол үг ч олон байна. Тухайлбал: Бурхан, Будда, тарни, судар, галав зэрэг үгнүүд байна. Би багштайгаа хамт анх “Мэргэт гарахын орон”, “Саран гэрэл”-ийг хянян тайлбарлаж байсан. Үүний дараа бие дааж “Түвд, Хятад, Монгол бурхан шашний толь ” бичгийг найруулсан нь миний өнөөдрийн энэ бүтээлийн суурь болсон” гэлээ .

“Санскрид, Түвд, Хятад, Монгол хавсарсан толь” бичгийг хамтран найруулагч Өргөнсэнгэ : “Хадам аав маань олон жил материал цуглуулсан. Нас сүүдэр ная гарсан тул биеийн эрүүл мэндэд нь бид санаа зовж байлаа. Гэвч аав мань энэ толь бичгийг тун урамтайгаар зохиож байсан учраас манай гэрийн хүн бид хоёр түүний энэхүү ажилд чадах ядахаараа туслаж байсан. Өнөөдөр бүтээл гарсан. Үндэсний хэвлэлын хорооны хамт олонд маш их баярлалаа гэдгээ энд дахин илэрхийлье” гэв .

Үндэсний хэвлэлийн хорооны Монгол найруулах тасгийн хариуцлагтан Эрдэнчулуу бидэнд өгсөн ярилцлагандаа : Энэ толийг дөрвөн хэл дээр хэвлэсэн учир компьтерт оруулах ажил амаргүй байсан. Мөн харгалуудлан хянах ажил бас дөрвөн хэл дээр хийгдсэн. Монгол Түвд бурхан шашны судлал, Монгол Түвд эм эмнэлгийн судалгаанд асар их үнэ цэнэтай ном болсон гэж би үзэж байна . Мөн хэвлэлээс гарсны дараа номын борлуулалт ч сайн байна” гэлээ.


Түвд, Хятад хэл бидэнд ойрхон байдаг. Харин Санскрид хэлний талаархи мэдээлэл тэр бүр үгүй. Иймээс тус хэлний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Санскрид хэлийг \ самгарид хэл, жагар хэл, ланц үсэг, эсрон үсэг, тэнгэрийн бичиг\ гэж үздэг байна.

Самгарди хэл эсвэл санскрид хэл, санскрит нь - Энэтхэг-Европын хэлний язгуурын Энэтхэг хэлний бүлэгт багтах хэл, мөхсөн хэлэнд тооцдог боловч 2001 оны Энэтхэгийн статистикийн тоо баримтаас үзэхэд орчин цагийн самгарди хэлийг 14000 гаруй хүн өөрийн төрөлх хэл хэмээжээ . Энэтхэгийн эртний утга зохиолын хэл бөгөөд шашны ном судрын дийлэнхийг санскрит хэлээр туурвисан байдаг. Энэтхэг улсад хэрэглэгдэж буй Энэтхэг-Европын хэлний язгууртай хэлний ихэнх нь санскрит хэлээс гаралтай, түүхийн үйл явцад олон үндэстний хэлийг бий болгосон гэгддэг. Бурханы номыг ланц үсэгээр тэмдэглэсэн байдаг. Бурханы ном Түвдэд дэлгэрэхийг дагалдан Санскрид хэл нь Түвд, Монгол хэлэнд нөлөөлсөн гэж үздэг. Тиймээс энэ хэл дээр бичигдсэн эртний ном судрийг орчуулхад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Үүнийг шийдсэн толь гарын авлага ч өнөөдөр тун цөөхөн байдаг. Тиймээс энэхүү орчуулгын толь бичиг нь цаг үеэ олсон бүтээл гэдгийг олон хүн онцолж байсан юм.

CCTV-ын Монгол сайтын сурвалжлагч : С.Бүрэнбаяр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100