“Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэн болж байна
10-31-2016 14:40

Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол
Хөнгөн бийрийг хөших нь юусан бил ээ хэмээх сайхан үг байдаг.
Төрөл бүрийн хэлбэр дүрс, онч мэргэн үг, яруу тансаг шүлэг зохиолыг уран бичлэгээр илэрхийлсэн байгаа нь гайхалтай. Бүсгүй хүний уян налархай бие, хүчтэй салхи шуурга, мяралзан долгиолох ус мэт нууцлаг, дахин давтагдашгүй олон дүрс бичиг үзэсгэлэнгийн танхимд харц булаана. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг -2016” уран бичлэгийн үзэсгэлэн. Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 28-ны өдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол хүн бүр эх орноороо бахархаж, монгол хүн болж төрсөн хувь заяа, өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоороо бахархах ёстой” гэдгийг онцолсон.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, Франц, Халимаг зэрэг 5 улсын 40 гаруй уран бүтээлч оролцож байна. Уран бичлэгийн шилдэг бүтээлийн тэргүүн байрт уран бичээч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээл шалгарсан бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бичээч Үнэнчбаатарын “Монголын нууц товчоо” бүтээл тусгай байрын шагнал хүртсэн юм.

Энэ үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бичээч Үнэнчбаатартай цөөн хором ярилцсан юм.
Таньд баяр хүргэе. Хэдийнээс уран бичлэгээр хичээллэх болов ?
Баярлалаа. Энэ нэр хүндтэй шагналыг хүртсэнд маш их баяртай байна. Би Монгол бичгийг долоон настайдаа сурсан. Харин уран бичлэгээр 1996 оноос хойш идэвхтэй хичээллэж ирсэн. Тэгээд уйгаржин, эртний монгол бичиг зэрэг олон хэлбэрээр бичдэг болсон юм.
“Мөнх тэнгэрийн бичиг -2016” уран бичлэгийн үзэсгэлэнд “Монголын нууц товчоо” бүтээлээрээ шагнал авсан. Энэ бүтээлийнхээ талаар яриач?
Бидний монгол угсаатны хамгийн сайн мэдэх “Монголын нууц товчоо” судрыг бүтээлдээ буулгасан. Би судар маягаар бичиж, хийснээрээ онцлог болсон гэж бодож байна. Хүмүүс миний бүтээлийг их сонирхож байгаа нь сайшаалтай. Надад маш их урам, зориг өглөө.
Та энэ үзэсгэлэнгийн онцлог, үр өгөөжийг хэрхэн харж байна ?
Энэ үзэсгэлэнг сурагч,оюутан залуучууд их сонирхож байгааг анзаарлаа. Тиймээс монгол бичиг соёлыг олон нийтэд таниулах тэр дундаа залуу хойч үедээ уламжлан үлдээх үйлсэд их хувь нэмэртэй гэж үзэж байна. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, Франц, Халимаг гээд олон уран бүтээлч оролцож байгаа нь сайшаалтай. Үүгээр дамжуулж уран бүтээлийн найз нөхөдтэй болох, харилцан суралцах гээд олон сайхан үйл явдал нэгэн зэрэг тохиож байна.
Баярлалаа. Таныг Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээж явах болтугай.
Маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог тус үзэсгэлэн монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тухайлбал уран бүтээлч, багш, сурагч, олон нийт бийрийн эрдэмд шамдан суралцаж, үндэсний бичгээ сэргээн хөгжүүлж байгааг хэлсэн юм. Энэ бол урлаг, уран сайхнаар дамжуулан үндэсний бичгээ дэлгэрүүлж буй зөв арга, сайн жишээ болж чаджээ.
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Ц.Баярсайхан:
Сурвалжлагч: “Мөнх тэнгэрийн бичиг-2016 ” үзэсгэлэнгийн гол ач холбогдол юу болох талаар яриач ?
Ц.Баярсайхан: Энэ сарын 28-ны өдөр Монголын Уран зургийн галерейд нээгдсэн тус үзэсгэлэнг өдгөө 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Биднийг анх үзэсгэлэн гаргаж байх үед каллиграфийн урлаг манай мастер уран бүтээлчдийн түвшинд байсан бол өдгөө энэ хүрээнээс хальж, бийр бэхсийн цэнгэл хэмээгч хүн бүрийн хүртээл, эрдэм болон дэлгэрэх шатандаа нэгэнт оржээ. Үндэсний Монгол бичгийн хэрэглээ жилээс жилд тэлж байгаагийн нэгэн тод илрэл нь энэ үзэсгэлэн болж байна. 2013 онд монгол уран бичлэгийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын ЮНЕСКО –гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн жагсаалтад бүртгэн авч байсан бол монгол уран бичлэгийн энэ үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжлөө.
Энэ үзэсгэлэнг сонирхож яваа ӨМӨЗО-оос Монгол улсад суралцахаар ирсэн Соёлт “Мөнх тэнгэрийн бичиг -2016” нэртэй энэ үзэсгэлэн монгол бичиг соёлоо дээдэлсэн сайхан үзэсгэлэн байна. Яруу тансаг утга, агуулга, хэв загварыг шингээсэн олон төрлийн уран бичлэг сонирхлоо. Тэдгээрийн дундаас ӨМӨЗО-оос оролцож байгаа уран бүтээлч Долгионы “Чингисийн билэг сургаалаас” нэртэй уран бичлэг хамгийн их таалагдлаа.” хэмээн ярилаа. Мөн энэ үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмал ажилтан Р.Отгонбаатар “Монгол бичгийн эвхмэл үсгүүд”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгчдийн нийгэмлэгийн тэргүүлэгч Б.Оргил “Хүсэгч Хүмүүн ивээгч тэнгэр” бүтээлээрээ хүртсэн байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг 2011 оноос монгол бичгээр хөтөлж байна. Тиймээс ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаатай монгол туургатан дэлхийн хаанаас ч танилцах боломжтой юм. Үүний мөрөөр одоо төрийн болон төрийн бус байгууллага монгол бичгээр цахим хуудастай болж, үндэсний бичиг үсэг маань цахим орчин, мэдээллийн ертөнцөд хөл нийлүүлэн хөгжих бололцоотой боллоо.
Мэдээллийг Т. Батчимэг

