CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хятадын биет бус өвийн үзэсгэлэнд саатаарай

08-23-2016 15:03

 

Уулын хоёр гөрөөс шиг
Усны хоёр ангир шиг
Урт хүзүүтэй тогоруу шиг
Урт насалж, удаан жаргахыг билэгдсэн монгол хатгамалтай дээл олны анхаарлыг татаж байв. Уг дээлийг ӨМӨЗО-ны малчин эмэгтэй Г.Алайхүү оёсон бөгөөд тэрээр нөхөр хүүгийн хамт ӨМӨЗО-нд амьдардаг байна. Тэрээр “Миний аав их сайхан ерөөлч хүн байсан. Намайг бага байхад хүүхэн хүнийг хүүхэн ёсоор, айлын бэрийг бэрийн ёсоор ерөөдөг байв. Мөн миний бага насанд үйлэнд ур биш хүүхэн эрд мордож чадахгүй хэмээн үйлэнд сургаж байсан. Энэ мэт нарийн утга учир, уран шаглааг илэрхийлсэн дээл хувцасаа өмсөж, явахыг багаас минь надад сургасан” хэмээн хуучиллаа.

Энэ удаагийн Өвөрмонголын дөрөв дэх удаагийн соёлын өдрүүдийн хүрээнд өөрийн оёсон уран хатгамалуудаа олон нийтэд сонирхуулж буй нь энэ юм. Малчин бүсгүй Г.Алайхүүгийн гараар хатгасан монгол дээл, гутал, малгай, хөөрөг, гаансны уут бүр нь уран нарийн хатгамалан чимэгтэй.
Түүний оёсон дээлний хормойд хос гөрөөс, ангир, тогоруу цөм дүрслэгдсэн байх аж. Мөн айл гэрийн голомт залгах хүүгийн бүс, малгай, дээл тэргүүтэнг үргэлж дээдлэх учиртай бөгөөд мөнх хөх тэнгэр, гал голомтыг билгэдсэн тод өнгөөр дээл оёж, хатгамал хатгадаг ёстой.
Харин ганц бие бүсгүйн дээлэн дээр усны шувуу, хүрэн эрээн эрвээхэй зэргийг дүрсэлж болох бөгөөд хадамд мордох бүсгүйн дээлэнд тэнгэрийн амьтныг дүрслэхийг цээрлэдэг ёстой. Мөн шинэхэн хос үр ачаар өнөр өтгөн байхыг билгэдэн лам хүний шар өнгөтэй хувцас хэрэглэхийг цээрлэдэг ажээ.

Монгол хатгамлыг торго зэрэг зөөлөн материал дээр өвс цэцэг хатгах буюу тэмээн ноосон утас, үхрийн шир, хонины ноос, арьсан гутал зэрэг хатуу материал дээр хатгадаг байна.

  

 Мөн уг үзэсгэлэнгийн дэргэд Хятадын цаасан урлал буюу цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Уг цаасан хайчилбар нь Хятад улсад өргөн дэлгэрсэн эртний түүхтэй ардын уламжлалт урлагийн нэг ажээ. Хятадын Өвөрмонголын цаасан хайчилбар нь нүүдэлчин ард түмний соёл болон төв Хятадын газар тариалангийн соёлтой салшгүй холбоотой юм.
Цаасан урлал нь Бугат хот, Ордос хот, Хорин гэр шянь, Кайлү шянь, Түчюань шянь зэрэг олон үндэстэн холилдон оршин суудаг  газар ихэд түгэн дэлгэрсэн байдаг. Ийн нэн эртний түүхээ уламжлан авч яваа ӨМӨЗО-ны ард түмний биет бус өвийн үзэсгэлэнд саатаарай.

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.news.mn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100