Шинжаан Уйгурын өөртөө засах орноор зочлоорой
09-07-2016 16:31
БНХАУ-ын баруун хойд хязгаар буюу Евро-Азийн эх газрын төвд орших Шинжаан Уйгурын өөртөө засах орон 1 сая 660 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Хятадын хамгийн том газар нутагтай мужийн хэмжээний өөртөө засах орон юм. Шинжаан 34 үндэстний 20 гаруй сая хүн амтай, хятад, уйгур, дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тужя, жуан, салар зэрэг үндэстэн аж төрдөг. Шинжаан баруун болон хойд талаараа 8 улстай хил залгана. Зүүнээс баруун тийш Монгол, Орос, Казакстан, Киргизстан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг улстай зах нийлж буй хилийн шугамын урт 5400 гаруй км, Хятадын хамгийн урт хилийн шугам, хамгийн олон хилийн боомттой өөртөө засах орон юм. Дотооддоо Түвдийн өөртөө засах орон, Ганьсү, Хөхнуур мужтай зах нийлнэ.
Газар зүй
Ази тивийн хэвлийд орших Шинжаан нутгийн хойноос урагш Алтайн нуруу, Тэнгэр уул, Куньлун нуруу үргэлжилж, төв хэсэгт нь Зунгарын хотгор, Таримын хотгор байдаг. Куньлун гэж Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага гэдэг. Хөхнуур, Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой Куньлун нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд Шинжааны газар зүй, уур амьсгалд багагүй нөлөө үзүүлдэг. Хөх нуур, Хатан голын чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадаг учир Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ.
Шинжаанд Хятадын хамгийн том дотоод урсгалт Таримын гол, Или гол, Эрчис мөрөн зэрэг томоохон гол мөрөн, Хятадын хамгийн том цэнгэг устай Бестен нуур, Лоб, Баграшкүль, Эв, Ханас зэрэг том нууртай. Тэнгэр уулаас өмнөх нутгийг “Наньжян” буюу Өмнөд хязгаар, хойших нутгийг “Бэйжян” буюу Хойд хязгаар, Хами, Турфаны хотгор хавийг “Дүнжян” буюу Зүүн хязгаар хэмээн нэрлэнэ. Шинжаан бол бүхэлдээ хөхрөн ногоорч, хоёр их хотгорыг нь дагасан том жижиг олон баян бүрд хэлхсэн сувд шиг гэрэлтсэн, ер бусын үзэсгэлэнт нутаг юм.
Шинжаан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай, халуун хүйтний зөрөө маш их. Хятад орон даяар хамгийн хүйтэн болсон нь Шинжааны Алтайн бүсэд, урт хугацааны турш хамгийн халуун болсон тохиолдол Турфанд бүртгэгдсэн юм. Хятадын нийт элсэн цөлийн гуравны хоёр нь Шинжаанд бий. Такалмаканы элсэн цөл 330 мянган ам дөрвөлжин км, хэмжээгээрээ Хятадад хамгийн том, дэлхийд хоёрт ордог элсэн цөл юм. Зунгарын хотгорын Гурвантүнгэдийн цөл 48 мянган ам дөрвөлжин км буюу Хятадад хэмжээгээр хоёрт орно. Шинжааны цөл газрын тос, ашигт малтмал, байгалийн хийгээр баялаг.
Түүх
Шинжаан Уйгурын нутаг эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын голын сав газар бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцоо явагдаж байсан нутаг билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эрт цагт тэндхийн ард түмэн зундаа +40 хэмээс буудаггүй халуунд тариалангаа услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг байв. Усыг ууршуулж алдахгүйн тулд газар доорх сувагт шургуулж авдаг. Ийнхүү Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаанд аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулсан юм.
Шинжаан 2000 гаруй жилийн тэртээгээс Хятадын олон үндэстний нэгдсэн улсын бүрэлдэхүүнд багтаж иржээ. НТӨ 60 онд, Хань улс баруун хязгаарт засгийн газар байгуулахад Шинжаан Баруун Хань улсын захиргаанд шууд харьяалагдаж байв. Түүнээс хойш 1000 гаруй жилийн түүхэнд Шинжаан Хятадын төв засгийн газарт харьяалагдсаар ирсэн юм. Төв засгийн газар засаг захиргааны хуваарь гаргаж, Шинжааны орон нутгийн үйл хэргийг удирдаж байв. Одоогоос 300 гаруй жилийн өмнө Чин улсын төв засгийн газар Илийн Хуй Юань хотод Илийн жанжин тохоон томилж, Шинжааны бүх нутгийг захируулжээ. 1884 онд, Шинжаанд муж байгуулж, Хятадын бусад мужтай харилцах харилцааг улам нягтруулав. 1949 онд БНХАУ байгуулагдахад Хятадын бүрэлдэхүүнд багтаж, цөөнх үндэстний өөртөө засах эрхтэй засаг захиргааны бүс болжээ.
Эрчим хүч
Шинжаан уул уурхай, ашигт малтмалын асар их нөөцтэй бүс нутаг юм. Нүүрс, нефть нь бүх Хятадын нийт нөөцийн гуравны нэгийг эзлэхийн дээр байгалийн хийгээр тун баялаг. Хятадын баруун хойд нутгийн хамгийн том нефтийн орд, хөгжлийн хамгийн их ирээдүйтэй нефть хайгуулийн нөөцтэй бүс нутаг юм. Шинжааны нефтийн орд 20 тэрбум 800 сая тонн буюу бүх Хятадын нефтийн 30 хувийг эзэлнэ. Мөн 10 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй, “Баруун нутгийн байгалийн хийг зүүн нутаг руу дамжуулах” төслөөр Шинжааны байгалийн хийг Шанхай хот, түүний эргэн тойрны бүсэд дамжуулах юм. Шинжааны нүүрс бүх Хятадын нүүрсний нөөцийн 40 шахам хувийг эзэлнэ. Сүүлийн жилүүдэд Шинжаанд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх олон төсөл хэрэгжүүлж, нар салхины цахилгаан станцыг олноор байгуулж байна. Тухайлбал, 2012 оны байдлаар Шинжааны нарны эх үүсгүүрээр цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 138 сая киловатт хүрчээ.
Аж үйлдвэр
Шинжааны эдийн засаг түргэн хөгжиж болд, нүүрс, нефть, машин, хими, барилгын материал, нэхмэл, чихэр, цаас, арьс шир, тамхи зэрэг нэлээд олон төрлийн аж үйлдвэрийн систем бүрдүүлжээ. Орон нутгийн баялгийн давуу талыг ашиглан Шинжааны өвөрмөц онцлог бүхий гар урлал, төрөл бүрийн аж үйлдвэрийг хөгжүүлсэн юм. Өдгөө Шинжаанд 60 мянга гаруй үйлдвэр аж ахуйн нэгж нефть, нүүрс, металлурги, эрчим хүч, нэхмэл, химийн үйлдвэр, машин механик, барилгын материал, хүнс зэрэг 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Шинжаанд Душанзын этилений төсөл, нефть, химийн эфир цуглуулах төсөл, Өрөмчийн нефть, химийн бордооны төсөл, Манасын цахилгааны үйлдвэрийн 1, 2-р төсөл, Жиндашань уулын усан цахилгаан станц, Хун Яньчигийн цахилгааны үйлдвэрийн 4-р өргөтгөл зэрэг хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дабань хотын туршилтын цахилгаан станц бол Хятадын хамгийн том салхин цахилгаан станц юм.
Хөдөө аж ахуй
Шинжаан бол үржил шимт хөрстэй, нарлаг сайхан нутаг юм. Тэндхийн хүн ард нутаг усаа ашиглан ногоон бүрдийн хөдөө аж ахуйг хөгжүүлсэн нь ихээхэн амжилтанд хүрчээ. Шинжаанд голдуу улаан буудай, эрдэнэ шиш, тутарга, техникийн ургамлаас хөвөн, чихрийн манжин, зөрөг цэцэг тарина. Хөвөнгийн үйлдвэрлэлээрээ Хятад улсад дээгүүр ордог, урт ширхэгтэй хөвөнгийн хамгийн том бааз юм. Бүтээгдэхүүний хэмжээ нь Хятадын урт ширхэгтэй хөвөнгийн 95 хувийг эзлэх бөгөөд чанар чансаагаар дэлхийд алдартай Египетийн урт ширхэгт хөвөнтэй өрсөлдөж байна.
Шинжаан жимс жимсгэнийн өлгий нутаг билээ. Жимсний талбай нэлээд их, төрөл зүйл олон, чанар ч сайн. Усан үзэм, Хамигийн тарвас, тарвас, алим, лийр, гүйлс, тоор, анар, интоор, удамбар, хушга, бадам гүйлс зэрэг сэрүүн бүсийн жимс жимсгэнийн бараг бүх төрлийг тарина. Эдгээрээс Турфаны усан үзэм, Хамигийн тарвас гойд сайхан үнэр амттай.
Мал аж ахуй
Шинжаан 40 гаруй сая толгой мал, 570 мянган ам дөрвөлжин км бэлчээр нутаг бүхий Хятадын мал аж ахуйн томоохон бүсийн нэг юм. Эрт үеэс адуу элбэгтэй, таван хошуу малаас гадна луус, сарлаг адгуулах бөгөөд хонины махан бүтээгдэхүүний хэмжээгээр Хятадад хоёрт ордог. Газар нутгийн 87 хувь нь бэлчээр, тариалан, ой мод юм. Мал аж ахуй хөгжүүлэх үндсэн нөхцөл болох бэлчээр усаар баян.
Шинжаан бол Хятадын мал аж ахуйн шилмэл үүлдрын мал өсгөх бааз юм. Тэнд шинжааны нарийн ноост хонь, хятадын мярнуусан (меринос) хонь, шинжааны хурган арьст хонь, шинжааны хүрэн үхэр, или адуу, илийн цагаан гахай, шинжааны хар гахай зэрэг сайн үүлдрийн мал бий. Эдгээр нь биологийн шинжлэх ухааны өвөрмөц онцлог бүхий өндөр үнэтэй сайн үүлдрийн мал бөгөөд Шинжаан төдийгүй Хятад улсын мал аж ахуйн чухал баялаг, үнэт удмын сан юм.
Өвөрмөц онцлогтой аж үйлдвэр
Шинжааны өвөрмөц онцлог бүхий үйлдвэрлэл архи нэрэх, ундаа, сүүн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний химийн аж үйлдвэр, үнэртэн, эрдэнийн чулуу боловсруулах, чихэр хийх, үндэстний хэрэглээний зүйл зэрэг арван хэдэн төрөл бий. Аж үйлдвэрийн хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүнд улаан лооль, үзмийн архи, жимс, ундаа, зөрөг цэцэг, чихрийн манжин, эрдэнийн чулуу боловсруулах, ардын өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн зэрэг хэдэн төрөл байна. Үүнээс гадна шимийн архи, айраг, уйгур эмийн зүйлээр түүхий эд болгосон төрөл бүрийн чадавхтай хүнсний бүтээгдэхүүн, ундаа зах зээлд маш их эрэлттэй.
Д.Гүнтөмөр