CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Их далайн эрэг дээр

07-13-2016 18:04

 


Их далайн мандалд хөвөх сарыг ажин зогсох зуур... Айсуй цаг хугацаа их усыг эргээсээ түрэн давалгаалж,  эргээд цахлан хойшлох нь харагдана. Чингэхдээ үлгэр домог, хууч түүх, зөн билэг, хэмжээлшгүй орчлон ертөнцийн нууцыг эрчлэх давалгаандаа ил нэг гаргаж, далд нэг нуун урсах бөлгөө.  
Энэ их уснаас дайчин өвгөдийнхөө уухайг сонслоо. Сая миний магнайдаа судар мэт хүргэн адис авсан энэ их уснаас дэлхийн газрын зургийг бүхлээр нь өөрчлөсөн дайчин  өвгөд маань  морио усалж зогссон. Тэнгэр тэнгис  хоерын  дунд, үүл давалгаа хоерын завсар өвгөдөөс маань өөр хүн ертөнцөд үгүй мэт байсан тэр цагийг дурсан их ус  хүрхэрч дуулдана.  Тас харанхуй шөнө   тэнгэр  ташуурдах  мэт цахилгаан, далай тэр чигэээрээ дээрээс урсах  мэт аадарын чимээтэй л зүйрлэж болох дайчин өвгөдийнхээ уухайг энд сонслоо.
Далай ээжийн эрэг дээр ирээд зөн совин минь сэржээ. Өндөр өндөр  уулсын оргил  далайн ероолд бултайхыг үзлээ. Өчүүхэн төдий сэвэлзэх салхи үгүй атал их усны зүгээс сэрүү татах нь  надад уулсын оргилыг эзлэн суусан мэт санагдана. Зуун зүгээс зуун гол урсан  нийлж, уулсын оргилыг энд эзэлжээ. Олон, олон  толгод бүрэлдэн уул болж ероолд нь  тогтжээ. Их уулс их ус  хорших энэ чимээ ертөнцийн үүсэл байсан гэдэгт би итгэнэ. Зөн совин мэдэрхүй маань, далай ээжийн давалгаан дээрээс өндийж тэнгэр өөд үсчих нь сонин .
Их далайгаас амар амгаланг мэдэрнэм. Өөртөө минь адил өрвөгөр жаахан  бялзуухай эргийн алаг чулуун дээр цомцойн суухыг харлаа. Түүний тариан чинээ нүдэнд их ус тэрчигээрээ багтахыг хараад  хэмжээ хязгааргүйн тухай бодлоо би хумилаа. Амьдран буй дэлхийгээс маань үй түмэн одод нүдний өмнө нэгэн зэрэг гялалзаад сансар орчлонг бүтээдэг шиг. Аяа атгын чинээ бялзуухайн нүдэнд бүхлээрээ багтсан их далай минь. Таны  эрэг дээр ирээд би сансар огторгуйг эзэлсэн мэт их амгаланг мэдэрлээ.
Үүлс хөлөглөж асарлан дүнхийх уулсын тэртээгээ далай цэнхэртэнэ. Далай олон өнгөтэй гэж хэн хэллээ. Үнэн  юм байна. Хар, цагаан, цэнхэр бас час улаан өнгөс далайн мандалд солонгорон  байхыг би  үзлээ. Ямархан бийрээр ийм өнгө будгийн хослолыг яруухан зурдаг байна гэж бодохуй их усанд гараа дүрлээ.  Тэрүүхэн тэндээс олон жижиг  цагираг гарын аясаар үүсч улмаар их далай энгээр тархах зуур  давалгаа замхаруулан одлоо. Орчлонг хэрж гүйцээд сульдсан мөрөөдөл минь амилан сэргэжээ. Их далайн эрэгт.
 Би далайгаас  буцаж явна. Айсуй намар өмнөөс үнэртэнэ. Үлгэр домог, хууч түүх, зөн билэг, хэмжээлшгүй цаг хугацааг эрчлэх давалгаандаа  ил нэг гаргаж, далд нэг нуун урсах далай ээж ард үлдлээ. Өмнөөс минь хаа хүрээд дуусах нь  үл мэдэх харгуй зам намайг тосон босож байлаа.
                                                                                         

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100