Хятадын соёлын өдрүүд эхэллээ
08-19-2016 14:52
Өвөрмонголын дөрөв дэх удаагийн соёлын өдрүүд нь “Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян-Улаанбаатар” гэсэн сэдвийн дор өчигдөр /2016.08.18/ Үндэсний уран зургийн галлерейд нээлтээ хийлээ.
Энэхүү соёлын өдрүүд энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Хятад орны үзэсгэлэнт байгалийг ховор гэрэл зургийн бүтээлүүдээс харж болох юм. Өөрөөр хэлбэл Хятадын 30 гаруйн алдарт гэрэл зурагчид Хятад нутгийнхаа байгалийн үзэмж, хүмүүнлэг соёлын бүтээл, Өвөрмонголын хотуудын барилга байгууламжийг гэрэл зургийн хальснаа буулгаж, монголчуудад ийнхүү танилцуулж байна. Мөн гурван өдөр үргэлжлэх ӨМӨЗО-ны соёлын өдөрлөгөөр БНХАУ-ын түүхэн номнууд, уран бичлэгийн бүтээлүүдтэй танилцах боломжтой. Учир нь монголын уран бичлэгийн үзэсгэлэнд Өвөрмонголын сүүлийн үеийн уран бичлэгийн хөгжлийг харуулсан Монгол уран бичлэг болон сийлбэрийн 90 гаруй ширхэг бүтээлийг дэлгэн тавьжээ. Харин биет бус соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд Хятадын биет бус соёл олон төрлөөр хөгжсөн болохыг батлах усан хэвлэлийн барын зураг, монгол хатгамал, цаасан хайчилбар зэрэг дөрвөн салбарын биет бус соёлын өвийг уламжлагчид газар дээр нь зохион бүтээж үзүүлж байна. Мөн Үндэсний уран зургийн галлерейд нээлтээ хийсэн VR техникийн “Үзэсгэлэнт Хятад орон” үзэсгэлэн нь VR техникээр 3D зураг бүтээн, хэрэглэгч зориулалтын тоног төхөөрөмжид түшиглэн Хятад оронтой танилцах боломжийг үзэгсдэд олгож буй юм. Харин Монгол, Хятад хоёр орны сэтгүүлчдийн VII форум өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн форумаар хоёр орны сэтгүүлчид Монгол, Хятад улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг онцлон ярьж, хоёр улсынхаа хамтын ажиллагааг хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан өргөжүүлэх гарц хайх юм. Төлөвлөгөөний дагуу Монгол Улсад өрнөж буй үйл явдал, Улаанбаатар хотын түүхэн танилцуулга зэрэг Хятад орны хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлбэл Монголыг Хятадад танилуулах сурталчлах ажил цаашид амжилттай үргэлжилнэ хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид ярилаа.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэдхэн жилийн өмнө Авьяаслаг Хятадууд шоунд МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг дуулж олны хайрыг хүртсэн дуучин хүү С.Уудам болоод түүний Таван тансаг Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын концерт өчигдөр СТӨ-нд боллоо. Мөн хятадын хүүхдийн жүжгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Харин Хятадын номын үзэсгэлэнд ӨМӨЗО болон Жэжян мужийн таван том хэвлэлийн хорооноос нийтэлсэн хятад, монгол хэлээр бичигдсэн 7000 гаруй ном бичгийг дэлгэн харуулжээ. Тухайлбал, уран зохиол, аялал жуулчлал, эм эмнэлэг, эрүүл мэнд, сувилал, мал аж ахуй, хүүхдийн ном зэрэг олон төрлийг багтаасан байна. Эдгээр ном бичгийг Монгол Улсын үндэсний номын санд бэлэглэх бөгөөд ном бэлэглэх ёслол энэ сарын 21-нд Монгол Улсын үндэсний номын санд болох юм. Ийнхүү Үндэсний уран зургийн галерейд албан ёсны нээлтээ хийсэн соёлын өдрүүдийн арга хэмжээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хорооны хэвлэл мэдээллийн албаны дэд дарга хатагтай Цуй Юу Ин, ӨМӨЗО-ны Намын хорооны гишүүн, Сурталчилгааны албаны дарга Хатагтай Улаан, БНХУА-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминь, Монгол Улсын БСШУСЯ болон ГХЯ-ны удирдах албаны хүмүүс, хоёр улсын соёлын салбарын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Д.УУДАМ
Зураглаач Н.БАТМӨНХ