Гласутте үйлдвэр
06-24-2016 10:32
Дэлхий даяар, ялангуяа хөгжсөн орнуудад механикжсан үйлдвэрлэл гар үйлдвэрлэлийг хурдтай орлож байгаа энэ үед уламжлалт гар урлалын аргаар бугуйн цаг хийдэг Германы Гласутте үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд олон орны хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байна.
Германы зүүн хэсгийн Саксен мужийн төв Дрезден хотоос өмнө зүгт машинаар нэг цаг гаруй аялбал Германы цагны үйлдвэрийн бааз-Гласутте сууринд хүрнэ. 2500 гаруй оршин суугчтай амар тайван энэ жижиг сууринд 170 гаруй жил цаг үйлдвэрлэсэн түүхтэй. Цагны үйлдвэрлэлийн оргил үе хэмээгдсэн XIX зуунд Гласуттед үйлдвэрлэсэн босоо цаг болон одон орон судлалын цаг дэлхий дахинд алдаршжээ. Германы механик бугуйн цагны Гласутте бренд 1845 онд энэ нутагт мэндэлсэн гэдэг. Герман чанарын бас нэг илэрхийлэл болсон Гласутте үйлдвэр уламжлалт гар урлалаа хойч үедээ өвлөн ирсэн нь бахархууштай. Гласутте Германы цорын ганц бугуйн цагны гар үйлдвэр бөгөөд дэлхийд ч гэсэн ийм үйлдвэр ховорхон байдаг юм байна.
Гласутте үйлдвэр өөрийн шошго бүхий сэлбэг хэрэгслийн баазтай тул цагны бүхий л эд анги, өчүүхэн жижиг эрэг шургийг хүртэл өөрсдөө үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийн хувьд бугуйн цагийг гараар үйлдвэрлэх, боловсон хүчнээ бэлтгэх ажлыг хамгийн эрхэм чухалд тооцдог. Германы бугуйн цаг дэлхийн зах зээлд нэлээн дээр үеэс байр сууриа эзэлсэн байна. Мориз Гросман хэмээх цагчин 1878 онд зах зээл дэх бугуйн цагны эрэлт хэрэгцээг хангахын тулд цаг үйлдвэрлэх Гласутте сургуулийг байгуулжээ. Энэ нь Германы цаг үйлдвэрлэх анхын сургууль юм.
Гласуттег үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ян Гамард: “Бие дааж цаг үйлдвэрлэх сургууль байгуулсан нь бидний давуу тал юм. Манай сургуульд ирж цагчны мэргэжил эзэмших хүсэлтэй залуус улам бүр нэмэгдэж байгаа тул бид сургуулиа өргөтгөх шаардлагатай. Сурагчид энэ мэргэжлээр 3 жил суралцсаны дараа үйлдвэрт дахин 3 жил дадлага хийнэ. Тиймээс мэргэжлийн цагчин бэлдэхэд наад зах нь 6 жил зарцуулдаг юм. Өдгөө манай сургуульд нийт 80 гаруй сурагч суралцаж байна” хэмээн ярьсан юм.
Цагчид голдуу 20-40 насны залуус байдаг бөгөөд өөр өөрийн ажлаа нягт нямбай хийж гүйцэтгэнэ. Тэднийг цаг үйлдвэрлэх сургуулиас нарийн шалгуураар сонгон үйлдвэрт авдаг. Өвгөн цагчин Рейчел Рейнхард “Сайн цагчин бэлтгэнэ гэдэг манай үйлдвэрийн оршин тогтнох амин чухал хүчин зүйл. Цаг үйлдвэрлэнэ гэдэг шаргуу хөдөлмөр шаарддаг, их нарийн чимхлүүр ажил юм. Цагчид нас ахихын хэрээр нүдний хараа нь муудаж, гар хуруу нь ч уран шаламгай байдлаа алддаг. Би л гэхэд өтлөөд ирэхээр цагаа ч хийж чадахаа больжээ. Тиймээс мэргэжлийн сургуульд цагчин бэлтгэх ёстой” гэжээ.
Гласутте үйлдвэр хөгжлийн явцдаа олон бартаат замыг туулж иржээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн болон БНАГУ байгуулагдах түүхэн үед тус үйлдвэрийг гурван удаа сүйтгэж, гурвантаа сэргээн босгожээ. Тэглээ гээд Гласуттегийн цагчид төрөлх нутгаа орхиогүй юм. Гласуттегийн гүйцэтгэх захирал Ян Гамард: “Үйлдвэр олон удаа сүйдсэн ч урчуул маань нутгаа орхиогүй. Хүн нь байж байвал ямар ч ажлыг шинээр эхлүүлж болно. Үйлдвэрийн уран дархад гай гамшигтай тэмцсээр байгаад юунаас ч айж сүрдэхгүй эр зоригтой болсон. Гласутте үйлдвэр ч тэдний халуун гарын илчээр дахин амилсан” гэсэн юм.
Гласутте брендийн нарийн мэргэжил, герман чанар хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн юм. Тус үйлдвэр жилдээ нэг удаа нээлттэй өдөрлөг хийж, Германы хүүхэд залууст үйлдвэр, сургуулиа танилцуулдаг байна.
Д.Гүнтөмөр