CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Алтан гандарын шилд бууж мордсон тэмдэглэл

07-05-2016 14:20

 

Их хааныхаа онгон шүтээнд мөргөөд ирлээ. Ордос нутаг Алтан гандарын шил 800 зууны тэртээ ч ийм л байсан боловуу гэмээр дуниартанхан байна. Сайхан тал хөндий юм. Онгоцноос буугаад л Чингисийн онгоны зүг хөдөллөө. Дов сондуул зөөлөн бор шороотой бас их элсэрхэг газар аж. Юу ч ургаж мэдэхээр хөрстэй. Мод их тарьжээ. Бас арц шаваг бударгана ургасан харагдана. Тэртээ хойд хөндийд баатар эрийн малгайн хэлбэр бүхий хөх дэвсгэр дээр цагаан угалз шигтгэсэн дээвэр бүхий гурван том гэр зэрэгцүүлэн барьсан мэт байгууламж нь миний зорьж буй Чингис хааны онгон гэнэ. Бага үдийн наран чамгүй халах шинжтэй. Засмал зам онгоны баруун урдуур чигтэй хөтөлсөөр. Нар зөв эргэж их хааны онгоны чанх өмнө хүргэдэг аж. Хэрвээ баруун талаас нь орвол онгоны музейгээр дамжаад бараг хоёр км хэртэй газар алхаж ирэх тул цаг зав хэмнэж шууд Их хааны онгоны өмнө ирлээ.
Монгол хүн үнэгүй үздэг юм байна. Улаан паспортаа үзүүлээд л торох юмгүй яваад орчихлоо. 
Гурван үүдтэй цэнхэр дээвэртэй том цагаан хаалганаас цааш үргэлжлэх есөн ес 99 гишгүүр. Шатнаасаа эхлээд л билэг ёс агуулжээ. Шатны хоёр талаар цөгц мөнхийн зул бадамлаж байгаа байдалтай гэрэлтүүлэг. Түүний доод суурин дээр их хааны сургаал үгсийг сийлжээ. Онгоны урд талбай дээр Чингис хааны морьтой хөшөө байх аж.
Онгоны зүүн өмнө талд байх Алтан гандарын их овоог гурвантаа тойроод хааны онгон шүтээн руу орлоо. Үүдээр оронгуут их хааны алтан шармал хөшөө нүдний өмнө тулж өөрийн эрхгүй бөхийсхийв. Цай цэгээ тэгүүтнээ хадаг нь дээр тавиад сөхрөн суухай хааны онгонг өдөр шөнийн 24 цаг нүд үл цавчин манах үүргийг олон зууны тэртээгээс хүлээсэн тэр л дархад удмын хүн ерөөл хэлдэг юм байна. Энд бадамлах үй олон зул хараа булаана. Тайлбарлагч бүсгүй эдгээр зул олон зууны тэртээгээс нааш огтхон ч унтраагүй гэв. Хүнд бэрх цаг үед ч мөнх бадамлаж байсан гэлээ. Үнэхээр гайхалтай. Дархад хүмүүс маань үе удмаараа энэ зулыг бөхөөлгүй өдий хүрчээ. Тэд хэдэн зууныг элээн үе удмаараа их хааныхаа онгоныг сахин хамгаалжээ. Эдгээр хүмүүсийг Хөвсгөлийн дархад ястантай андуурдаг. Тийм биш гэнэ. Онгоныг сахих ариун үүрэг хүлээсэн тэр цагаас хойш эдгээр хүмүүсийг дархадууд хэмээн нэрийджээ. Тэд жинстэй малгай өмсөхгүй, тамга атгахгүй, цэргийн алба хаахгүй гэсэн хатуу дэг жаягтай. Энэ ёс одоо ч үйлчилдэг. Дархадуудыг дотор нь алба, үүрэг ачаанаас нь шалтгаалж эзний болон сүлдний гэж хоёр хуваадаг. Ийм нэгэн их хаандаа үнэнч хүмүүс хаа сайгүй худал хуурмаг дүүрэн орчилонгийн энээхэн хэсэгт амьдарч байна. Тэдний гараас адис хүртэж, ерөөл хэлүүлсэн маань надад ямар ч судар магнайдаа хүргэсэнээс илүү эрхэм үнэтэй байлаа. Их хааны дэргэд ийм л хүмүүс байсан учраас дэлхийн талыг эзэлсэн биз гэх бодол тэрхэн зуур төрж байлаа. Хойморт байх давхар гэрт Их хаан Чингис болон Бөртэ сэцэн хатны сүнсийг тахидаг аж. Зүүн талд байх гэрт хуучин зүүн гар хошуунд тахиж байсан Есүй болон Есүгэн хатны сүнсийг тахидаг гэнэм. Харин баруун талд Хулан хатны сүнсийг тахидаг аж.
Баруун талд орших тайлгын өргөөнд нум саадгын цагаан орд мөн дээд доод жолоо орд, тэнгэр тахихад хэрэглэгддэг эд зүйлсийг тахидаг юм байна. Харин зүүн талд орших тайлгын өрөөнд өндгөн цагаан хүлгийн орд, сангийн орд буюу тайлгын ном судруудыг тахидаг аж. Ийнхүү найман цагаан орд нь Чингисийн онгоны гол хүндэтгэлийн хэсэг аж. Энэ бүхнийг үзэж явахад ёр бусын тайлагдашгүй нууцлаг ертөнцийн үүдээр орсон мэт санагдах нь сонин.
Ер нь Эзний хошуу, эзний найман цагаан шүтээнтэй холбоотой домог хууч яриа тун их. Түүх шаштирын ном судар ч цөөнгүй. Гэвч би тэр бүхнийг энэ удаа иш татахыг урьтал болгосонгүй. Онгоны дотор зураг авахыг хориглодог бөгөөд зарим нэг зүйлсийг асууж лавласан ч тоймтой хариу өгөхгүй. Нэгэн мөнгөн хайрцаг харагдахад юу болохыг асуувал:
- Хэзээ ч онгойлгоогүй. Дотор нь юу байгааг хэнч мэдэхгүй. Харийн хүн ойртохыг хориглодог гэлээ.
Энэ мэт нууцлаг зүйл цөөнгүй. Зуун зууныг дамнан өнөөдөртэй золгосон их хааны онгон шүтээнд нууцлаг зүйл байхгүй гээд ч яах билээ. Аргагүй ээ.
Хааныг онгон шүтээний 8 ордыг Ордосын газар нутагт тараан тахиж байсныг 1956 онд нэг дор цуглуулж, энэхүү байгууламжид төвлөрүүлэн тахиж эхэлжээ. Тайлга тахилгын хувьд эртнээс тогтсон ёс, хатуу дэг жаягтай. Тиймээс яг тахилгын үеэр ирвэл тун сонирхолтой үйл явдлын гэрч болно. Хаврын тахилгын үеэр 99 цагаачин гүүний сүүг сааж, 99 тэнгэрт өргөдөг аж. Мөн жолоо ордод тахиж буй алт мөнгөн эмээлийг хоёр шаргад тохож, ногтлож хазаарладаг гэнэ. Энэ мэт тахилгын үеэр үзүүштэй олон сонирхолтой үйл явдал болдог юм байна. Их хааны онгонд мөргөж орд өргөөг сонирхсоны дараа хар сүлдний овоон дээр гарч гурвантаа тойрон зам юугаа даатгаад бид хөдөллөө. Ер нь онгоныг үзэж сонирхое гэвэл тайлга тахилгын үеэр ирвэл зүгээр санагдлаа. Мөн музей энэ тэрийг сонирхоё гэвэл жаахан цаг завтай л буу мордмоор аж. Их хааны маань сүнс хорогдохоос аргагүй сайхан нутаг юм. Алтан гандарын шил... Ахиж ирнээ. Их хааны онгон шүтээндээ...
                                                    Д. Чинзориг

Их хааны онгоноос өмнө тийш ингэж харагдах аж. Эргэн тойрон Монгол гэр хэлбэртэй барилгууд. Аялал жуулчлалын чиглэлээр чамгүй хөгжиж буй нь мэдрэгдэнэ. 

Чингис хааны онгоны үүд хэсэг. Жуулчид энэ өдөр маш олноороо ирсэн байлаа. Ер нь Чингис онгоны энэ цогцолбор газар чамгүй олон га талбай хамарсан. Нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдсэн нь нүдэнд ил байлаа. 

Онгоны хаалгаар ороход Чингис хааны энэхүү морьт хөшөө угтаж авна. Энэ хүрэл хөшөө чамгүй ур хийцтэй аж. Тийм ч том биш.

 Чингисийн онгоны зүүн өмнө талд орших Алтан гандарын овоо. Эндээс эргэн тойрон тун сайхан үзэгдэнэ.

 Алтан гандарын овооноос онгон тийш ийм олон суврага босгожээ.

Их хааны маань сүнсийг агуулсан орд гэр, гол  байгууламж. Энд буй бүхэн түүх хүүрнэнэ.

 

Гол барилгын дээвэр хэсэг. Ер нь Ордос нутагт ийм дээвэртэй маш олон байгууламж харагдсан. Ёс билэгдэл гэдэг үнэхээр агуу юм. Их хааныхаа төлөө олон сайхан бүтээн байгуулалтын ажил хийжээ. Бас бүтээжээ. Ордос нутгийнхан.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100