CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Сүй, Тан улсын түүхээс

10-09-2016 16:52

581 онд Вэньди хаан Янжянь Сүй улсыг байгуулжээ. Сүй улс бол Хятадын түүхэнд хамгийн богино хугацаанд оршин тогтносон 37 жилийн түүхтэй төр юм. 618 онд Янди хаан Янгуан алагдсанаар Сүй улс мөхжээ. Сүй улсын Вэньди хаан Умард төрийн үеийн 6 зүйлийн түшмэлийн дүрмийг халж, гурван муж зургаан яамны дүрэм хэрэгжүүлэв. Тэрбээр, шинэ хууль баталж, эрүүгийн хуулийг Өмнөд, Умард төрийн үеэс зөөлөн болгожээ. Түүнээс гадна түшмэлийн шалгалтын дүрэм хэрэгжүүлж, сайд түшмэдийг сонгон дэвшүүлэх журмыг өөрчилсөн байна. Сүй улсын хоёрдахь хаан Янди харгис хэрцгийгээрээ зард гарсан хүн байлаа. Тэр дэндүү харгис засаглал явуулж, ард иргэдийн хилэн хорслыг төрүүлжээ. Улмаар харгислалынхаа горыг амсаж Жяндү хэмээх газар дүүжлүүлж үхсэнээр Сүй улсын төр мөхжээ.

Үүний дараа 618 онд Тан улс байгуулагдаж 907 он хүртэл 289 жил оршин тогтносон юм. Түүхчид Тан улсын түүхийг Аньшигийн бослогоор зааглаж эхэн болон сүүл үе гэж хоёр ангилдаг. Тан улс эхэн үедээ сэргэн мандаж, сүүлдээ доройтон буурсан юм. Гаозү хаан Тан улсыг үндэслэн байгуулсан бол Ли Шиминь хаан арван жилийн байлдан дагуулалт хийж бүх Хятадыг нэгтгэжээ. Ли Шиминь хаанчлах хугацаандаа улс орноо бэхжүүлэх талаар хичээн ажиллаж Тан улсыг Хятадын феодалын нийгмийн хөгжлийн оргилд хүргэсэн билээ. Ялангуяа “Жэнь гуаний засаглал”-ын үед улс төр, эдийн засаг, соёлын талаар тухайн үеийн дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн байна. Шюаньзүн хааны үед “Кай юаний мандал” болж, улс гүрэн хүчирхэгжин, ард иргэд чинээлэг амьдарч, амар тайван аж төрөх болов. Гэвч Аньшигийн бослого гарснаар Тан улс уруудах шатандаа оржээ.
 
Сүй, Тан улсын үед гурван муж зургаан яамны дүрэм, түшмэлийн шалгалтын дүрэм, хоёр зүйлийн татварын журам зэрэг хууль тогтоомжийн олон систем буй болсон нь алс хэтийн ач холбогдолтой үйл хэрэг болсон юм. Сүй, Тан улс гадаадад нээлттэй бодлого явуулж дотоод гадаадын эдийн засаг, соёлын солилцоог өргөжүүлжээ. Тан улсын үед уран зохиол ихэд хөгжиж нэн ялангуяа яруу найраг өндөр амжилтанд хүрсэн юм. Тэр үеийн Чэнь Зы-Ан, Либай, Дүфү, Бай Жюй-И, Юаньжэнь, Ли Шан-Ин, Дүмү нар эртний Хятадын хамгийн сод яруу найрагчид билээ. Хань-Юй, Лю Зүн-Юаний сэдсэн эртний бичгийн хөдөлгөөн хожмын хүмүүст гүн гүнзгий нөлөө үзүүлсэн бол Янь Жэньчиний уран бичлэг, Янь Либэнь, Ү Даоз, Ли Сышюнь, Ванвэй нарын уран зураг, “Шидэт сахиулсны бүжиг” зэрэг бүжгээс гадна агуйн урлаг өнөө үед уламжилж ирсэн байна. Шинжлэх ухааны хөгжлийн хувьд Хятадын эртний дөрвөн их нээлтийн хоёрыг нь буюу бараар хэвлэх арга, дарь хийх технологийг тэр үед нээсэн юм.

Тан улсын сүүл үед улс төрийн үймээн, бослого хөдөлгөөн олноор гарч, ихэс дээдэс эрх ашгийн төлөө байнга зөрчилдөн тэмцэх болов. Тариачны хөдөлгөөн олон дахин гарсны эцэст Хуанчаогийн их бослого дэгджээ. Босогчдын удирдагчдын нэг Жүвэнь нэг үе Тан улсад бууж өгсөн боловч хожим хүчирхэгжин өөрийгөө хаанд өргөмжилж, Таван төрийн хамгийн анхны эзэнт төр Умард Лян улсыг байгуулсан юм.

Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100