CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хань улсын түүхээс

06-30-2016 14:47

 

Чинь Шихуан нас барсны дараа Чинь улс түргэн бутарч, НТӨ 206 онд Баруун Хань улс байгуулагдан НТ 8 оныг хүртэл оршин тогтносон юм. Гаоди хаан Любан Хань улсыг байгуулж, Чан-Ань хотыг нийслэлээ болгов. Түүний дараа Гаозү хаан төр барьсан 7 жилийн хугацаандаа хааны эрх мэдлийг нэмэгдүүлж ноёрхлоо бэхжүүлжээ. НТӨ 159 онд Хань улсын Гаозү хаан нас барсны дараа, Хүйди хаан ширээнд суусан боловч Гаозү хааны хатан Люйжи төрийн эрхийг гартаа авав. Люйжи нийт арван зургаан жил төр барьжээ. Тэр бол Хятадын түүхэнд төрийн эрх барьсан тоотой хэдэн хүчирхэг эмэгтэйн нэг юм. НТ 183 онд Вэньди хаан ширээнд суув. Вэньди болон түүний хөвгүүн Жинди хаан НТӨ 156-143 оныг хүртэл “ард иргэдтэй хамт аз жаргалтай аж төрөх” бодлого явуулж, гааль татвар хөнгөлснөөр Хань улсын эдийн засаг нэлээд хөгжсөн билээ. Түүхчид тэр үеийг “Вэнь, Жингийн засаглалын үе” хэмээн нэрлэдэг. Вэнь, Жингийн засаглалын үед Хань улс аажмаар хүчирхэгжиж байлаа.

НТ 141 онд Үди хаан ширээ залгамжлав. Тэрээр хаанчлах хугацаандаа Вэйчин, Хүө Чюйбин нарын жанжныг илгээн Хүннү улсыг дайлж ялаад, Баруун Хань улсын хаант төрийн ноёрхлын цар хүрээг тэлэн өргөтгөж, Хань улсын умард нутгийн эдийн засаг, соёлыг ихэд хөгжүүлэв. Үди өтөл насандаа гадагш хийх аян дайнаа зогсоож, хөдөө аж ахуйг дорвитой хөгжүүлснээр Баруун Хань улсын эдийн засаг тун сайжирсан билээ. Түүний дараах Жаоди хаан ч эдийн засгаа хөгжүүлж, улмаар Баруун Хань улс хөгжлийнхөө оргилд хүрчээ. Жаоди, Шюаньди хоёр хааны үеийн гучин найман жил “ард иргэдтэй хамт аз жаргалтай аж төрөх” бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Баруун Хань улсын төрийн хүчин чадал улам бүр нэмэгдэв. НТ 8 онд Ванман төрийн эрхийг гартаа авч, хаан суугаад улсын нэрийг халж Шинь хэмээн нэрийдсэнээс хойш, Баруун Хань улсын ноёрхол эцэс болсон юм.

 Баруун Хань улсын хаад “ард иргэдтэй хамт аз жаргалтай аж төрөх” бодлого хэрэгжүүлж байсан болохоор түмэн олон амар тайван аж төрж, Хань улсын төр тогтвортой байсан юм. Улс төр тогтвортой, эдийн засаг сайжирснаар, гар үйлдвэр, худалдаа, урлаг, байгалийн шинжлэх ухаан хөгжиж байлаа. Шинжлэх ухаан технологи дэвшихийн хэрээр металлурги, нэхмэл сүлжмэлээр гол болгосон Баруун Хань улсын гар үйлдвэр хөгжиж, гар үйлдвэрийн хөгжил худалдаанд тус дөхөм үзүүлсэн юм. Баруун Хань улс торгоны замаар дамжин Баруун Азийн олон оронтой худалдаа наймаа зэрэг гадаад харилцаатай болсон билээ.

НТ 25-220 он бол Зүүн Хань улсын үе юм. Зүүн Хань улсыг Гуан Үди хаан Люшю байгуулжээ. НТ 25 онд Люшю тариачдаас бүрдсэн ойн цэргийн тусламжтай Ванманг ялж, хаан ширээнд суужээ. Улсын нэрийг мөн Хань улс хэмээж, нийслэл хотоо Лүө-Янд байгуулав. Жянь Ү-гийн 2-р онд Гуан Үди зарлиг буулган Ванмангийн хэрэгжүүлж байсан хуучин бодлогыг бүгдийг цуцалж, засаг захиргааг цэгцлэн, 6 шаншү түшмэл томилж, төрийн үйл хэргийг хувааж хариуцуулжээ. Тайвэй, Сытү, Сыкүн гурван гүнгийн эрх мэдлийг бууруулж, “ноёд болон боол”-ын дүрмийг цуцалж, газар тариалангийн шалгалт хийснээр, ард иргэдийн аж амьдрал тогтворжив. НТ I зууны дунд үеэр Гуан Үди, Минди, Жанди гурван хааны засаглалаар дамжиж, Зүүн Хань улс урьдын Хань улсын сүр хүчийг сэргээсэн байна. Энэ үеийг “Гуан Ү-гийн дунд үеийн сэргэн мандалт” хэмээн нэрийддэг.

Зүүн Хань улсын эхэн үед төрийн дэглэмийг эрчимжүүлсэн явдал орон нутгийн хүчтэй уялдан, улс орон тогтворжих халдлагатай болж, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан технологи Баруун Хань улсын үеэс давжээ. НТ 105 онд Цай лүнь цаас хийх арга технологийг сайжруулж, Хятад орон даяар хулсан дээр бичих явдлыг эцэс болгов. Түүний цаас хийх арга технологи Хятадын эртний 4 том нээлтийн нэг болж одоог хүртэл уламжлагдсан юм. Байгалийн шинжлэх ухааны талаар Зүүн Хань улсын Жанхэн нарын эрдэмтэд өндөр ололт амжилтанд хүрчээ. Жанхэн “Хүнь тянь и” хэмээх одон орны шинжилгээний багаж, “Ди дүн и” хэмээх газар хөдлөлт хэмжих багаж зохион бүтээсэн юм. Түүнээс гадна, Зүүн Хань улсын сүүл үеийн нэрт эмч Хуатүө өвчтөнийг мэдээ алдуулж хагалгаа хийсэн анхны мэс засалч билээ.

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100