Мьянмарт маш сайн чанарын усан үзмийн дарс үйлдвэрлэж байна
06-13-2016 14:40
Сайн чанарын дарсны тухай ярихаар юун түрүүнд Франц, Итали дарс санаанд ордог. Гэхдээ жинхэнэ сайн дарсыг заавал хөгшин Европт үйлдвэрлэдэг гэсэн хуучин үзэл бодол ул болж байна.
Мьянмарын Шан мужид усан үзмийн томоохон хүрээлэн бий. Шигүү ургасан усан үзмийн моддыг харахад Италийн Тоскан юм уу, Францын Бордод очсон мэт санагдана. Тус хүрээлэнд дарс нэрэх олон төрлийн сайн чанарын усан үзэм тарьж байна. Усан үзмийн хүрээлэн далайн түвшнээс дээш 1300 метр өндөрт байдаг. Тэр газар урьд алим, гүйлс, чавга тарьдаг байсан бол хожим тэнд усан үзмийн хүрээлэн байгуулсан юм. Үүнийг хоёр герман хүн санаачлан хийжээ. Мэдээж халуун бүсийн Мьянмарт усан үзэм тарина гэгч хялбар явдал биш.
Усан үзмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч Ханс ингэж ярьж байна:
“Энд усан үзэм тарьж ургуулахад маш төвөгтэй. Нутгийн цаг уурын нөхцөл усан үзэм тарихад тохиромжгүй. Мьянмар бол халуун бүсийн орон. Харин усан үзэм халуун бүсийн ургамал биш. Энэ газрын нарны гэрлийн тусгал бага, байнга борооны улиралтай байдаг. Энэ нь бидэнд маш төвөгтэй асуудал болж, усан үзмийн моддыг мөөгөнцрөөс сэргийлэх шаардлагатай болсон.”
Түүнд өчнөөн төчнөөн бэрхшээл тулгарсан ч Ханс цөхөрсөнгүй. Тэр усан үзмийн хүрээлэн байгуулахын тулд найзтайгаа 12 жил судалгаа хийж, эцэстээ санасандаа хүрчээ. Өдгөө тэдний компани жилдээ хэдэн төрлийн 150 мянган лонх дарс үйлдвэрлэн, Мьянмарын дарсны зах зээлд тэргүүлж байна.
Нэрт дарс судлаач Серж: “Тэдний усан үзмийн хүрээлэнгийн улаан дарсны борлуулалт сайн байгаа ч цагаан дарсных нь амт илүү өвөрмөц, давуу талтай хэмээн ярьж байлаа:
“Тэдний үйлдвэрлэсэн дарсны чанар намайг үнэхээр гайхшруулсан. Ийм өндөр газар усан үзмийн хүрээлэн байгуулж, гоц сайн дарс үйлдвэрлэнэ гэдэг бараг боломжгүй юм. Дарсных нь үнэр амт маш сайхан, чихэрлэг, исгэлэний хэмжээ тэнцвэртэй учраас дэлхийн дарсны хорхойтнуудад тун их таалагдаж байна.”
Сүүлийн жилүүдэд дарсанд дурлагч Мьянмарчууд олшрохын хэрээр Мьянмарын дотоодын зах зээл дэх дарсны эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь Мьянмарын Шан мужийн усан үзмийн цэцэрлэгт хүрээлэнд асар их зах зээл нээж өгч байгаа хэрэг юм. Тэд алсдаа жилд 1 сая лонх дарс үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ Азийн бусад оронд экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
\Арлуун\