CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

БНХАУ-ы Күнзийн Институтын нэрэмжит зуны сургалт , аяллын тэмдэглэл

08-15-2016 14:16

Миний бие 2011 онд анх удаа БНХАУ-д хөл тавьж үзсэн бөгөөд энэ удаагийн аялал маань БНХАУ-д 6 дахь удаа ирж байгаа аялал билээ. Урд нь Бээжин, Хөх хот, Шилийн хот, Эрээн хот зэрэг хотуудаар аялж байсан. Харин энэ удаад Хятадын өмнөд орон болох үзэсгэлэнт Шандунь мужаар аялах болсондоо ихээхэн баяртай байгаа билээ.

Далайн зөөлөн уур амьсгалтай Жинан хот эрс тэс уур амьсгалтай манай орноос маш их ялгаатай байлаа. Бүгчим халуунд удаан байж үзээгүй бидэнд хэтэрхий бүгчим санагдаж байсан ч маш чийглэг учраас арьс зөөлөрч чийглэг болдог сайн талтай нь илт мэдрэгдлээ.
 Мөн Шандунь мужийн газар нутаг эргэн тойрон нов ногоон бөгөөд өндөр уулс болон өмнөд их далайгаар хүрээлүүлэн оршдгоороо тал газар ихтэй манай орноос үзэмжийн хувьд ч их өөр харагдана.

Хоол ундны хувьд ч сам хорхой, хясаа гэх мэт далайн гаралтай хоол хүнс элбэг бөгөөд ногоо, жимсийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэдэг нь мөн л малын мах, сүү, цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг биднээс ондоо.
 Энэ мэтчилэн Хятадын өмнөд орны соёл амьдралын хэв маяг нь урьд үзэж байгаагүй өөр мэдрэмжийг төрүүлэх агаад энд тэндгүй хаа нэгтээ яарсан залуус холхилдоно...
 Энэ удаагийн аяллын маань хамгийн гол онцлог, ач холбогдол нь өнө эртний түүхтэй Шандунь мужийн их сургуулийн зочид буудалд /学人/  байрлан,  өөрийн биеэр сургуулийн дотоод орчин, оюутнуудын амьдралаас мэдэрч нөхцөл байдлыг нүдээр үзэн тодорхой ойлголтыг авч чадсанд оршиж байна. Олон улсын их сургуулийн оюутны хотхон, хичээллэх байрууд, асар том номын сан, хоолны газар, спортын талбай, цогцолбор, амарч тухлах цэцэрлэгт хүрээлэн, зам талбай, мод сөөг гэх мэт маш том байгууламжууд нь нүд булаам содон. Ази, Европ, Америк, Африк гээд тив тивийн оюутнууд энд тэндгүй холхилдох нь тус сургуулийн хэр зэрэг томыг илтгэн харуулна.

Мөн Хятад хэлийг суралцаж буй бидэнд маш бага зардлаар орчинд нь сурсан хэлээ сайжруулах, өөрийн сурсан хэлийг ашиглах, хэрэглээ болгоход томоохон түлхэц болж өглөө. Түүгээр зогсохгүй чадварлаг Хятад багшаар хичээл заалган, өөрийн түвшин хэр байна вэ, цаашид хэрхэх вэ гэдгээ сайтар ойлгож, мэдлээ. Тиймээс Хятад улсад цаашид суралцахад ямар байх талаар тодорхой ойлголттой болж чадсан гэж бодож байна. Мөн бид эртний Хятадын түүх соёлын талаархи хичээл, сургалтанд хамрагдаж, нэн эртний түүхтэй танилцаж, түүх соёлын талаархи мэдлэгээ зузаатгалаа.
 Аялал, сургалтын маань салшгүй нэг хэсэг нь Номхон далайн эргийн сүр жавхлантай шинэ хот болох Чиндао /青岛/ хотоор аялсан явдал юм. Арван тавхан жилийн дотор орчин цагийн том хот болтлоо хөгжиж чадсан Чиндаод далайн доогуурх зам, далайн дээгүүрх гүүр гэх мэт нүсэр бүтээн байгуулалтууд болон далайн эргийн үзэсгэлэнт өндөр барилгууд сүндэрлэн байна. Энэхүү том бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, Номхон далайн усанд орж, тоглож наадан зугаалсан нь үнэхээр таатай сайхан байв.


Мөн нийслэл Бээжин хот дахь дэлхийн долоон гайхамшгийн нэг болох “Их цагаан хэрэм”-д гарч, түүхийн жимээр аялж танилцсан нь бахархууштай байлаа.

Эцэст нь хэлэхэд энэхүү сургалт, аяллын хөтөлбөрт оролцсон нь миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан бөгөөд надад болон бусад сурагчдад энэ сайхан боломжийг олгосон Дархан-Уул аймгийн “Цайхун” сургуульдаа болон Монгол, Хятад бүх багш нар, Күнзийн институт, Шандунь их сургуулийхандаа маш их баярлаж байгаагаа илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


Дархан-Уул аймгийн “Цайхун” сургуулийн төгсөгч  Б.Ариунжаргал


  Шандунь муж, Жинан хот. Шандунь их сургууль.

 

2016.08.07-ны өдөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100