CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Аливаа үндэстний дархалаа нь зан үйл гэж эрдэмтэд онцоллоо

10-21-2016 17:00

Монголчуудын зан үйл ямар арга замаар өдий хүртэл уламжлагдаж ирэв. Цаашид олон зууныг дамнан өнөө бидэнд уламжлагдан ирсэн зан үйл, соёлоо хэрхэн даяаршин байгаа дэлхий ертөнцөд хадгалж үлдэх вэ?  зэрэг олон асуултад хариу өгөх зорилго бүхий Монгол зан үйл соёлын олон улсын бага хурал БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр эхэллээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус бага хурлыг  Төвийн үндэстний их сургууль болон Өвөр Монголын багшийн их сургуулиас зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаа “Монгол уламжлалт зан үйл, аман соёл хийгээд үг хэлээ хэрхэн өвлөн хамгаалах, хөгжүүлэх вэ?” гэх сэдвийн дор ярилцахаар Бээжин, Өвөр Монгол, Гансу, Хөхнуур мужийн их дээд сургуулийн эрдэмтэн багш нар мөн Монгол, Япон, Чех зэрэг улсаас энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг багш эрдэмтэн мэргэд иржээ. Ер нь зан үйл, соёл иргэншлийн судалгаа нь Монгол судлалын гол бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Энэ утгаараа гадаад дотоодын эрдэмтэн судлаачид урт хугацааны бэрхшээлийг үл тоон зүтгэж, Монгол үндэстний зан үйл, аман зохиол, соёл иргэншилийн судлалыг чамгүй өндөр түвшинд гаргажээ. Гэвч дэлхий ертөнц улам даяаршиж буй үйл явцыг дагалдан Монгол зан үйл соёлын хамгаалалт, судалгааны ажил өнөөдөр улам чухал болоод байна. Тиймээс ч энэ удаагийн хурал” Монгол уламжлалт зан үйл, аман зохиол хийгээд үг хэлээ хэрхэн хамгаалах, хөгжүүлэх нь “ гол сэдвийн дор өрнөж байна. Хурлын нээлтийн ёслол дээр Өвөр монголын багшийн их сургуулийн биет бус соёлын өв судлах хүрээлэнгийн захирал Оч, Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч профессор Цогт,  Өвөр Монголын багшийн их сургуулийн дэд захирал Зоригт, Монгол улсын соёл урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор С. Дулам зэрэг эрдэмтэн багш нар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Үүний дараа Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний утга зохиол судлах хүрээлэнгийн судлаач Рэнцэндорж болон Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын Мандах профессор нар Монгол зан үйл хийгээд соёл иргэншлийн талаар өөрсдийн судалгааны бүтээл дээр тулгуурлан илтгэл тавьсан юм.

 Хурлын үеэр бид Өвөр Монголын Урлагийн их сургуулийн зочин багш Л. Эрдэнэчимэгтэй товч ярилцлаа.
Тэрээр: Өмнө нь аман зохиолын хуралд ихэвчлэн энэ чиглэлийн судлаачид оролцдог байсан. Тэгвэл энэ удаагийн хурал зан үйл, хөгжимт аман зохиол зэрэг олон салбарын нэгтгэж чадсанаараа онцлог байлаа.. Энэ утгаараа тус хурлаас бид маш их үр дүн хүлээж байна. Яагаад гэвэл эдгээр салбар бүгд бие биенээс хамааралтай байдаг. Би энд нэг жишээ татья. Монгол ардын дууны маш олон боть ном байдаг. Гэвч эдгээр номууд нь голцлон халх аялгуунд тулгуурлан бичигддэг. Зөвхөн үүнээс болж зарим үндэстэн угсаатны аялга мартагдахад хүрч байна. Өнөөдөр Буриад, Хотгойд, Торгууд, Захчин, Мянгад гээд ардын угсаатны маш олон аялгуунууд мартагдаж байна. Уг нь бол үлгэр, ерөөл магтаал зэрэг бүгд аялгуутай байсан. Одоо бараг л ганц Алтайн магтаал аялгуутай байх жишээтэй.
Тухайлбал
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жалганд ургасан зухай улаан
Жаргалтай хатны хацар улаан гэх ертөнцийн гурав аялгуутай байсан. Гэтэл өнөөдөр энэ аялгуу мартагдсан. Ингэж орхигдож, мартагдсан аялгууг сэргээх хойч үедээ үлдээхэд энэ бага хурал маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Бүр тодруулж хэлбэл энэ удаагийн хурал Монголын үндэстний аман зохиолын далай их өв соёлыг нэгтгэж, цаашлаад эрүүлээр хөгжүүлэхэд чухал түлхэц өгч байна. Мөн хурлын үеэр маш олон сонирхолтой шинэ санаа, судалгааг эрдэмтэд гаргаж байна. Тухайлбал Мандах багш 1976 оноос хойш Төвийн Үндэстний их сургуульд аман зохиолын хичээл заах болсон нь хэрхэн үр дүнд хүрсэн талаар ярьсан бол Рэнцэндорж багш монгол тууль доторхи өгүүлэмж нь эртний бөө мөргөлийн тахих шүтэх сэтгэлгээнээс үүдэлтэй гэсэн сонирхолтой асуудлыг дэвшүүллээ. Түүнчлэн Монгол улсаас ирсэн эрдэмтэн багш Дулам туулийн доторхи зан үйлийн өгүүлэмж нь хадны сүг зургийн өгүүлэмжтэй нэн ойролцоо байгаа талаар шинэ санаа дэвшүүлж байна. Ийм олон сонирхолтой шинэ санаа бүхий илтгэлүүд тавигдаж байгаа нь эрдэмтэн судлаачидыг хоорондоо мэдээлэл солилцох шинэ судалгаа гаргаж ирэхэд маш их дэм болно гэдэгт би итгэлтэй байна гээд, хамгийн гол нь аливаа зан үйл тухайн үндэсний оршин тогтнохын баталгаа болж байдаг гэдгийг онцолсон юм.
Энэхүү Монгол зан үйл соёлын олон улсын бага хурал нь хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд гадаад дотоодын монгол зан үйл судлалын ахмад эрдэмтэд, залуу судлаачид монгол зан үйл судлалын хүрээн дэхь олон асуудлаар ярилцаж, илтгэл тавих юм байна.

Д. Чинзориг, С. Өвөртал нар мэдээлэв

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100