CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Ц.Дамдинсүрэн: Би архийг биш, архи намайг “уусан” юм билээ

06-03-2016 10:48

 

-“Аав нь мэнд, сайн явна. Хүүхдүүдтэйгээ нэг л удаа уулзчихвал сэтгэл амар явахсан”-
Э.Эрдэнэцэцэг
Архийг чөтгөрийн ундаа гэдэг. Харин Монголд энэ ундаанаас хамааралтай хүн айл бүрт байдаг гэсэн судалгаа бий. Архи ууж, амьдралаа алдаж, эхнэр, хүүхдээ зовоох тэднийг гэр бүл нь ямар ч хамаагүй аргаар архинаас гаргахыг хүсдэг. Энэ хүслийг мөнгө олох хэрэгслээ болгосон хүмүүс зүү тавьж, ховсдож архинаас гаргана гэдэг. Үнэхээр архинд орсон хүн гарч чаддаггүй юу гэвэл бас үгүй. Миний өгүүлэх гэж буй Ц.Дамдинсүрэн гуай мөн л архинаас болж гэр бүлийнхнийгээ ганц ч үг хэлэлгүйгээр орхиж явсан. Гэхдээ үүн шигээ нэг л өдөр архинаас гарахаар шийдэн, архи уух нь бүү хэл амсахаа ч больсон. Өдгөө гэр бүлээ хайж, хайртай хоёр хүүхэдтэйгээ уулзахыг хүсэж, гансарч сууна. Хэрэв уншигч та түүний гэр бүлийнхнийг таних бол манай редакцитай холбогдоорой.
Ховд аймгийн Дарви сумын харьяат Ц.Дамдинсүрэн гуай Батсүмбэр дэх Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд амьдардаг. “Олгод овогтой Цогжийн Дамдинсүрэн” хэмээн сөөнгө, намуухан хоолойгоор үгээ урсгах тэр 72 настай. Амьдралын алдаа, оноог тойрч биш, дайрч гарсан. 1961 онд хоёр найзтайгаа Улсын төв музей үзэж яваад, гэнэн, томоогүйгээсээ болж музейн үзмэрээс нэг алтан аяга, алтан өлзий хээтэй хоёр мөнгөн аяга хулгайлжээ. Тэр үед музейн үзмэр хамгаалалтгүй байдаг байж. Шилэн хоргыг хэдэн талаас нь өргөчих юм бол юу хүссэнээ авах боломжтой байжээ. Дөрвөн сарын дараа тэд баригдаж, хэргийг толгойлсон гэдгээр Ц.Дамдинсүрэн гуай арав, нэг найз нь найм, нөгөө нь зургаан жилийн хорих ял авав. Ялаа эдлэх жил гаруйн хугацаанд бригадын дарга нь түүнийг байнга дэглэнэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд даргынхаа гарыг заазуурдаж орхиж. Ингээд арван жилийн хорих ялан дээрээ жил гаруйн ял нэмүүлэв. Ийн 11 жил зургаан сар хоригдохдоо бүх л чанга дэглэмтэй хорих ангиудаар “хэсчээ”. Шоронд орохоороо буруу замаар ордог хүн цөөнгүй. Харин тэр тэгсэнгүй. Бүр хамт хоригдож байсан орос хүнээр хэл заалгаж, хэлтэй устай болоод гарч ирсэн гэдэг. Одоо ч гэсэн оросоор дажгүй ярина. “Төрөлх хэл биш болохоор хэрэглэхгүй олон жил болохоор мартагддаг л юм байна. Ямар өөрөө өөртэйгээ ярилтай биш” гээд инээвхийлнэ.
Хайран сайхан залуу насаа өргөст торны цаана өнгөрүүлсэндээ харамсдаг ч дахиад алдахгүй байх ухаан хайрласан учраас тэр гунидаггүй. Иймээс ч шоронгоос гараад 50 гаруй жил болохдоо эрүүлжүүлэхийн хаалга ч татаагүй. Шоронгоос 30 настайдаа гарч, Барилгын техникумийг сантехникч мэргэжлээр оройгоор сурч, төгсчээ. Ингээд Дарханы Орон сууц ашиглалтын нэгдсэн конторт гурван жилийн томилолттой ажилласан аж. Томилолтоо дуусгаад Улаанбаатар хотод Сүлжмэлийн хоёрдугаар үйлдвэрт ажилд оров. Энэ хугацаанд эхнэр авч, хүү, охин хоёртой ч болж амжив. Гэвч архи уух нь олширсоор л. Сард нэг удаа уудаг байсан нь долоо хоногт нэг болов. Хүмүүс ч сантехникийн ажил хийлгэхдээ мөнгө төгрөг гэхээсээ илүү архи барьж ирнэ. Эхнэр нь “Архиа багасгахгүй бол сална” гэж хэлэхэд тэр эхнэрээ, гэр бүлээ биш архийг сонгосон. “Эднийгээ ингэж зовоож байхаар явъя” гэж шийдэн, өмссөн хувцастайгаа “Явлаа” гээд л гарчээ. Түүнийг явахад охин нь ес,  бага нь зургаан настай байв. Тэр түүнээс хойш гэртээ эргэж очоогүй. Бурхнаас зөвхөн эр хүнд л заяасан нэг тийм зан байдаг бололтой. Яаж ч зовж байсан эмэгтэй хүнд муугаа үзүүлэхгүйг хичээх зан. Ингэж гэрээсээ явснаасаа хойш тэр 18 жил эхнэртэйгээ ч, хоёр хүүхэдтэйгээ ч уулзаагүй. Ердөө л хүүхдүүд нь аавыгаа муу хүн гэж харах вий, аавыгаа гэрээсээ явсанд ээжийгээ буруутгаж юу магад гээд очоогүй.
Ц.Дамдинсүрэн гуайн эхнэрийг Я.Тунгалаг гэдэг. Тэд 1982 онд гэр бүл болсон. Москва-Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний үйлчлэгч, нуруу туруутай, царайлаг сайхан бүсгүй яаж өөрийг нь тоосон юм бол гэж одоо ч гайхдаг гэсэн. Энэ бүхний бүх буруутан нь архи ч тэр архинд буруу өгөөгүй. Харин “Архийг ууна, даана” гэдэг сагсуу зангаа л буруутгах аж. “Архи өөрөө миний ам руу ороогүй. Би л уусан. Үнэнийг хэлэхэд би архийг биш, архи намайг “ууж” байсан юм билээ. Ээ дээ, залуус минь архи, дарс битгий уу. Би амьдралаа, мэргэжлээ “уусан” хүн. Над шиг л алдаж болохгүй юм шүү” хэмээн тэр залуучуудад хандаж хэлсэн юм.
Эхнэрээсээ салахдаа тэр ажлаа ч бас орхиод Дарханыг зорьжээ. Хуучин ажиллаж байсан Орон сууц ашиглалтын нэгдсэн контор нь түүнийг дуртай авав. Энгэртээ гялалзах медалиа “Намайг ажил мэргэжлээрээ бусдыгаа тэргүүлсэн гэж үүнийг өгсөн юм” хэмээн заана. Эхнэрээсээ салаад “Ингээд дуусъя” хэмээн бодож, өдөр, шөнөгүй архи уух болсон гэнэ. Гэхдээ хийх ёстой ажлаа залгардуулалгүй хийж, айлын хажуу өрөөнд амьдарч байлаа. Харин 2004 онд Орон сууц ашиглалтын нэгдсэн контор татан буугдаж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаар, түүнийг ажлаас нь халав. Ингээд тэр ажилгүй болж, ах, дүүгүй тул хамт архи уудаг хүмүүстэйгээ траншейнд найман жил амьдарчээ. Гэхдээ хэн ч харсан траншейнд амьдардаг хүн гэхээргүй цэвэрхэн хувцасладаг байснаа дурсана. Харин хэдэн жилийн өмнө архинаас гарахаар шийдэж, өдий хүртэл нэг ч удаа архи амсаагүй.
Өдгөө Ц.Дамдинсүрэн гуайн охин 29, хүү нь 26 нас хүрч байгаа. Аавыгаа үхсэн гэж бодож явдаг ч байж магадгүй. Учир нь түүний үеэл эгч хадам ээжтэй нь найз. Иймээс хүүхдүүдэд нь үхсэн гэж хэлсэн байж болзошгүй гэнэ. Түүний амьдрах шалтгаан нь хоёр хүүхэдтэйгээ уулзах. “Аав нь мэнд, сайн явна. Хүүхдүүдтэйгээ нэг л удаа уулзчихвал сэтгэл амар явахсан” гэж хэлээд түүний хоолой сааралтан, нүдэнд нь нулимс цийлэгнэн, ярьж чадахгүй  болсноор бидний яриа өндөрлөсөн юм.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100