CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын түүхэн дэх таван их хөгжил цэцэглэлтийн үе

09-12-2016 10:41

2000 гаруй жилийн түүхэн хөгжлийн явцад Хятад орон хэд хэдэн удаа ихэд цэцэглэн хөгжсөнийг түүхчид “Хөгжил цэцэглэлтийн үе” хэмээн нэрийддэг. Энэ нь Байлдаант улсын хөгжил цэцэглэлтийн үе, Баруун Хань улсын Вэньжингийн засаглалаас Хань Үди хааны үе хүртэл, Тан улсын Жэньгуаний засаглалаас Кай Юаний үе хүртэл, Мин улсын Юншюаний засаглалын бадралын үе, Чин улсын Кан Юн Чяний хөгжлийн үе зэрэг юм. Таван их хөгжил цэцэглэлтийн үеийн аль аль нь өнгөрсөн төрийн их үймээний дараа, шинээр мандсан эзэнт төрийн хүчирхэгжин хөгжих оргил үед тохиосон байдаг.

Байлдаант улсын үеийн байдал зарим өвөрмөц шинжтэй байдаг. Тэр үед 7 улс зэрэгцэн оршиж үймээнтэй байсан боловч чухамдаа Чүньчюгийн үеийн хөгжил буурч, бие биеэ нэгтгэхийн төлөө олон жижиг улс өөр зуураа хийсэн урт хугацааны тэмцлийн дүнд буй болсон улс төрийн шинэ тогтолцоо нь эцсийн бүлэгт Чинь улс тэднийг нэгтгэж олон орныг харьцангуй тогтвортой байдалд оруулж хөгжлийн оргил үед хүргэсэн байдаг. Байлдаант улсын үед Вэй улсад Ликүй, Чү улсад Үчи хуулийн шинэтгэл хийсэн бөгөөд Чинь, Хань, Чи, Жао улс ч шинэтгэл хийсний улмаас хүчирхэгжиж эхэлжээ. Ялангуяа Чинь улсад Шан Яний санаачилсан шинэчлэл тууштай явагдсанаар Чинь улс бусад зургаан орноос илүү хүчирхэг болсон билээ. Хэдийгээр тэдгээр улсын хийсэн хуулийн шинэтгэл харилцан адилгүй боловч эцэст нь нийгмийн байгуулал үндсэндээ өөрчлөгдсөн юм. Ингэснээр Хятадын түүхийн тавцанд феодалын нийгэм боолын нийгмийг халж гарч ирсэн билээ.

Баруун Жөү улсын үед хэрэгжүүлж байсан засаг захиргааны шинэтгэл буюу олон хөүг хэсэглэн соёрхох тогтолцоо Чүньчюгийн үеийн нэгтгэлээр дамжиж, Байлдаант улсын үед долоохон улс үлджээ. Энэ нь түүнээс хойших улс орны хагарал бутралтай чанарын ялгаатай юм. Чинь улсаас өмнөх үеийн Шя, Шан, Жөү хэмээх гурван улсын үеийг жинхэнэ нэгдэл гэж үзэх боломжгүй. Тэр бол зөвхөн Шя, Шан, Жөү улсын хаанаар төвлөсөн ураг төрлийн холбоо байсан болохоор Байлдаант улсын үеийг “хагарал бутрал” хэмээн томьёолж болохгүй. Чүньчюгийн үед “олон улс” байгаад Байлдаант улсын үед “долоон улс” болсон нь чухал дэвшил мөн. Тэр долоон улс эцсийн бүлэгт нэгдэж Чинь хэмээх нэг хүчирхэг улс болж, Чинь Шихуан нэгдсэн төр улс байгуулсан явдал Чүньчю болон Байлдаант улсын түүх үргэлжилсний үр дүн юм.

Чинь улс зургаан улсыг өөрт нэгтгэж, хэсэглэн соёрхох тогтолцоог халж, засаг захиргааны нэгжийг жюнь, сяний хэлбэрт оруулжээ. Чинь Шихуан улсаа ганцаар эзэрхэн захирч, Чүньчюгийн үеэс санаачилсаар ирсэн “их нэгдэл”-ийн онолыг анх удаа практик үйл хэрэг болгосон билээ. Түүнээс хойш, нэгдэл бутрал нь нийгмийн хөгжлийн мөрдөн журамлах зарчмуудын нэг болсон юм. Гэвч нэгдэл бүхэн зөв, бутрал бүхэн буруу байх ёсгүй. Аль нэг эзэнт төрийн сүүл үед улс төр ялзран доройтож, үйлдвэрлэх хүчний хөгжилд томоохон бэрхшээл гарч, ард иргэдийн амьдрал туйлын хүнд хэцүү байдалд орсон үед тариачны бослого дэгдэн түүний нэгдлийг “хагалан бутаргах” нь зайлшгүй үйл хэрэг болдог учраас тариачны бослогыг “сайн үйл хэрэг” гэж үзэж болно. Гэвч бутралын дараа, хэзээ нэг цагт заавал дахин нэгддэг билээ. Энэ нь Хятадын түүхийн хөгжлийн зүй тогтол юм.

Баруун Хань улс мөхсөн Чинь улсын суурин дээр феодалын эзэнт гүрэн байгуулж, ард иргэд 170 гаруй жил амар тайван амьдрах үед Хань улс бүх талаар цэцэглэн хөгжсөн билээ. Баруун Хань улсын Вэньди хаан (НТӨ179 - НТӨ157), Жинди хааны (НТӨ156-НТӨ141) үеэс Үди хааны (НТӨ140 -НТӨ87) үе бол газар нутгаа тэлж өргөжүүлсэн үе юм. Умарш Хүннүг дайлах дайн хагас зуун жил үргэлжилж, Хүннү нарыг говийн араас алс хол хөөн зайлуулжээ. Ингэснээр урьдын Хүннүгийн нутаг Говийн өмнөх газрууд, Бор тохой бүгд Хань улсын нутаг дэвсгэрт багтсан юм.

Баруун этгээдийн Юймэнь боомтоос баруун тийших газар, Шиньжяны өмнөд хэсгийг Хань улсын үед баруун хязгаар хэмээж байсан бөгөөд тэндхийн ноёлогчид эелдэн дагаснаар тэр нутгууд Хань улсад багтаж орсон билээ. Зүүн тийш Гуулин улсыг цохиж ялаад, түүний ноёрхолд байсан Ляодүнгийн хэсэг газрыг Хань улсын төрийн мэдэлд харьяалуулав. Өмнө, баруун өмнө, зүүн өмнө тийш нутаг орноо өргөжүүлж одоогийн Гуандүн, Юньнань, Жэжян, Фүжянь зэрэг үндэстний цөөнхийн газар нутаг ч Хань улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болов. Ялангуяа Хань улсын Үди хааны үед Чинь улсын үеэс илүү хүчирхэгжин нэгдсэн билээ.

Тан улсын Кай Юаний хөгжил цэцэглэлтийн үе бол Сүй улсын сүүлчийн их дайны дараа дахин төр улсаа засах үед тохиосон бөгөөд түүний тулд зуу шахам жилийн бартаат замыг туулсан байдаг. Тан улсын оргил үеийн “их нэгдэл” Хань улсын дараа бий болсон анхны томоохон нэгдэл учраас түүхэнд “Хань Тан” гэж хамтатган нэрлэгддэг байна. Тан улсын үед баруун хойш Түрэгийг, зүүн хойш Гуулин улсыг бүрэн ялж, Аньши болон Аньдүнгийн цэргийн хамгаалалтын фү байгуулсан юм. Мөн Хар мөрөнд Хэйшүй хянан захирах фү байгуулж, зүүн хойд нутгийг захирах болов. Кай Юаний хөгжлийн үед нутаг дэвсгэрийн хэмжээ нь Баруун Хань улсын үеэс хол давсан юм. Хань, Тан улсын үед урьд өмнө байгаагүй их нэгдэл болсон явдал Хятадын нутаг дэвсгэр өргөжин тэлсэн чухал хоёр түүхэн цаг үе байлаа.

Мин улсын Юнлэ, Шюаньдэ хааны үед умард, баруун хойш хоёр чиглэлээр Юань улсын үлдэгдэл хүчийг дайран цохиж, говийн өмнөх нутгийг хяналтандаа авчээ. Баруун өмнө, өмнө зүгт буюу одоогийн Юньнань, Гүйжөү, Сычуань зэрэг газарт засаг захиргааны Тусы хэмээх тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд тэр нь төв засгийн газарт харьяалагдаж байв. Зүүн хойш одоогийн Кай Юаниас умарш Гадаад Хянган давааны ар хүртэл, зүүн тийш Кү-Е арал хүртэл харуулын олон цэг гаргаж, Хар мөрний Тэлинь хэмээх газар Нурган тусы байгуулан, олон харуулын цэгийг захируулав. Тухайн үед эргэн тойрны улс орон тухайлбал Аньнам буюу одоогийн Вьетнам, Сиам буюу одоогийн Тайланд, Гуулин улс буюу одоогийн Солонгос бүгд Мин улсын харьяанд байжээ. Юнлэ, Шюаньдэ хааны үеэс хойш, Цагаан хэрмээс умарш болон баруун хойших нутгийг монголчууд захирч байсан ба тэд Мин улстай хааяа дайтаж, хааяа эвлэрч байснаас Мин улсын нутаг дэвсгэр зохих хэмжээгээр багассан байлаа.

Мин улс олон хүчтэнийг нухчин дарж, Юань улсын ноёрхогчдыг Цагаан хэрмээс гадагш хөөн зайлуулж, бүх Хятадыг нэг хааны мэдэлд оруулж, хагас зуун жилийн зүтгэлийн үр дүнд “Юн, Шюаний засаглал” хэмээх хөгжлийн үед орсон юм. Мин улсын Шэньзүн хаан Ваньлигийн дунд үед үймээн самуун дэгдэж улмаар Шизүн хааны үеэс Чунжэнь хааны үе хүртэл их хэмжээний дайн дажин болж өргөжсөн бөгөөд үймээн самуун Чин улсын цэрэг орж иртэл хагас зуу шахам жил үргэлжилсэн юм. Чин улсын цэрэг Хятадын төв нутагт орсны дараа тариачны бослогын хоёр жигүүрийн цэргийг дарангуйлж, Мин улсын үлдэгдэл хүчийг устгахад 20 шахам жилийг зарцуулсан билээ. Чин улс Мин улсын сүүл үеийн их үймээний үндсэн дээр эзэнт төрөө байгуулсан бөгөөд 70 орчим жилийн хугацаанд их үймээнийг намжаажээ.

Нутаг дэвсгэрийн өргөн уудам, нэгдлийн хүрээ хэмжээгээрээ Хань, Тан улсаас давсан нь Юань улсыг эс тооцвол Чин улсын Энх-Амгалан, Найралт төв, Тэнгэр тэтгэгч гурван хааны үе юм. Найралт төв хаан: “Эртнээс аваад гадаад дотоодын аль нэг төр хүн ам, нутаг дэвсгэрээрээ манай төрд хүрээгүй бөлгөө. Өдгөө газар нутгаа тэлж, зүүн баруун өмнө умар зүгийг төвшитгөснөөр үл хүндэтгэх инү үгүй болбой” гэжээ. Энэ нь эртэдсэн үг байлаа. Чухамдаа Тэнгэр тэтгэгч хаан хорин дөрвөн насандаа хамгийн сүүлд баруун зүгийн Зүүнгарын хаант улсыг нэгтгэж Хөх нуур, Шиньжяны өмнө умард нутаг, Түвдийг бүрэн захиргаандаа оруулсан билээ. Ингэснээр Чин улсын баруун хязгаар Балхаш нуурын зүүн хэсэгт хүрсэн бөгөөд умар зүгт Говийн өмнө болон ард засаг захиргааны нэгжийг хошуу чуулганы хэлбэрт оруулжээ. Баруун өмнөд нутгууд төв засгийн газрын ноёрхолд нэгдэж, мянга гаруй жилийн түүхтэй засаг захиргааны тусыгийн хэлбэрийг халсан юм. Зүүн хойш Хар мөрний умард этгээд, Гадаад Хянган давааны өмнө хэсэгт хүрч, зүүн тийш Уссури мөрний зүүн талын Кү-Е арлыг багтааж, зүүн өмнөш Тайвань арлаас зүүнш, өмнө зүгт Наньша олтригт хүрч байсан бөгөөд тэр бүгд Чин улсын нутаг дэвсгэрт хамрагдаж байв.

Мөн тэдгээр газар нутагт засаг захиргааны байгууламж бий болгон ажиллуулж, цэрэг суулган хамгаалж, жинхэнэ нэгдэл болгосон билээ. Тухайн үед 50 гаруй үндэстэн нэгэн төрийн эрхэнд харьяалагдаж байлаа. Чин улсын Энх-Амгалан, Найралт төв, Тэнгэр тэтгэгч хааны үед “их нэгдэл” ийнхүү хэрэгжсэн бөгөөд “Цагаан хэрмийн дотор Хятадууд, түүний гадна харийнхан байсан” түүхэн уламжлалт ойлголтоос халин гарчээ. Энх-Амгалан хааны үеэс эхэлж Цагаан хэрмийг сэлбэн засахаа больж, 2000 жилийн турш засварласан уламжлалыг үгүй хийж, “Цагаан хэрмийн дотно гадна нэг улс” гэсэн ойлголттой болсноор орчин үеийн Хятадын нутаг дэвсгэрт олон үндэстний улс бүрэлдэн тогтох үндэс болсон юм.

Харин өнөөгийн Хятад улсын нутаг дэвсгэр Чин улсын Энх-Амгалан, Найралт төв, Тэнгэр тэтгэгч хааны үеэс дөрөвний нэг хувиар багассан юм.
Хөгжил цэцэглэлтийн үе бүхэнд “их нэгдэл”-тэй нөхцөлд урт удаан хугацаанд амар амгалан байж, үйлдвэрлэл тогтвортой хөгжин, үр тариа хангалттай, улсын сан хөмрөг дүүрэн байлаа. Хань улсын Үди хааны үед “Хань улс 60 гаруй жил мандан хөгжиж, улс орон энх амгалан, төрийн сан хөмрөг дүүрэн” байлаа. Тан улсын Кай Юань, Тянь баогийн онуудад төрийн сан хөмрөг олон жилийн үр тарианы нөөцтэй байснаар “албаны сангийн хуримтлал хэтэрч, хуучирч ялзарсан нь хэмжээгүй болжээ”. Мин улсын Юн, Шюаний үед “иргэдийн хөмрөг болон төрийн сан дүүрч”, “гааль татвараа бүрэн төлж, цэрэг ардын хүнс хангалттай болжээ”. Чин улсын Энх-Амгалангийн үед улсын нөөц ихэд арвидаж, Энх-Амгалан хааны 50-р оноос эхлэн бүх улсын хэмжээнд газар нутгийн хуваарийн дагуу гурван жил гааль татвараас чөлөөлсөн бөгөөд цаашлаад зарим бүс нутгийг орон нутгийн чанартай татвараас жил бүр чөлөөлж байжээ.

Энх-Амгалан хааны үед гааль татвараас чөлөөлсөн мөнгөний хэмжээ зуун дөчин сая ланд хүрсэн байлаа. Тэнгэр тэтгэгч хааны үед улс орны хүчин чадал нэмэгдэж, улсын нөөц арвижин, бүх улсын хэмжээнд гааль татвар төлөхөөс урьд хожид 4 удаа чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн мөнгөний хэмжээ зуун хорин сая ланд хүрсэн байна. Тэр үед улсын сан хөмрөгт 10 сая орчим дань үр тариа нийлүүлэхээс бүх улсын хэмжээнд гурван удаа татвараас чөлөөлжээ. Мөн үед улсын сан хөмрөгт хадгалж байсан мөнгө дээд тал нь 80 сая ланд хүрч байсан бөгөөд ерөнхийдөө жил бүр 60 саяас 70 сая лан байжээ. Дайн дажин болсон үед ч цэргийн хүнс хангалттай учраас улсын сан хөмрөг дэх мөнгөний хэмжээ доод тал нь 20, 30 сая лан байсан юм.

“Их нэгдэл”-ийн зайлшгүй шалтгаан бол нийгмийг амар амгалан болгож, нийгэм, үйлдвэрлэх хүчний хөгжилд ашигтай, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад хэрэгтэй байдагт оршино. Иймээс “их нэгдэл”-ийн хир хэмжээ хөгжлийн гол нөхцөл болно гэж судлаачид үздэг байна. Эдгээр хөгжил цэцэглэлтийн аль ч үед улс орон нэгдэж, эдийн засаг цэцэглэн хөгжиж, улс төр тогтворжин, нийгэм нийт амар амгалан болж, төр засгийн хүчин чадал нэмэгдэж, соёл урлаг хөгжсөн зэрэг нийтлэг онцлогтой байдаг.

                                           Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100