CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Вэй, Жинь улс, Өмнөд, Умард төр улсын түүхээс

09-21-2016 16:48

Хятад оронд НТ 220-589 оны үед Вэй, Жинь улс оршин тогтножээ. НТ II зууны сүүлээр Зүүн Хань улсын ноёрхол доройтон буурч, чухам тэр үеэс эхлэн Хятад оронд урт удаан хугацааны турш тархай бутархай байдал бий болсон юм. 189-265 онд Вэй, Шү, Ү гурван улс зэрэгцэн оршиж байгаад Баруун Жинь улсын үед нэгдмэл байдалтай болов. Гэвч Баруун Жинь улс 265-316 оныг хүртэл богино хугацаанд оршин тогтнож, түүний дараа тархай бутархай байдал дахин эхлэв. Баруун Жинь улсын хааны угсаа Жяннань газарт 317 онд Зүүн Жинь улсыг байгуулсан нь 420 оныг хүртэл оршин тогтножээ.

Тэр үед Хятадын умард нутаг үндэстэн хоорондын дайнд татагдан орж, олон жижиг улс байгуулагдсаныг түүхэнд “Арван зургаан төр” хэмээн нэрийддэг. Арван зургаан төрийн үед Хятадын өмнөд нутгийн эдийн засаг ихэд хөгжжээ. Баруун болон умард нутгийн үндэстний цөөнх дайны хөлөөс дайжиж ар араасаа дотор газар нүүдэллэн ирж байлаа. Улмаар олон үндэстний их нүүдэл болж өөр хоорондоо холилдон сууснаар бие биедээ уусан нэгдэх үндэс тавигджээ.

Соёлын талаар Шюаньшюе хэмээх гүн ухаан дэлгэрч, буддын болон бомбын шашин өөр хоорондоо тэмцэлдэх явцдаа улам хөгжиж, ноёлогч анги буддын шашныг тэтгэх болов. Жянь-Аний долоон хөвгүүн, Тао Юаньмин зэрэг яруу найрагчдын шүлэг зохиол, Ван Шижи нарын уран бичлэг, Гү Кайжи нарын уран зураг, Дүньхуаний чулуун агуй бол тэр үеийн урлаг соёлын гол төлөөлөл юм. Шинжлэх ухаан технологийн талаар багагүй амжилтад хүрч, Зү Чунжи дотоод харьцлын томьёоны нарийвчилсан хэмжээг долоон оронтой тоонд хүргэжээ. Жя Сысе дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны түүхийн суут бүтээл болсон “Чиминь яошү” бичгээ туурвив.

420-589 онд Өмнөд, Умард төр тогтов. Умард төрийн үед Умард Вэй улс бутарч Зүүн, Баруун Вэй хэмээх хоёр улс болон хуваагджээ. Удалгүй Зүүн Вэй улсын оронд Умард Чи улс байгуулагдав. Баруун Вэй улсын оронд Умард Жөү улс байгуулагдаж Умард Жөү улс Умард Чи улсыг мөхөөжээ. Өмнөд төрийн үед Сүн, Чи, Лян, Чэнь хэмээх дөрвөн улс зэрэгцэн оршиж байлаа. Өмнөд, Умард төрийн үед эдийн засгийн хувьд Өмнөд нь давуу байжээ. Учир нь Хятадын төв нутгийн олон үндэстний хүн ам дайны хөлөөс дайжиж өмнөд нутаг руу олноороо дүрвэсэн юм. Ингэснээр өмнөдийн ажиллах хүч нэмэгдсэн төдийгүй үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи уламжлагдаж очсоноор эдийн засаг нь дорвитой хөгжсөн юм.

Өмнөд, Умард төрийн үеийн хамгийн гол онцлог бол Шюаньшюе хэмээх гүн ухаан улам дэлгэрсэн явдал юм. Тасралтгүй үргэлжилсэн дайн дажин үзэл сэтгэлгээ чөлөөтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ. Уран зохиолын ололт амжилт өндөр түвшинд хүрч түүний дотроос яруу найраг хамгийн их хөгжсөн юм. Тэр үед гадаад харилцаа өргөжиж, зүүн тийш Япон, Солонгос, баруун тийш Төв Ази, Ром, урагш Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцаж байв.

Зүүн Жинь улс мөхсөний дараа, Хятад орон өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдсан билээ. Өмнөд, Умард төрийн үе шиг тийм хуваагдмал байдал Хятадын түүхэнд цөөн тохиосон билээ. Энэ нь хэдийгээр эдийн засгийн хөгжлийг удаашруулсан боловч харь үндэстэн Хятадын төв нутгийг ноёрхсоны улмаас Хатан голын сав газарт урьд өмнө байгаагүй олон үндэстний нэгдэл төлөвшин бүрэлдсэн юм. Хятадын умард нутгийн олон үндэстэн аажмаар хятад үндэстэнд уусаж эцсийн бүлэгт нэг үндэстэн болсон билээ. Тийм ч учраас Өмнөд, Умард төрийн тархай бутархай үеийг Хятадын олон үндэстэн нэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн, Хятадын түүхэнд дутаж болшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн үздэг юм.

Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100