“Эрх чөлөө” театр
06-21-2016 14:14
Йордан голын баруун эргийн Женин хот дахь дүрвэгсдийн баазад нэгэн театр үйл ажиллагаа явуулдаг. “Эрх чөлөө” нэртэй тэр театрыг 10 жилийн өмнө байгуулжээ. Үргэлжийн дайн самуун, зөрчил мөргөлдөөнтэй тэр нутгийн хүмүүс дуу хуур, жүжиг наадам үзнэ гэж үү? Палестин Израйлийн мөргөлдөөн нь Ойрх Дорнодын бүсийн шүдний өвчин болсон гол асуудал юм. Мөргөлдөөний шалтгаан нь шашин шүтлэг, үндэстний асуудал боловч үүн дээр нь их гүрнүүд хөндлөнгөөс оролцож, байдлыг улам хурцатгасаар ирсэнтэй холбоотой юм.
Еврей, Араб үндэстний удирдагчид еврей цагаачдын суурин болон Иерусалимын асуудлаар санал зөрөлдөж, асуудлаа олон жилийн турш шийдэж чадахгүй сөргөлдсөний улмаас байн байн хүчирхийлэл үүсдэг. Ер нь хар дайны мөрөөр цагаан сүү урсдаггүй учраас дайн самуун гарахад энгийн ард иргэд, ялангуяа залуус их хохирдог. Хүчирхийллийн эсрэг зэвсэг барьж босохоос өөр ямар нэг арга байдаг болов уу?
2006 онд Йордан голын баруун эргийн Женин хотын дүрвэгсдийн бааз дахь дайны хөлд эвдэрч хулширсан байшинд “Эрх чөлөө” нэрт театр байгуулагджээ. Палестины бослогын үеэр гүн цочролд орсон хүүхдүүдийг урлагийн аргаар тайтгаруулахын тулд Израйлын хүний эрх сурталчлагч Арна Хамис энэ театрыг үүсгэн байгуулсан юм.
Дайн дажинтай орчинд төрж өссөн хүүхдүүдийн сэтгэл эмзэг болдог. “Эрх чөлөө” театрын жүжигчин, хүүхэд залуусыг бэлтгэх төслийн удирдагч Ахмад Тобаси “Жүжгээр дамжуулан хүүхдүүдэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгон, ямарваа асуудлыг хүчирхийллээр шийдвэрлэж чадахгүй гэдгийг ухааруулахын төлөө ажиллаж байна” гэжээ. Тэрээр: “Буу бариад алж хядахын оронд гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгах нь дээр биш үү? Та үзэл бодлоо үнэнээр нь яриарай. Дүрвэгсдийн баазын хүүхдүүд хүчирхийллээс өөр юм мэдэхгүй гэсэн ойлголтыг израйлчуудад өгч болох уу? Тэгвэл Израйлчуудын зэвсэгт дарамт үзүүлэх шалтаг улам их болно. Бид харин өөрийн өвөрмөц соёлоо харуулах ёстой. Та нарт үзэл бодлоо илэрхийлэх өөр ямар арга байгаа вэ? ” хэмээн ярьж байлаа.
Харин Жонатан Стансзак сувилагч байсан хүн. Тэр “Женин хотын дүрвэгсдийн баазын “Эрх чөлөө” театрт ажиллаж байгаа минь урьд хийж байсан ажлын минь үргэлжлэл, дэвшил юм. Миний одоо хийж буй хүмүүнлэгийн ажил урьд хийж байсан эмчилгээний ажлаас илүү ач холбогдолтой. Яагаад гэвэл хүний шархыг эдгээхэд дан ганц эм тариа хэрэгтэй байдаг юм биш. Харин бие, сэтгэл, оюун санааг нь хамт эмчлэх хэрэгтэй. Ялангуяа ийм онцгой орчинд сэтгэл санаа, оюун ухааныг эмчлэх нь эмнэлгээс илүү чухал шүү дээ” гэсэн юм.
2006 онд “Эрх чөлөө” театрыг үүсгэн байгуулсан Израйлын нэрт жүжигчин, найруулагч Жулиано Мер Хамис 2011 оны 4-р сард театрынхаа дэргэд буудуулж нас баржээ. Энэ хэргийг Палестин Израйль хоёр талаас хамтарсан комисс гаргаж шалгасан боловч одоог хүртэл үр дүн гараагүй байна.
“Эрх чөлөө” театрын урлагийн зөвлөх Набел Ал-Рае анх Жулиано Мер Хамистай уулзах үед Хамис гарыг нь атгаж, “Хувьсгалын үйл хэрэгт тууштай оролцоорой” хэмээн захиж байжээ. Энэ тухай Ал-Рае: “Юу, хувьсгал гэнэ үү? Юу гэсэн үг вэ... гэж бодож байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд урлаг бол нээрээ хувьсгал юм байна гэдгийг би ухаарсан. Урлаг хүний амьдралыг чимэх биш, харин улам утга учиртай болгохын төлөө юм. Урлаг бол өөрийгөө таних арга, бусадтай харилцах хэлбэр, солилцооны зам, амьдрал тэмцлийн дунд байр сууриа олох арга зам юм байна” гэжээ.
Палестинчуудын зэвсэгт тэмцлийг өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Харин дүрвэгсдийн бааз дахь хүүхэд залууст театр үзүүлж, уур хилэн, уйтгар зовлонгоо хүчирхийллээр бус, уран бүтээлээр дамжуулж гаргахыг нь дэмжихийн төлөө үүнийг байгуулсан гэж “Эрх чөлөө” театрыг үүсгэн байгуулсан Хамис амьд ахуйдаа ярьсан тухай түүний найз Тобаси дурсаж байлаа. Тэрээр: “Хүүхдүүд бол бидний ирээдүй. Арав, хорин жилийн дараа тэд өсөж том болно. Хожим гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохоороо энэ театрын болон эрх чөлөөний ач холбогдлыг ойлгох байх. Тэд гэр бүлийнхэндээ яаж хандахыг мэднэ. Тэгэхээр нийгэм, олон нийтэд өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээн ярьж байлаа.
”
“Эрх чөлөө” театрын уран бүтээлчид урлагийн бүтээлээр дамжуулж дүрвэгсдийн сэтгэлийг тайтгаруулахын төлөө хичээн ажиллаж байна. Ала Шехада 2014 онд жүжгийн сургууль төгссөнөөс хойш “Эрх чөлөө” театрт жүжигчнээр ажиллаж байна. Тэр дүрвэгсдийн бүсэд өсөж торнисон уран бүтээлчийн үүрэг хариуцлагын талаар: “Хүмүүсийн бодлыг нэг л өдөр өөрчлөх боломжгүй л дээ. Уран бүтээлчид хүмүүсийн олж хараагүй нарийн ширийн зүйлийг тайзнаа тодорхой тоглож үзүүлдэг. Үүгээр дамжуулж үзэгчдэд юм бодогдуулах нь бидний хүсэл юм. Яваандаа зарим зүйл өөрчлөгдөх байх аа” гэсэн юм.
Д.Гүнтөмөр