CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Луу тотемын тухай

10-09-2016 17:02

Хятад хүмүүс өөрсдийгөө “Лууны удам угсаа” хэмээдэг нь эртний домгоос үүдэлтэй. Ардын дунд уламжлагдсан нэгэн домогт, Хуанди Хятадын төв нутгийг нэгтгэхээс өмнө “баавгай” тотемтой байжээ. Харин нэгтгэснийхээ дараа, байлдан дагуулсан аймгуудаа илбэн тохинуулахын тулд, урьдын шүтэж байсан “баавгай” тотемоо орхиж, шинэ тотем шүтэх болжээ. Тэр шинэ тотем нь урьдын “баавгай” тотемын толгой, “Могой” тотемын биеэс бүрдэж байв. Хуанди нас барсны дараа, түүнийг Могойт хэмээх ууланд оршуулсан нь түүний эхийн удам “могой” тотемтой байсныг гэрчилдэг. Чухамдаа “луу” тотем бол Хуандигийн эцэг, эхийн удмын тотемын дүр төрхийн нийлбэр юм. “Луу” гэдэг онцгой дүр төрх бий болсон явдал нь Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүх, олон үндэстэн холилдон уусах үйл явцтай холбоотой ажээ.

Хожим Хятадын үндэстнүүдийн бэлэг тэмдэг болсон лууны дүр төрх олон тотемын дунд илэрч эхэлсэн бөгөөд яваандаа үсэг бичигт тэмдэглэгджээ. Шан улсын үеийн яст мэлхийн хуяг дээр сийлсэн бичигт “луу” хэмээх үг байсан бөгөөд газар доороос олдсон балар эртний үеийн вааран эдлэл дээр лууны зураг сийлсэн байдаг. Археологичид саяхан Ляонин мужийн Фүшинь сяний Чахай дахь эртний тууриас амьд мэт уран дүрсэлсэн лууны зурагтай хоёр ваар илрүүлсэн ба түүний нэг нь нисэж яваа, нөгөө нь цагаригласан луу байжээ. Тэр зурагт лууны хайрсны зураас ч тодорхой харагддаг ажээ.

Хятадын үндэстнүүдийн дээдсийн тотем луу байсан болохоор Хятадын үндэстнүүд өөрсдийнхөө үүсэл гарлыг луутай холбож үзэх болсон билээ. Үүний улмаас луутай холбогдож “тэнгэрийн бошгоор төрсөн” гэсэн домог бий болжээ. Яньдийг Тэн нэртэй бүсгүй тэнгэрийн лууг баясгасны улмаас төрүүлж, Хуандийг Фүбао “алтан гадас”-ыг баясгасны улмаас төрүүлж, Яог Чиндү “улаан луу”-г баясгасны улмаас төрүүлсэн гэж домогт өгүүлдэг. Хятадын үндэстнүүдийн өвөг дээдэс дээд тэнгэрийн луунаас үүсэлтэй гэдэг учир тэдний үр сад өөрсдийгөө лууны удам угсаа гэх болсон юм.

                                         Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100