CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Жангар" судлалын төвийг албан ёсоор байгуулав

11-01-2016 11:54

10-р сарын 29-ний өдөр ӨМИС-ийн "Жангар" судлалын 4-р хурал болон "Жангар" судлалын төв байгуулах нээлтийн ёслол ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуульд болов. Хуралд Монгол Улс, Оросын холбооны Бүгд Найрамдах Халимаг, БНТува улс болон Алтайн БНУ, дотоодын их дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов. Нээлтийн ёслолыг ӨМИС-ын орлогч захирал Эрхэмбаяр хөтөлж, төв байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдсэн юм. "Жангар" судлалын төвийн "өрх сөхөх" ёслолд гадаад дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид баярын үг хэлж, бэлэг дурсгалын зүйл гардуулж, мөн Монгол, ОХУ, Франц, Япон зэрэг орнуудын эрдэмтэд баярын цахилгаан ирүүлсэн байна. Хурлын үер "Гадаадын "Жангар"-ын эх хэрэглэгдэхүүний цуглуулга ба судлал" хэмээх БНХАУ-ын Нийгмийн ШУА-ын том төслийг нээх ёслол явагдаж, төслөө цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар хуралд оролцсон эрдэмтэд санал зөвлөгөө өглөө.
ӨМИС-ын "Жангар" судлалын 4-р хуралд гурван орны нийт 28 судлаачид илтгэл тавьж, "Жангар" судлалын судалгааны өнөөгийн байдал, ололт амжилт хийгээд оршиж буй асуудлын эргэн тойронд хэл, утга зохиол, зан үйл, түүх, аман зохиол зэрэг тал талын судалгааны өндөр төвшний өгүүлэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд, Халимаг улсын эрдэмтэн Намжавын Содмон, Алтай улсын эрдэмтэн Екеев Николай Васильевич, Тува улсын эрдэмтэн Кунгаа Маргарита нарын дэвшүүлсэн "Халимагийн "Жангар" судлалын ерөнхий тойм", "Алтайн баатарлаг тууль "Жангар"-ын тухай", "Тува "Жангар"-ын үйл явдлын тухай" зэрэг өгүүлэл судлаачдын анхаарлыг ихэд татсан нь "Жангар" туулийн цараа хүрээг өргөтгөсөн ихээхэн чухал хурал болж чадлаа. Хуралд оролцож өгүүлэл тавьсан залуу эрдэмтэд эрдэмтэн судлаачдаас өндөр үнэлгээ сонссон нь энэхүү хурлын бас нэгэн онцлог байлаа.
"Жангар" судлалын төвийн эрхлэгч, "Жангар" судлаач Д.Таяа цаашид хийх судалгааны ажлынхаа талаар танилцуулахдаа: "Манай төв бол олон улсын эрдэмтэд ирж ажиллаж болох, дэлхийн чанартай, нээлттэй төв болж байна. Бид дэлхийн олон орны эрдэмтдийн хамт дараах чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, улсын гадаадын "Жангар"-ын эх хэрэглэгдэхүүнийг уг эхээр нь хэвлэх. Хоёрдугаарт, олон улсын "Жангар" судлалын бүтээлүүдийг орчуулах буюу цахим хэлбэрт оруулах. Гуравдугаарт, олон улсын "Жангар" судлалын бүтээлийн хэлхээсийг хийх. Дөрөвдүгээрт, олон улсын "Жангар" судлалыг танилцуулсан бүтээл туурвих. Тавдугаарт, "Жангар" судлалд холбогдох материалын цахим хөмрөг байгуулах зэрэг болно. Энэ ажил нь дэлхийн олон орны "Жангар" судлаач, тууль сонирхогчдын дэмжлэгээр бүтэх томоохон ажил байх болно" гэлээ.

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100