CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Өвөр Монголын өөртөө засах орноор аялаарай

09-13-2016 18:16

 

 Өвөр Монголын өөртөө засах орон БНХАУ-ын умард хэсэгт далайн төвшнөөс 1000 метрээс дээш өргөгдсөн Монголын өндөрлөгт оршдог. 1 сая 183 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, энэ нь Хятад улсын нийт нутаг дэвсгэрийн 12.3 хувь, газар нутгийн хэмжээгээр Хятадад гуравт орно. Зүүн, өмнө, баруун талаараа Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Шаньши, Шааньши, Нинся, Ганьсү мужтай зах нийлж, умард талаараа 4250 км газраар ОХУ, Монгол улстай хиллэнэ. Зүүн талдаа Их Хянганы нурууны ой хөвч, баруун хэсэгтээ Ордосын өндөрлөг, Алшаагийн говь нутагтай. Өмнө талдаа Хатан голын сав газар, Ляохэ голын хөндийн уудам тариан талбайтай. Зүүн хойд хэсэгтээ Хөлөнбуйрын тал нутаг, умард хэсэгтээ Шилийн голын тал нутагтай. Хатан гол, Эргүнэ гол, Нуун мөрөн, Ляохэ гол зэрэг 1000 ам дөрвөлжин километр газрыг хамарсан 70 гаруй гол мөрөнтэй. 2210 ам дөрвөлжин км талбайтай Хөлөн нуур Өвөр Монголын хамгийн том, Хятадын 5 том цэнгэг нуурын нэг юм.


Өвөр Монголын үзэсгэлэнт нутаг зүүнээс баруун зах хүртэл 3000 гаруй км урт, хараа алдрам бэлчээр, үржил шимт тариан талбайтай. Баруун бүсэд Алшаа, Ордосын өндөрлөгөөс зүүн тийшлэх тутам газрын гадарга өндөр, тэгш болж Хоёр Богд, Сэргэнэ, Даланхар зэрэг уулсаас бүрдсэн Монийн нуруу зүүнээс баруун тийш хөндөлсөнө. Монь уулын өмнө талын Бор тохой, Түмэдийн их тал бол газар тариалангийн бүс юм. Цаг агаарын хувьд эх газрын сэрүүн уур амьсгалтай. Жилд унах хур тунадасны хэмжээ 50-500 мм, баруун тийшлэх тусам хур тунадас багасна. Зун, намар сэрүүн, өвөл, хавар хуурай, салхи ихтэй учир элсэрхэг, тоосонцор шороо босох нь элбэг. Өвлийн дундаж хэм 0 орчим.

Өвөр Монгол 1947 оны 5 сарын 1-нд өөртөө засах эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ байгуулагдахаас өмнө өөртөө засах эрхтэй болсон анхны орон юм. 2013 оны байдлаар, Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Тунляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Ухай зэрэг аймгийн зэрэглэлийн 9 хот, Хянган, Шилийн гол, Алшаа 3 аймагтай. Мөн аймгийн зэрэглэлийн Манжуур, Эрээн 2 боомт, 52 хошуу сянь /Орчоон, Эвенх, Дагуур үндэстний өөртөө засах гурван хошуу багтана/, 17 сум сянь, аймгийн харьяа 11 хот, 21 дүүрэгтэй. Өөртөө засах эрхтэй эдгээр хошуу үндэсний онцлог, зан заншил, хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ, дотооддоо мөрдөх журам дүрмээ өөрсдөө батлах эрхтэй. Энэхүү баталсан дүрэм журмыг дээд шатны байгууллага болох аймгийн Ардын төлөөлөгчдийн хурал хянаж батална.

2000 оноос Өвөр Монголын зарим аймгийг хот болгожээ. Жишээ нь: Их зуу аймгийг Ордос хот, Жирэм аймгийг Тунляо хот, Зуу-Уд аймгийг Улаанхад хот гэх зэргээр өөрчилсөн юм. Ингэснээр аймгийн эрх мэдлийг өргөжүүлж, статусыг томруулан, орон нутгийн удирдлагыг сонгуулиар томилох боломж бүрдүүлсэн юм. Тухайлбал хотын даргыг тухайн мужийн АТИХ, аймгийн даргыг Өвөр Монголын Ардын засгийн газар томилно.

Өвөр Монголд монгол, хятад, хотон, манж, дагуур, эвенх буюу түнгүүс, ормон буюу цаатан, солонгос, шивээ, түжя, дүншян буюу могор, мяо зэрэг 55 үндэстэн бий. 25 сая хүн амтай, үндэстний цөөнх 5 сая гаруй, үүнээс монгол үндэстэн 4 сая гаруй. Өвөр Монголын хүн амын 47.2 хувь нь хот сууринд, 52.8 хувь нь хөдөө тосгонд амьдарч байна. Газар нутаг өргөн уудам, хүн ам сийрэг давуу талтай.

Баруун, баруун хойд бүсийг хөгжүүлэх бодлогын үр дүнд Өвөр Монгол хөгжлийн өргөн цар хүрээтэй төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлж, ургац хураалт, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ, салхины эрчим хүч, уул уурхай, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн олон үзүүлэлтээр БНХАУ-ын хэмжээнд эхний аравт ордог.

"Баруун бүсийг хөгжүүлэх стратеги"-ийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Өвөр Монгол эдийн засгийн хөгжил дорой, давуу талаа ашиглаж чаддаггүй, зам харилцаа муутай, байгаль экологи доройтсон, ган зуд зэрэг байгалийн гамшигт байнга нэрвэгддэг, эдийн засгийн бүтэц оновчгүй, хүнд, хөнгөн үйлдвэрийн харьцаа алдагдсан хоцронгуй орон байлаа. Ашигт малтмал, уул уурхайн нөөцөөр арвин баялаг боловч нээж ашиглах чадваргүй учир эдийн засаг, нийгмийн хөгжилд үр ашгаа өгдөггүй байв. Энэ бүхэн Хятадын баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Өвөр Монголыг оруулах үндэслэл болсон юм.

Өвөр Монголын эдийн засаг сүүлийн 30 гаруй жил үсрэнгүй хөгжиж байна. Энэ нь байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй, ашиглах нөхцөл сайн бүрдсэн, гадаад дотоодын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татах оновчтой бодлого явуулсантай холбоотой. Бэлчээр, ой мод, нэг хүнд оногдох тариан талбайн хэмжээгээр улсдаа, газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. ОХУ, Монгол Улстай хиллэсэн олон боомтоос хамгийн том нь Манжуур, Эрээн хоёр боомт юм. Өвөр Монгол Бээжин, Тяньжинтай ойр дөт учраас эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар нягт харилцаа, хамтын ажиллагаатай.

 

 

Хөдөө аж ахуй

Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн гол үндэс нь мал аж ахуй юм. Төвөөс бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийг хөгжүүлэх, уламжлалт хэв маягийг шинэчлэх зорилт дэвшүүлж, мал аж ахуйг орчин үеийн техник, технологитой уялдуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй үр ашгийг нэмэгдүүлэх, нүүдлийн мал аж ахуйг аажмаар суурьшуулах, малчид тариачдын амьжиргааг сайжруулах зэрэг өөрчлөлт хийхээр төлөвлөсөн юм. Ийнхүү мал аж ахуй эрхэлдэг нутгийг иж бүрэн цогцоор хөгжүүлэх нь баруун хойд бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын үндсэн зорилтын нэг юм. Өвөр Монгол өдгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасан төдийгүй, Хятадын бусад муж хотуудыг хангаж байна.

Өвөр Монгол хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт шинэчлэлтийн 10 том тогтолцоог бий болгожээ. Үйлдвэрлэлийн бүтцийн шилдэг загвар буюу салбар хоорондын уялдааг нарийн тооцож, бие биенээ нөхөх харьцааг боловсронгуй болгосон юм. Үүний үндсэн дээр мал аж ахуй эрхлэх уламжлалт арга хэлбэрийг өөрчилж, шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх зорилт тавин ажилпаж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхдээ, малын ашиг шимийг нэмэгдүүлж, үүлдэр угсааг сайжруулж, малыг сүү, мах, ноосны чиглэлээр дагнаж өсгөхөөс гадна мал сүргийн бүтцийг хамгаалахад ихээхэн анхаардаг.

Мал аж ахуйг хөгжүүлэхдээ юун түрүүнд байгаль экологийн нөхцөлийг сайжруулахыг гол болгожээ. Бэлчээрийг сэргээн атаршуулж, газар хагалбарыг зогсоож, өвс мод тарьж, малчдыг нүүлгэн шилжүүлж, Хятадын умард нутгийн хамгаалалтын гурван бүсийг ойжуулан, цөлжилтөөс хамгаалах, элсний нүүдэл, шороон шуургыг зогсоох, Их Хянганы нурууны ой хөвчийг хамгаалах арга хэмжээ авч, олон төсөл хэрэгжүүлсэн нь багагүй амжилтанд хүрсэн юм.

2008 оны байдлаар Өвөр Монголын хэмжээнд 718 мянга 600 га талбайд мод тарьсны 85 хувь нь ургасан юм. Мал аж ахуйг нүүлгэн шилжүүлж, цөлжсөн 155 мянган га талбай, Бээжин, Тяньжин явах замын дагуу 202 мянган гектар газар мод тарьжээ. 2013 оны байдлаар, Өвөр Монголд 118 сая гаруй толгой мал тоологдсоны 107 сая нь сайн үүлдрийн мал юм. 1.4 сая гаруй тонн мах, 8 сая тонн сүү, 7900 тонн ноолуур, 100 мянган тонн ноос, 550 мянган тонн өндөг үйлдвэрлэжээ. Өвөр Монгол нэг хүнд оногдох тариан талбайн хэмжээгээр Хятад улсад тэргүүлдэг. Бор тохой, Түмэд, Ляохэ, Нуун мөрний тэгш тал зэрэг усалгааны систем бүхий талбай элбэг учраас Өвөр Монгол Хятадын умард бүсийн "Амуу будааны сан" болжээ.

 

 

Аж үйлдвэр

Баруун бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Өвөр Монголын аж үйлдвэрийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, орон нутгийн давуу тал, зах зээлийг тооцоолон, өөрийн онцлогтой үйлдвэрүүдийг хөгжүүлжээ. Уул уурхай, нүүрс, эрчим хүч, мод боловсруулах, барилга, нэхмэл, хүнсний үйлдвэр харьцангуй түргэн хөгжиж, үйлдвэржсэн орны тоонд оржээ. 1978 онд үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 580 тэрбум 400 сая юань байсан бол 2007 онд 6 триллион 91 тэрбум 1 сая юань хүрч, үйлдвэрлэлийн хэмжээ 30 жилийн дотор 25.4 дахин нэмэгдсэн юм.

2013 оны байдлаар үйлдвэрлэлийн хэмжээ 794 тэрбум 440 сая юань хүрч, урьд оноос 11.3 хувь өсжээ. Үүнд төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, компанийн үйлдвэрлэл 10.6 хувь, корпорацийн үйлдвэрлэл 10.3 хувь, хувь нийлүүлсэн хамтарсан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 3.5 хувь, хувийн аж ахуйн нэгж, компаниудын үйлдвэрлэл 12.1 хувь, гадаадын болон Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 10.7 хувь, бусад аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 19.1 хувиар өсжээ. Жилийн орлого 20 сая юаниас дээш томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд, хөнгөн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 11.3 хувь, хүнд үйлдвэрийнх 12.2 хувийн өсөлттэй байв.

 

Хөрөнгө оруулалт

Өвөр Монгол хөрөнгө оруулалтын олон хэлбэрийг бий болгон ашигласан нь үсрэнгүй хөгжлийн хөшүүрэг болжээ. Хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдүүлж, хуулийн заалтыг уян хатан болгож, хөрөнгө оруулалтын төрөл зүйлийг нарийн заагласан юм. Тухайлбал, төвийн хөрөнгө оруулалт, Өвөр Монголын нийгмийн болон хувь хүмүүсийн, бусад муж орны, гадаадын, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хэмээн задалж, хувь хэмжээ, татварын нарийн ялгаатай хуульчилжээ. Хөрөнгө оруулалтын хэлбэр олширч, ялгаатай, ашигтайгаар шийдсэн тул банкны зээлийн хүү аяндаа буурчээ. Гадаадад нээлттэй бодлого баримтлан гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтыг элдэв төрлийн татвараас чөлөөлсөн юм.

 

Байгалийн баялаг, ашигт малтмал

Өвөр Монгол бол Хятадын байгалийн баялаг төвлөрсөн чухал бүс нутаг юм. Дэлхийд илэрсэн 140 гаруй ашигт малтмалаас 135 нь Өвөр Монголд байдаг ба 83-ынх нь нөөцийг тогтоожээ. Үүнээс 67 төрөл нь нөөцөөр Хятад улсын хэмжээнд эхний аравт орно. Төмөр, газрын ховор элемент, нүүрс зэрэг 5 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятад улсад тэргүүлдэг. Баруун бүс нутгийн шатамхай хийг зүүн тийш дамжуулах, Хатан голын усыг Хөх хотод оруулах зэрэг олон том төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Нүүрс олборлох, тээвэрлэх, механикжуулалт, нүүрс гаргах чадвар улам сайжирч байна. Өвөр Монголын Зүүнгар, Хуулин гол, Имин гол, Юань Баошаний 4 том ил уурхайг бүрэн ашиглалтанд оруулжээ. Одоо 1500 орчим том жижиг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүд амжилттай хөгжиж, Бээжин хот болон бусад муж оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Хятадын эрчим хүч, түүхий эдийн чухал бааз болсон юм.

Өвөр Монголын ашигт малтмалын тогтоосон нөөц 130 мянган тэрбум юань. Нийт 440 мянган ам дөрвөлжин км талбай бүхий газрын тос, байгалийн хийн 12 уурхайг илрүүлэн ашиглаж байна. Газрын тосны илрүүлсэн нөөц 276 сая тонн, нийт нөөц ойролцоогоор 3-4 тэрбум тонн. Байгалийн хийн нөөц 303,846 тэрбум шоо метр, нүүрсний баталгаат нөөц 223.4 тэрбум тонн.

Өвөр Монголын Дүншэний сайн чанарын нүүрс, Алшаагийн утаагүй нүүрс дэлхийд алдартай. Төмрийн 63 ордын 15 нь нөөцөөрөө Хятадад ест ордог. Хятадын хэмжээнд илэрсэн газрын ховор элементийн 90 хувь, дэлхийн газрын ховор элементийн бүх нөөцийн 80 хувь нь Өвөр Монголд байдаг. Зэс, хар тугалга, цайр, гянт болд, цагаан тугалга, молибден зэрэг өнгөт төмөрлөгийн 21.39 сая тонн нөөцтэй. Явшир, нуурын давс, гипс, борзон, байгалийн хужир зэрэг төмөрлөг бус ашигт малтмалаар Хятадад төдийгүй дэлхийд тэргүүлдэг.

 

Худалдаа, банк санхүү

Өвөр Монголын иргэдийн хэрэглээний зах зээл идэвхжиж, худалдан авах чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг үзүүлэлт бол үл хөдлөх хөрөнгийн худалдаа тасралтгүй нэмэгдэж байгаа явдал болно. Орон сууц, авто машин худалдан авах чадвар эрс нэмэгдэж байна. Жилд авто машин худалдан авах хэмжээ 28.8 хувь, том оврын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авах хэмжээ 19.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 2008 oны байдлаар, өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдаа 236 тэрбум 333 сая юань, бөөний худалдаа 184 тэрбум 913 юань болж, бүх төрлийн худалдаагаар 5 тэрбум 204 сая юаний орлого олжээ. Хилээр орж, гарсан барааны хэмжээ 8 тэрбум 933 сая доллар болсны 3 тэрбум 579 сая нь экспортынх, 5 тэрбум 354 сая нь импортын барааных юм.
 
2008 онд Өвөр Монголд шинээр гадаадын хөрөнгө оруулалттай 125 аж ахуйн нэгж, компани байгуулагдаж, гадаадтай хамтарсан компанийн тоо 923 болжээ. 2008 оны байдлаар, ӨЗО-ы хэмжээнд мөнгөн гүйлгээ хийдэг банк, санхүүгийн байгууллагуудад 634 тэрбум 103 сая юань хадгалагдаж байна. Хувь хүний хадгаламж 321 тэрбум 166 сая, аж ахуйн нэгж, компаниудын хадгаламж 175 тэрбум 262 сая юань болсон байна. Банк санхүүгийн байгууллагаас 452 тэрбум 786 сая юаний зээл авсан бөгөөд богино хугацаатай 177 тэрбум 629 сая, дунд хугацааных 258 тэрбум 972 юань болжээ. Хувь хүний лизенгийн зээл 25 тэрбум 686 сая юань болжээ.

 

 

 
Иргэдийн амьдрал, нийгмийн баталгаа

Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн хугацаанд Өвөр Монголын хот суурины иргэдийн дундаж орлого, малчид тариачдын жилийн цэвэр орлого 1978 онд 301 юань байсан бол 2008 онд хотод 12378, хөдөөд 3953 юань болж, Хятад улсад дээгүүр орж байна. Малчин тариачдын өдөр тутмын амьдралын хэрэглээний зардал 138 юаниас 3256 юань хүрч, хүмүүсийн хэрэглээ улам чанартай болжээ. Сүүлийн үед хот, хөдөөгийн хүн амын амьдралын ялгааг арилгах, ядуу иргэдийн амьдрах нөхцөл боломжийг сайжруулах олон арга хэмжээ авчээ. Наад зах нь ундны усны аюулгүй байдал, орон сууцны хангамж, суралцах боломжгүй хүүхдүүдийн сургалтын зардлыг төрөөс хариуцах, ядуу иргэдийг тэтгэх, эрүүл мэндийн зардлыг төлөх зэрэг ажлыг эрчимжүүлж байна.

 

Аялал жуулчлал

Сүүлийн үед Өвөр Монголд аялал жуулчлал түргэн хөгжиж байна. Өвөр Монголын тал нутгийн түүх соёлын дурсгал, говь, нуур цөөрөм, ой, ардын зан заншил аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ. Өвөр Монгол хил залгаа улс орнуудтай аялал жуулчлал хөгжүүлэхэд их анхаардаг. Гадаад, дотоодын жуулчдыг татах 5 том цогцолбортой. Жуулчдыг хүлээж авах бүс 58, одтой зочид буудал 152, аялал жуулчлалын 220 компани үйл ажиллагаа явуулж байна.

 

Соёл, боловсрол, шинжлэх ухаан

Хятадын үндэстний цөөнхийн бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах, соёл боловсрол, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, сургах явдлыг эрчимжүүлж ирсэн юм. Урьд өмнө засаг захиргаа, аймаг сум, албан газар, сургуулийн удирдлагад гагцхүү хятад хүн давамгайлж байсныг өөрчилж, монгол зэрэг цөөн тоот үндэстний боловсон хүчнийг томилох алхам хийж байна. Баруун бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын тулгамдсан асуудлын нэг бол хүн амын боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухаан техникийн хөгжлийг дэлхийн төвшинд ойртуулах, гадаадын шинжлэх ухаан техник, технологи, боловсролыг чөлөөтэй нэвтрүүлж, түүнээс суралцах явдлыг гол зорилт болгосон юм.

Өвөр Монголд 36 их, дээд сургуульд 300 мянга шахам оюутан, судлаач бэлтгэх 9 нэгжид 10 мянга гаруй хүн, 1747 дунд сургуульд 2 сая сурагч, 4884 бага сургуульд 1 сая гаруй сурагч, цэцэрлэгт 500 гаруй мянган хүүхэд, тусгай мэргэжлийн 300 сургуульд 300 мянган залуус суралцаж байна. Оюутан сурагчид нийт хүн амын 50-иас дээш хувийг эзэлдэг. Шинжлэх ухаан, техникийн тогтолцоог өөрчилж, академи, хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын зах зээлд шилжих явцыг түргэтгэх замаар шинжлэх ухаан, боловсролыг дээдлэн ажиллаж байна. 

Өвөр Монголд урлаг соёлын 148 байгууллагад 6000 хүн ажилладаг. Урлагийн 109 байгууллагын 68 нь “Улаанмөчир” хэмээх чуулга юм. 912 кино театр, 102 клуб, 113 номын сан, 37 үзэсгэлэн, 140 архивтай. 13 радио, дунд, богино 57 долгион цацаж, хүн амын 94 хувийг радио нэвтрүүлэг сонсох боломжоор хангажээ. Телевизийн 14 студи, 1 мянган квт-аас дээш цацах 92 антень, хүн амын 92 хувь нь зурагт үзэх боломж бүрдүүлжээ. Өвөр Монголын аймаг, хотын 4760 сонины 1547, 1426 сэтгүүлийн 134 нь монгол хэлээр хэвлэгддэг. Жилд 70 гаруй мянган ном хэвлэгддэгийн 1000 орчим нь монгол хэлээр гардаг.

Эрүүл мэнд, спорт

Өвөр Монголын хэмжээнд эрүүл мэндийн 7966 байгууллага ажилладгийн 479 нь нэгдсэн эмнэлэг, 1325 нь хэсгийн эмнэлэг, 140 нь урьдчилан сэргийлэх үзлэгийн төв, 114 нь эх нялхсын төв, 54 нь тусгай эмнэлэг юм. Эмнэлгийн ор хотод 52600, орон нутагт 13100, эх нялхсын эмнэлэгт 2400 байна. Эрүүл мэндийн салбарт 106.200 хүн ажилладгаас 58.400 нь төвд, 17200 нь хөдөөд байдаг. 49 мянган их, бага эмч, 31200 сувилагчтай.

Өвөр Монгол биеийн тамир, спортыг хөгжүүлж, бүх нийтийг хамруулахын төлөө анхаарч ирсэн. 1948 оноос уламжлалт "Эрийн гурван наадам" бөх, морь, сурын тэмцээнийг сэргээсэн. 1952 онд гарсан бүх ард иргэдийг спорт, биеийн тамирт хамруулах тогтоолын дагуу монгол бөхийн залгамж халааг бэлдэж бүх нийтийн үйлс болгосон. Төрөөс их хэмжээний зардал төсөвлөн биеийн тамир спортын бүх төрлийг амжилттай хөгжүүлж, мэргэжлийн тамирчид бэлтгэж байна. Бээжингийн Олимпын наадмаас Өвөр Монголын тамирчин Жан Шаопин алтан медаль авсан юм.

 

Дэд бүтэц

Баруун бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд, авто замыг гол болгон дэд бүтцийг хөгжүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр заасан. Хятадын баруун бүс нутгийн авто замын сүлжээ зам харилцаанд чухал үүрэгтэй. Зам тээврийн бүтээн байгуулалтанд оруулах хөрөнгийн хэмжээ түүхэнд дээд хэмжээнд хүрч, авто зам барихад 26,1 тэрбум юанийн хөрөнгө оруулж шинээр 8678 км зам, төмөр зам тавихад 16 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, төмөр замын 10 ажлыг эхлүүлж, шинээр 795 км зам тавьжээ.

Өвөр Монгол зам харилцаа хөгжүүлэх 5 зорилт дэвшүүлсэн нь биеллээ олсон юм. Тухайлбал, Вангийн сүм - Хөх хот – Бугат – Линхэ - Ухай зэрэг том хотыг холбосон хурдны замыг дуусгаж баруун бүс нутгийг Бээжин, Тяньжинтай холбох, Манжуур – Хайлаар - Улаан хот - Тунляо – Улаанхад – Жинин – Хөх хот – Дуншэн – Яргай хотыг холбосон засмал зам тавих, Рашааны баруун хошууг Эзнээ хошуутай холбож хот суурин, гацаа тосгоныг авто замын сүлжээнд оруулжээ.

Авто замын ажил эрчимжиж, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2009-2013 онд Өвөр Монгол авто замд 220 тэрбум юаний хөрөнгө оруулж, авто замын урт 100 мянган км, хурдны авто зам 2000 км хүрэв. Өнөөгийн байдлаар, авто замын нийт урт 147 мянган км байгаагаас хурдны зам 1879 км, 1-р зэрэглэлийн зам 2888 км байна. Хөдөө орон нутгийн 89 хувь нь хатуу хучилттай замтай болжээ. 2007 онд авто замын ажилд 30 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулж, Өвөр Монголын ДНБ-ийг 45 тэрбум юаниар өсгөв. Тухайлбал, авто зам тавихад 100 тэрбум юанийн хөрөнгө оруулах бүрт 1800 хүн ажлын байртай болдог байна. Өнгөрсөн хэдэн жил "хөндлөн-3, гулд-9, гарц-12” автозамын бүтээн байгуулалтад 41 орчим тэрбум юань зарцуулжээ.

Өвөр Монголын төмөр замын салбар урьд байгаагүй амжилтанд хүрчээ. 2013 онд төмөр зам тавих ажилд 175 тэрбум 600 сая юаний хөрөнгө оруулсан юм. Хөх хот, Ордос, Бугат 3 хотын хооронд 1 цагийн дотор зорчих сүлжээг бий болгож, энэ 3 хотоос Бээжин орох, Хөх хот, Тунляо, Улаанхад хотоос зүүн, зүүн хойд мужуудын төв хүрэх хурдны төмөр зам барьж байна. Ачааны галт тэрэгт зориулан дотооддоо 5 төмөр зам дэвсэнэ.

Өвөр Монголд онгоцны 9 буудал, агаарын 30 гаруй шугам бий. Олон улсын шугамаар Улаанбаатар, Чита хотод шууд нислэг хийдэг. Эрээн, Рашаантын нисэх онгоцны буудал барих ажил амжилттай өрнөж, Баяннуурт онгоцны буудал барих төслийг засгийн газраар батлуулжээ. 2008 онд, бүх төрлийн тээврийн хэрэгслээр 1 триллион 322 тэрбум 277 сая 200 тонн ачаа тээвэрлэсэн. Үүний дотор төмөр замаар 374 сая 646 мянга 400, авто замаар 947 сая 620 мянга, агаараар 10 мянга 800 тонн ачаа тээвэрлэжээ. Бүх төрлийн тээврийн хэрэгслээр 448 сая 470 мянган зорчигч явсан байна

 

Хилийн боомт

Өвөр Монгол төмөр замын 2, агаарын 2, авто замын 11, нийт 15 хилийн боомттой. Эдгээр боомтоор жилд 25 сая гаруй тонн бараа эргэлддэг. Өвөр Монголын Монгол улстай хиллэдэг нутаг дэвсгэрт 8 боомт ажиллаж байна. Үүнд:
1. Замын - Үүд (Дорноговь) - Эрээн (Шилийн гол) олон улсын боомт
2. Ханги (Дорноговь) - Мандал (Бугат) улирлын ажиллагаатай
3. Бичигт (Сүхбаатар) - Зүүн Хатавч (Шилийн гол) байнгын ажиллагаатай
4. Гашуунсухайт (Өмнөговь) - Ганцмод (Баяннуур) байнгын ажиллагаатай
5. Шивээхүрэн (Өмнөговь) - Цэгээ (Алшаа) байнгын ажиллагаатай
6. Баянхошуу (Дорнод) – Өвдөг (Хөлөнбуйр) улирлын чанартай
7. Хавирга ( Дорнод) - Архашаат (Хөлөнбуйр) улирлын чанартай
8. Сүмбэр (Дорнод) - Рашаант (Хянган) байнгын ажиллагаатай.

2008 оны байдлаар эдгээр боомтын экспорт, импортын бараа тээврийн нийт хэмжээ 34 сая тонн болжээ. Үүнээс импортын барааны хэмжээ 27 сая 309 мянган тонн, экспортын барааны хэмжээ 4 сая 228 мянган тонн байна. Монгол Улстай хийсэн экспорт, импортын хэмжээ 10 сая 577 мянган тонн хүрч, өмнөх оноос 16 хувиар өсч, экспорт 1 сая 795 мянга, импорт 8 сая 178 мянган тонн болжээ.

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100