Хамгийн том арал муж Тайвань
07-14-2016 17:39
Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг бөгөөд хамгийн том арал муж юм. Тус муж Тайваний олтриг, Ланьюй, Люйдао, Дяо-Юйдао зэрэг 21 харьяа арал, Пэнхү олтригийн 64 арал, нийт 85 том, жижиг арлаас бүрдэнэ. Тайвань арал Тайваний хоолойгоор Фүжянь, Гуандүн мужтай зах нийлнэ. Арлын баруун хойд үзүүр эх газраас 140 км зайтай. Харьяа арлуудыг оруулаад мужийн нийт нутаг дэвсгэр 36.1 мянган ам дөрвөлжин км, үүнээс Тайвань арал 35 мянга 780 ам дөрвөлжин км буюу хэмжээгээр нийт талбайн 90 гаруй хувийг эзэлнэ. Пэнхүгийн арлуудын талбай 127 ам дөрвөлжин км буюу мужийн хэмжээнд хоёрт ордог. Тус мужийн эргэн тойрны усан хилийн нийт урт 1600 км. Тайвань Номхон далайн бүс нутгийн орнууд болон далайд гарцтай бусад орны усан замын уулзвар, чухал ач холбогдолтой газар нутаг юм.
Тайвань арлын газар нутгийн гуравны хоёр нь өндөр уул, дов толгод юм. Жүнян, Цаст, Юйшань, Али, Тайдүн зэрэг таван том уул нуруутай. Жүнян нуруу Тайвань арлыг зүүн баруун хоёр хэсэг болгоно. Тайвань арлын уулсад 3000 метрээс өндөр 202 оргил, 3500 метрээс өндөр оргил 44 бий. Тайвань уул нуруу, хур бороо ихтэй болохоор гол мөрөн ч олон. Харин байгалийн нуур цөөн, ихэнхийг нь усан сан болгон өөрчилсөн юм. Ри Юэтань буюу Наран саран нуур бол Тайваний хамгийн том өндөр уулын нуур юм. 36 ам дөрвөлжин км талбайтай, далайн төвшнөөс дээш 760 метрийн өндөрт байдаг энэ нуур Тайваний аялал жуулчлалын томоохон цогцолбор билээ. Тайвань арал халуун дулаан завсрын бүсэд байдаг болохоор уур амьсгал урин дулаан, өвөлдөө дулаан, зундаа хэт халахгүй, дунджаар +22 хэм орчим байдаг.
2014 оны эцсийн тоо баримтад тэмдэглэснээр, Тайвань муж 23.4 сая хүн амтай, 98 хувь нь Дэлхийн II дайны үеэр Хятадын Фүжянь, Гуандүн хоёр мужаас нүүж суурьшсан хятад үндэстэн, үлдсэн 2 хувь нь Тайваний нутгийн уугуул иргэд юм.
Хятад улс Европ, Африк, Өмнөд Ази, Австралитай усан замаар харилцахад Тайваний хоолойгоор заавал дайран өнгөрдөг. Тайвань байгалийн баялаг ихтэй, ус, ой мод, загасны аж ахуй хөгжсөн. Байгалийн баялаг ихтэй, нүүрс, байгалийн хий, алт, төмрийн хүдэр, мөнгөний орд уурхайтай. Эдийн засаг нь хүчирхэгжин хөгжих болсон 1980-аад оны үеэс Азийн таван барын нэгд тооцогдох болжээ. 2014 оны байдлаар, Тайваний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5170 ам.доллар хүрч, дэлхийд 25-д орсон юм. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 22 мянган ам.доллар, худалдан авах чадамжийн үнэлгээгээр тооцвол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40581 ам доллар бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд 17-рт орж байна. Тайвань гадаад валютын нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог. 2013 онд Тайваний хүний хөгжлийн индекс 0.882 буюу дэлхийд 21-т орж, хүний хөгжлийн өндөр төвшинтэй газрын эгнээнд багтаж байна.
Тайвань мужийн нийт газар нутгийн 24 хувь нь газар тариалан эрхлэхэд тохирох шимтэй хөрстэй, дулаан уур амьсгалтай тул жилд 2-3 удаа ургац хурааж авдаг. 1952 онд газар тариалангийн салбарын ДНБ-д эзлэх жин 35 хувь байсан бол өдгөө хоёрхон хувийг эзэлж байна. Тайвань 1980-аад оноос эхлэн шинжлэх ухаан аж үйлдвэрийн парк олноор байгуулж, компьютер, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, нэмүү өртөг их шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэлээр уламжлалт үйлдвэрлэлийг орлуулах болжээ. Өдгөө Тайваний электрон мэдээллийн салбар тус мужийн эдийн засгийн чухал хөшүүрэг төдийгүй дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон юм. Үйлчилгээний салбар, мэдээллийн технологийн үйлдвэрлэл тус мужийн ДНБ-ий нийт хэмжээний талаас илүү хувийг эзэлж байна.
Тайвань эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр, 2000 гаруй жилийн өмнө Хятадын эх газрын иргэд Тайваний ард түмэнтэй хэлхээ холбоотой байсан юм. XIII зууны үед Юань улсын засгийн газар Тайваньд түшмэл тохоон томилж засаг захиргааны удирдлага хэрэгжүүлж байв. 1624 онд Португали, Испанийн колоничлогчид Тайваньд цөмрөн орсон юм. 1662 онд Хятадын үндэстний баатар Жэн Чэнгүн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж Тайванийг буцааж авчээ. 1683 онд Манж Чин улсын засгийн газар Тайванийг нэгтгэж Тайвань мужийг байгуулав. 1895 оны Хятад Японы дайны дараа Япончууд Тайванийг булаан эзэлжээ. 1945 онд Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны дараа Тайвань эх орныхоо мэдэлд шилжсэн юм.
Тайбэй хот Тайвань мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, үйлдвэр худалдааны төв юм. Тайбэй хот 3 сая шахам оршин суугчтай. Мужийн үйлдвэр худалдааны хамгийн том төв, бүс нутаг, тив, дэлхийн худалдаа, аж үйлдвэр, банк санхүүгийн салбар, томоохон байгууллага нэгж төвлөрсөн газар юм. Тайбэй хотод Тайваний их сургууль, Улс төрийн их сургууль, Багшийн их сургууль, Жүншин их сургууль, Дүн-Ү их сургууль, Хятадын соёлын дээд сургууль зэрэг 20 гаруй их дээд сургууль бий. Тайвань мужид Тайбэй хотоос гадна Гаошүн, Тайжун, Тайнань, Жилун зэрэг худалдаа аж үйлдвэрийн томоохон боомт хот, Бэйтоугийн халуун рашаан, үзэсгэлэнт Янмин шань уул зэрэг олон улсын амралт сувилал, аялал жуулчлалын томоохон цогцолбор бий.
Д.Гүнтөмөр