CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Тал дээр боссон Шанхайгаар дайраад өнгөрлөө

07-25-2016 15:56

Хятадын хөгжлийн загварыг Шанхай хот тодорхойлдог гэж ярьдаг. Тэгвэл Ордос хотыг тал нутгийн Шанхай хэмээн нэрийдхэд нэг их буруудахгүй санагдлаа. Ордос нутаг хэзээнээс түүх соёлоороо гайхуулдаг. Зан заншил хүндлэх, хүндэтгэх ёс өвөрмөц. Их хааны онгоныг сахин тахиж буй нутаг гэдгээрээ хол ойрдоо цуутай. Ийм л эртний Ордос. Өнөө цагийн тал нутгийн Шанхай хэмээгдсэн хотоор дайраад гарсан замын сонин содонг уншигч танд хүргэе.

 Бээжингээс хөөрсөн онгоц цаг гаруйхан нисээд Ордос хотын олон улсын нисэх буудалд буулаа. Онгоцны буудал нь Бээжингийн Капитал буудлаас дутах юм алга. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үнэн юм. Хотоосоо нэлээн зайтай дэг. Баруун хойд чигтэй машинаар хагас цаг хэртэй яваад Эзэн Чингисийн онгон хүрдэг юм байна. Тэндээсээ зүүн урагшаа бас л энэ хэртэй яваад Эзний хошуу залгаад шинэ Ордос хот. Зам нь өргөн машин тэрэг цөөн. Хүн төдийлөн харагдахгүй энэ хотоор 10 минут хэртэй давхиад бид буудалдаа ирлээ. Саяхан ашиглалтад орсон бололтой буудлын 21 давхарт гол тийш харсан цонхтой өрөөнд би тухлав. Ажил алба нэг Норов ах их хотын байр байдлыг харуулах гэж зориуд өндөрт энэ өрөөг авсан гэлээ. За анхны сэтгэгдэл...
- Үнэхээр сайхан хот юмаа. Тал нутгийн айвуу салхи шанх илбэх салхивчаар хол ойрыг харангаа би ингэж хариуллаа. Тиймээ сайхан хот байна.
Олон хүний амнаас Ордос нутгийг байгалийн баялаг ихтэй гэж сонсч байлаа. Нүүрснээс эхлээд ховор элемэнт энэ л нутгийн бор хөрсөн доор бий аж. Нүүрсний алтан үе буюу 2000 оноос эхлэн уул уурхайн олборлолт маш их хийгдсэн гэнэ.. Тэртусмаа нүүрснээс олсон орлого Ордос хотод үлдсэн ашиг нь нүдэнд тусах энэ шинэ хот, шинэ хороолол орчин үеийн загвар дизайн бүхий барилгууд аж. Хүн ам цөөтэй санагдлаа. Гэвч түм түжигнэж бум бужигнах цаг тун удахгүй бололтой. Бэлэн хот, бэлэн орон сууцнууд тохилог орчин энд эздээ хүлээж байна. 

 Бид оройн хоол идэхээр гарлаа. Нэлээн хол очиж хоол идэх бололтой. Норов ахын утас ч зай чөлөөгүй дуугарах. Аргагүй л нутагтаа ирсэн хүн мэт байх аж. Буудлын дэргэдэх голоор шинэ хуучин Ордос хот зааглагддаг гэнэ. Ингээд л давхчихлаа. Гудамжны хоёр талаар сүүлийн үеийн загвар хийц бүхий тун өвөрмөц барилгууд жирэлзэнэ. Номын сан нь ном шиг хэлбэртэй.  гэх мэтчилэн ер нь барилгын хийц маяг үнэхээр янзтай. Мод цэцгийг ч тарих шиг болж. Хот гэхэд цэлийгээд л байх нь тэр. Гудамж талбай зам харгуй ч тэр чихэлдэх түгжрэх асуудал үнэхээр алга.

 Ингэж энэ тэрийг сонирхож явсаар шинэ хуучин Ордос хотыг хөндлөн нэвт туулаад цааш давхив. Хотоос гараад бараг цаг хэртэй давхисны дараа баруун хойшоо эргэлээ. Хөдөө очиж тэрдундаа элсэн манханд хоол идэх янзтай. Ордос нутгийн түүх өнө эртнийх, байгаль ахуй тансаг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг маш их хөгжүүлж байгаа гэнэ. Гэхдээ тун өвөрмөц байдлаар..Зүгээр л элсийг мөнгө болгож байна. Элсийг моджуулж, түүнд хүн саатаж амрах орчинг бий болгож байгаа аж. Элсэн манхан дундах усан санд хэвтэнгээ элчилгүй хөх тэнгэрийг ширтэн бодолд автахуй ямархан бол... Ингэж л гадаад дотоодын жуулчдыг Ордос нутгийхан даллан татаж байна.
Ордост зочилсон хүн эхлээд Эзэнхороо хошуунд байдаг Чингэсийн онгонг зайлшгүй сонирхдог. Харин дараа Далад хошууны бүрээ манх, хүвчийн манх, Муу ус элсэн цөлд буй Их шаа улсын үеийн туурь зэрэг эртнээс алдартай газруудаар аялаж амралтаа өнгөрөөдөг аж.
 Бид засмал замаас салаад элсэн манхан дундуур сүлжэн давхилаа. Тун ч их элстэй юм. Шарваж тоглоод л байх нь тэр. Тусгай зориулалтын тоноглол бүхий машин унасан аялагчид энд харин ч нэг наадаж байна. Дүрэм үгүй  хурд хүч залуу нас... Манханы тэртээ өндрөөс хурд хүч ааглуулан буух тэднийг хараад багахан атаархах сэтгэл төрлөө. Монголын алдарт 33 говийнхоо ядаж нэгэнд нь ийм амралт зугаалгын бүс байгуулчихвал ч гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Энд ер нь хүнийг зугаацуулах, аялагчдийн сэтгэлийг татаж болох юу байна. Тэр бүгдийг бүтээж босгожээ. Ингэж явсаар хоёр гэрийн дэргэд ирлээ. Манай хэд зориуд олон хүнтэй газраас зайлсхийж энд иржээ. Ингээд Ордос маягын хоол унд идэж энэ тэрийг хөөрөлдөж дуулж хуурдсаар үдэш болгов. Дахиад нэг газар үзэх ёстой гэнэ. Эргээд л элсэн манхан дундуур давхилаа. Давхиж давхиж нэг томоохон хашааны гадаа ирэв. Хоёр талыг нь торлосон тусгай зориулалтын машин биднийг тосож суулгаад манхан өөд зүтгэчихлээ. Гайхалтай элсэн манханы орой дээр шил толь болсон буудал... Бидний хэсэг нөхөд өөр зуураа л элсэн дээр барилга барьж болох уу. Бүр элсэн манханы орой дээр шүү гэсээр дотогш яваад орлоо. За тэр доторхи орчин өнгө дизайн тав тух гэж янзтай. Ямар ч хүн орвол хоноод явмаар. Хоносон хойноо өнжмөөр санагдах гайхалтай орчинг энд бүрдүүлжээ. Хоногийн 1400 юань гэсэн байх шүү. Хоол унд бүх үйлчилгээтэйгээ. Монгол мөнгөөр 450 мянга орчим юмуу даа. Энэ буудлын хамгийн дээр байх усан бассей их таалагдлаа. Амрагчид ч ихтэй юм. Элсэн дээр барилга барьж чаджээ. Манхан дунд цөөрөм байгуулжээ. Орчин үеийн тоноглол бүхий машин унаанаас эхлээд тэмээ морин аялалаар жуулчдыг татаж байна. Ордос нутгийхан. Хаана л явна. Бүтээх босгох хөгжүүлэх тухай яриа өрнөх нь содон сайхан санагдлаа.


                                                                                                                   

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100