CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Бээжин хот дахь Монгол Оюутны Холбоо

06-27-2016 14:19

 

Тус холбоо нь 2004 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө О.Мишээл тэргүүнтэй  манай хамт олон ажиллаж байна. “БМОХ” нь Бээжин хотод суралцаж байгаа болон суралцахаар ирж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, цаг алдалгүй мэдээллээр хангах  мөн ЭСЯ болон оюутнуудын хооронд гүүр болж тэдний  харилцаа холбоог нэмэгдүүлэхэд дэм болох зорилготой. Түүнчлэн оюутнуудад өөрсдийгөө хөгжүүлж сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь тус дэм болж, тухайн чиглэлээр  арга хэмжээг зохион байгуулах, баяр ёслол, спортын үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын хүсэл зорилгыг нэгтгэх  гэсэн үндсэн дөрвөн гол зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
“БМОХ” нь Бээжин хотын хэмжээн дэх их дээд сургуулиудаас төлөөлөл бүхий нийт 24 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийн болон боловсролын алба,  үйл ажиллагааны алба гэсэн үндсэн гурван албатайгаар ажиллаж байна.

2015 оны хичээлийн шинэ жилээс эхлэн
БМОХ-ны тэргүүнээр Оргилын Мишээл /ОУЭЗХИС/
Нарийн бичгийн дарга- Ганболдын Галмандах /ЗХИС/
Нарийн бичгийн дарга- Пүрэвсүрэнгийн Мөнхзаяа /ХАИС/
Мэдээллийн албаны дарга- Доржпүрэвийн Уранчимэг /БИС/
Үйл ажиллагааны албаны дарга- Нэмэхбаярын Тамир /ОУЭЗХИС/
Боловсролын албаны дарга- Баянмөнхийн  Гэрэлсүрэн /ХАИС/
нар тус тус ажиллаж байна.

Бидний явуулж буй үйл ажиллагаа:
1.“Оюутны зөвлөл” Бээжин хотын 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөл оюутан залуус маань сургууль бүртээ мэдээ мэдээллийг цаг алдалгүй шууд дамжуулж эргээд бидэнд оюутан залууст маань тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлуудын талаар дуу хоолой нь болж өгдөг мэдээллийн том сан юм.

2.Б.Билгүүний санаачлагаар БМОХ-ны дэргэд “СПЕКТР” гэрэл зургийн клуб нь энэ хичээлийн жилд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэл зураг авах сонирхол бүхий  тавь гаруй залуус тус клубт нэгдээд байна.

3. Мөн энэ хичээлийн жилд Х. Хишигцэцэгийн санаачлагаар БМОХ-ны дэргэд  “Охидын Клуб” байгуулагдан олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж эхлээд байна.
“БМОХ”-ны зүгээс энэ хичээлийн жилд  “Шилэн гүүрний аялал”-ыг зохион байгуулсан бөгөөд 200-гаад оюутан залуус хамрагдсан дурсамж дүүрэн аялал болсон.   Мөн Бээжин хотын Монгол оюутнуудын “Шинэ Жилийн Цэнгүүн”-д 250 гаруй оюутан залуус хамрагдаж шинэ оноо хамтдаа угтсан.
Бид мөн өнгөрсөн 5-р сарыг  “Спортын” сар болгон зарласан бөгөөд амралтын бүх өдрүүдээр Бээжин хотын оюутнуудын дунд:
-Сагс
-Волейбол
-Хөл бөмбөг
-Ширээний теннис
-Бильярдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж нийтдээ  200 гаруй оюутан залуус хамрагдсан юм.
Түүнчлэн боловсролын аяны үеэр
-Монголын түүхийн үечлэл
-Аялалын хөтөч тайлбарлагч, ерөнхий ур чадвар
-Хамтдаа хэл сурцгаая
-Хууль
-Эдийн засаг
-Олон улсын харилцаа гэсэн сэдвүүдийн хүрээнд Бээжин хотын оюутан залуустаа үнэ төлбөргүй лекц хүргэсэн. Мөн  JCI, МҮОНТ-тэй хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” лекцийг оюутнуудаа хүргэлээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд БМОХ анх удаа өөрсдийн гэсэн медальтай боллоо.
 Хамгийн сүүлд бид “Bye Party” төгсөлтийн үдэшлэгийг Бээжин хотын их дээд сургуулиа төгсөж байгаа нийт оюутан залуустаа зориулан  амжилттай зохион байгуулсан. Манай холбооны зүгээс Бээжин хотноо суралцаж буй оюутан залуустаа зориулсан дээрх бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, биднийг дэмжсэн нийт оюутан залуус та бүхэндээ гүн талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
БМОХ цаашид илүү ихийг хийж илүү нарийн бүтэцтэйгээр илүү олон чанартай ажлуудыг хийх болно.
 Бээжингийн Монгол Оюутны холбооноос бэлтгэв.

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100