CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Том хэлбэрийн дуурийн жүжиг-"Баатар Жангар"-ыг анх удаа тайзнаа тоглов

08-04-2016 10:29

Шиньжяний Уйгарын Өөртөө Засах Орны Тарвагатай аймгийн Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний "Жангар"-ын соёл, аялал жуулчлалын 9-р наадам, Ховогсайрын 17-р наадмын чухал нэгэн агуулга болох том хэлбэрийн дуурь "Баатар Жангар" хэмээх жүжгийг 7-р сарын 29-ний орой Ховогсайр суурингийн биеийн тамирын ордны тайзнаа анх удаагаа тоглож, үзэгч олны мэлмийг мялааж, оюуныг баясгалаа.

Ховогсайрын "Жангар" урлагийн хамтлаг, Ляо-нин мужийн Паньжинь хотын урлагийн хамтлагийн хамтран тоглосон 7 бүлэгт энэ дуурийн жүжигт баатар Жангарын өсч төрсөн, түүний 12 баатар, хатад болон тэдний оршин амьдардаг бумбын орны төрх байдлыг дүрслэн харуулсан бөгөөд баатар Жангар жанжин дайчдаа манлайлан удирдаж, ад шулмас, атаат мангастай олон удаа дайтан тэмцэж, эцсийн бүлэгт бүгдийг нь устган дарж, дайн дажингүй, өвдөж өтлөхийн зовлонгүй мөнхийн залуугаараа, өвс бэлчээр өвөл зунгүй ногооноороо байдаг "Бумбын орон"-ыг бүдээн байгуулсан үлгэр домгийг магтан дуулсан байна.

Ойрд монголчуудын ур ухаанаар зохион бүтээгдсэн "Жангар"-ын тууль бол Монгол үндэстний эртний уран зохиолын доторхи содон гайхамшигт 3 оргилын нэг бөгөөд мөн Хятадын үндэстний цөөнхүүдийн 3 том туулийн нэг нь юм. Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шянь нь "Жангар" туулийн өлгий хэмээн алдаршсан газар бөгөөд урт хугацааны турш "Жангар"-ын соёлыг хамгаалан хөгжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ. Тэд 2006 онд "Жангар" туулийг Хятадын үндэстний биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлж, 2011 онд дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлээд байгаа. Үүнээс гадна, Ховогсайр шянь үндэстний соёл, "Жангар"-ын соёлын хамгаалалтын олон арга хэмжээ зохиож, олон төсөл хэрэгжүүлэн, жил болгон "Жангар"-ын соёлын аялал жуулчлалын наадам, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг баялаг агуулга хэлбэр бүхий арга хэмжээнүүдийг амжилттай зохион явуулсан байна.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100