Хятад, Монгол хэлнээ бичигдсэн 7000 гаруй номтой танилцаарай
08-29-2016 16:28


Улаан, цагаан, цэнхэр, шар өнгө өнгийн хавтаснаас нь эхлээд сонирхол татах 7000 гаруй номын үзэсгэлэн Үндэсний уран зургийн галерейд дэлгэгджээ. Хятад, монгол хэлнээ бичигдсэн эдгээр номыг Өвөрмонголын дөрөв дэх удаагийн соёлын өдрүүдийн хүрээнд “Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян-Улаанбаатар” гэсэн сэдвийн дор олон нийтэд толилуулж буй нь энэ.
Үзэсгэлэнгийн талаар ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хороон дарга Б.Батбаяр ярихдаа “Энэ удаагийн үзэсгэлэнд манай хорооноос 300 төрлийн 1200 ширхэг монгол ном, 250 төрлийн 500 гаруй хятад номыг танилцуулж байна. Эдгээр номнуудаас анагаах ухааны салбарын ном бүтээл ихэнх хувийг эзэлнэ” хэмээн танилцууллаа.
Мөн үзэсгэлэнд дэлгэгдсэн номнуудаас ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны профессор Ё.Эрдэнэтогтохын найруулан бичсэн “Монгол үндэстний хууль цаазын тулгуур бичиг”-ийг уншигчид сонирхон уншиж байв. Энэхүү номонд Их монгол улс байгуулагдсан түүхээс эхлэн Шинэ дундад улсын одоогийн хууль цаазыг тусгажээ.
Уг үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Жэжян мужийн дөрвөн том хэвлэлийн хорооноос нийтэлсэн уран зохиол, аялал жуулчлал, эм эмнэлэг, эрүүл мэнд, сувилал, мал аж ахуй, хүүхдийн ном зэрэг олон төрлийн номыг багтааснаараа онцлог юм.
Үндэсний уран зургийн галерейд дэлгэсэн эдгээр ном бичгийг Монгол Улсын үндэсний номын сан хөмрөгт бэлэглэж байгаа юм байна.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ














