CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

500 гаруй өдөр зүрхгүй амьдарчээ

06-12-2016 16:06

 

АНУ-ын иргэн Стан Ларкин зүрх шилжүүлэн суулгуулах мэс заслаа хүлээнгээ 555 өдрийн турш зүрхгүй амьдарсан тухай CNN агентлаг мэдээлсэн байна.
Мичиган мужийн оршин суугч, 25 настай түүний зүрхийг 2014 оны арваннэгдүгээр сард биенээс нь салган авчээ. Ларкин зүрх шилжүүлэн суулгах мэс заслаа хүлээнгээ эмнэлэгт хий дэмий өнгөрүүлэхийнхээ оронд гэртээ байхыг хүсч, түүнийг нь эмч нар зөвшөөрчээ. Тиймээс түүний цээжинд цахилгаанаар ажилладаг, хиймэл амьсгал шахагч суулгасан байна. Залуу цахилгаан үүсгүүрийг үүргэвчиндээ хийн авч явдаг гэнэ.
Ларкины хүсэн хүлээсэн зүрх шилжүүлэн хагалгаа өнгөрөгч тавдугаар сард Мичиганы Франкелийн Зүрх судасны төвд хийгдсэн бөгөөд тэрээр ирэх долоо хоногт эмнэлгээс гарахаар болжээ.
Энэ тухайгаа тэрээр “Ихэнхи хүмүүс хиймэл зүрхтэй удаан явахаас айх байх. Гэхдээ би тэр хүмүүст айсан ч хамаагүй урагшаа, тэр замаараа л яв гэж хэлмээр байна. Учир нь үүнээс өөр чамд туслах зүйл байхгүй шүү дээ. Би зүрх шилжүүлэн суулгуулах хагалгааны дараа хурдхан шиг гэртээ харихыг хүсч байна. Учир нь хагалгаанд орохоос өмнө намайг өнөөдрийг хүртэл эрүүл, тайван байхад тусалсан ганц газар минь миний гэр орон, гэр бүл минь. Хэрвээ тэд байгаагүй бол би энэ том давааг давж чадах байсан эсэхдээ эргэлзэж байна” гэж хэлжээ.

АНУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах байгууллагын мэдээллээс үзэхэд тус улсад цаг бүр 4000 хүн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгүүлэх хүлээлттэй байдаг ажээ.
Зарим өвчтөнүүд хэдий өвчний сүүлчийн шатандаа орж хүндэрсэн ч таарах донор олтол бүтэн жил хүлээх шаардлагатай байдаг тухай Техасын зүрхний институти дахь Технологи, Инновацийн төвийн захирал, зүрхний мэс засалч, доктор Билли Кон ярьжээ.
Түүнчлэн “Зүрхнээс гадна, элэг, бөөр зэрэг бусад олон эд эрхтэн нь хүндээр өвчилсөн хүмүүс донор хүлээх зуураа амиа алдах тохиолдол ихээр гарч байна. Ларкины хувьд үнэхээр азтай байлаа гэж хэлмээр байна” гэжээ.

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100