CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Монголын заяа өндөр

07-01-2016 15:20

 /Тэмдэглэл/
    Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Би илүү ч үгүй, дутуу ч үгүй жирийн нэг монгол хүн. Магадгүй сэтгүүлч хэмээх мэргэжил маань л бусдаас жаахан ялгарах зүйл байж болох. Тэрнээс бусдаар миний судсаар монгол хүний нэгэн адил цус урсаж, нэгэн адил Монголын төлөө зүрх цохилдог. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлан, таван жилийн хугацаанд 1000 оюутан тэтгэлэгтэй сургах болсны эхний ээлжинд би багтаж, өнгөрсөн жил хилийн дээс алхан, тус улсад суралцах болсон юм. Ийн дурдсаны учир нь энд амьдарсан нэг жил орчмын хугацаанд мэдэрсэн, туулсан, үзсэн бүхнээ хуваалцах гэсэн хэрэг.

 Гадаадад амьдарч галуу, шувууны мах идэх гэсэндээ ч биш Монголын боловсролын тогтолцоо, чанарыг чамласандаа анх хүний нутагт сурах боломжийг эрэлхийлсэн. Харин хэзээ ч Хятадад сурах тухай бодож байсангүй. Гэтэл сурах нөхцөл, хангамж зэрэг нь анхаарал татаж, материал бүрдүүлээд, тэнцсэн тул эл улсыг зорьсон юм. Ханз үсэгний талаар “а”-гүй намайг сургалтад суух гэтэл найзууд маань орчинд нь очиж сурсан нь дээр гэсэн тул тэднийг зөвлөгөөг дагалаа. Хятад хэлний анхан шатны мэдлэггүй хүн хичээл эхэлсэн эхний хэдэн хоногоос л шантарч эхэлсэн. Дашрамд хэлэхэд, Монголдоо хэлнийхээ суурийг тавих нь хамгийн зөв юм билээ. Улсдаа эхний зургаад, боловсролын чиглэлээр толгой цохидог Бээжингийн багшийн их сургуульд би сурдаг. Сургуулийн удирдлага гадаад оюутнууддаа ихэд анхааран, бидэнд зориулж, жилд хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулна.
 Бээжинд сурдаг оюутнуудын талаар монголчууд нийтлэг нэг хандлагатай. Архиддаг, шоуддаг, хичээл номоо хаядаг гэж ойлгодог. Эндхийн шөнийн цэнгээний газрууд нь дотоодынхныгоо татахын тулд гадаад иргэдээс төлбөр авдаггүй, бас үнэгүй уух зүйлээр дайлдаг учраас үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүд, зорилгогүй нэгэн бол замаа алдах магадлалтай. Харин манай сургуульд суралцагсдын хувьд олонх нь нас тогтож, амьдрал ахуйгаа товхинуулж, боловсрол эзэмшихийг илүүд үзэх тул зугаа цэнгэлээс хол.
Сургуулиас гадаад оюутнуудад зориулан зохион байгуулсан анхны үйл ажиллагаа нь түмэн газрын Цагаан хэрэм үзэх аялал байсан. Бээжингээс хоёр цаг орчим яваад хүрэх, 8000 гаруй км үргэлжилдэг энэ хэрмийг 2000 орчим жил барьсан гэдэг. Хаан нь луу зүүдэлж, ард түмнээ хамгаалах гэж луун хэлбэртэй байгууламж бариулсан гэх мэт олон домог бий. Хэрэм барих явцад гурван сая орчим хүн нас барж, тэднийг тэнд нь оршуулсан аж. Буцах замд үндсэн ангидаа суралцдаг, хятад хэлэндээ ус цас монгол эмэгтэй хятадын гар урлалын хүүхэлдэй авсан. Ер нь хятад хэлийг хэцүү гэж бодсоны хэрэггүй. Толгой эргүүлсэн олон дүрэмгүй, англи хэлний олон цаггүй учраас харин ч амархан. Ингэж бодвол сурахад ч дөхөмтэй.
 Хятадын эдийн засаг сайжирсантай холбоотойгоор тус улсын Засгийн газраас эх хэлээ дэлхий нийтэд дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарах болж. Тэр дундаа хөгжиж байгаа болон буурангуй улсад Засгийн газрын тэтгэлэг их хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хятад хэл сурсных нь төлөө мөнгө өгдөг. Тэднээс гадна сүүлийн үед хөгжингүй орны иргэд ч англи хэлнээс дутахгүйгээр хятад хэл сурахыг эрмэлзэх болсныг  жилд таван сая гадаад хүн хятад хэлний шалгалт өгдгөөс харж болно.
 Хятадын сонсголын бэрхшээлтэй хүний тоо нь л манай хүн амын тооноос бараг даруй гурав дахин их. Удахгүй болох “Рио-2016”-д л гэхэд CNN телевиз 800 хүний бүрэлдэхүүнтэй баг явуулах гэж байгаа бол манай МҮОНТ явуулахаар болсон хэдэн хүнээ цөөлж байгаа сурагтай байна лээ. Хятад хүмүүс хэчнээн хичээнгүй, хөдөлмөрч гэж санана. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл номын санд суух оюутнууд үүний нэгээхэн жишээ. Хүн ам ихтэйгээсээ ч болдог уу оюутнууд нь өдөр шөнөгүй хичээл хийнэ. Чадварлаг ч гэж жигтэйхэн. Англи хэлний дуудлагаа засах гэж нэг эхийг хэдэн зуун удаа уншина. Өндөр настай гэлтгүй хүмүүс нь дугуй унаж, өглөө бүр алхан, үдэш бүр дасгал хийнэ. Хүмүүс нь ийм хичээнгүй, хөдөлмөрч байхаар улс орон нь хөгжихгүй ч яах билээ. Харин манай ахмад настнууд тэтгэвэртээ гарч, ач зээгээ харахаас илүү гардаггүй, өөрийнхөө эрүүл мэндэд төдийлэн анхаардаггүй. Түүнчлэн хятад багш нар хичээл бол хичээл гэдгийг чанд баримтална. Манайхны зарим багш хичээлийн цаг нөхцөөж, аахар саахар зүйл ярих энүүхэнд. Харин энд бол тийм зүйл өчүүхэн ч байхгүй. Хичээлийн цагаас таван минут хоцорсон багш оюутнуудаасаа уучлал гуйж, бөхийнө. Ер нь барагтаа бол хоцрохгүй. Оюутнууддаа өөрийн мэддэг бүх зүйлээ зааж өгөхийг эрмэлзэнэ. Манай багш нар асуусан зүйлийг нь мэдэхгүй бол загнаж, хараана. “Би та нарт заасан биз дээ” гэж уурлана даа. Харин тэд тэгэхгүй. “Маш сайн байна. Дахиад нэг оролдоод үз дээ” гэж урамшуулна. Хүний нутагт ирчихээд өөрийнхийгөө ад үзэж байгаа юм биш. Сайныг нь авч, мууг нь хаяж, алдаа дутагдлаа засахад хэрэгтэй юм болов уу л гэж бодож үүнийг бичиж байгаа юм.
 Хүний нутагт амьдрахаар л илүү эх орон амьтай болдог юм шиг ээ. Ямарваа зүйл хийсэн ч миний биш Монголын нэр гарч байгаа гэж бодно. Өөрийн гэсэн эх оронтой, ярих эх хэлтэй байна гэдэг ямар аугаа гээч. Хайрлах тусам л хайрлаад баймаар. Минийх гэж хэлж чадах юм бүхэн бий эх орон минь. Монголын заяа өндөр гэдэгт би итгэдэг.

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100