Сы Мачяний “Түүхийн тэмдэглэл”
05-30-2016 15:17
“Түүхийн тэмдэглэл” бол түүхийн шинжлэх ухааны аугаа бүтээл төдийгүй намтарчилсан уран зохиолын томоохон бүтээлд зүй ёсоор тооцогддог юм. Тийм ч учраас “Түүхийн тэмдэглэл” Хятадын хожмын түүх бичлэг, уран зохиолд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ. Энэ зохиол НТӨ I зуунд Баруун Хань улсын үед зохиогджээ. Түүнд Хятадын түүхийг нэн эрт үеэс улируулан Баруун Хань улсыг хүртэлх 300 гаруй жилийн улс төр, эдийн засаг, соёл, түүхийн өргөн хүрээг хамарсан байдаг. “Түүхийн тэмдэглэл” бол хувь хүний намтраар голлож бичсэн Хятадын анхны түүхийн нэвтэрхий толь бөгөөд Хятадын намтарчилсан уран зохиолын эх болсон сод бүтээл юм. Хятадын түүх бичлэг, уран зохиолд “Түүхийн тэмдэглэл”-ийн оруулсан хувь нэмрийг өгүүлэхийн өмнө, түүний зохиогч Сы Мачяний тухай товч танилцуулъя.
Сы Мачянь бол Хятадын Баруун Хань улсын үеийн түүхч, зохиолч хүн юм. Тэрээр түүхч эрдэмтний гэрт бүлд төрж өсжээ. Түүний эцэг хаан төрд түшмэлийн алба хашиж байв. Сы Мачянь багаасаа ухаан сэргэлэн, сурах сэтгэхэд сайн, ялангуяа сурвалж бичигт өгүүлсэн түүхт хүн, түүхэн үйл хэргийн талаар өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой байлаа. Тэр залуу насандаа олон газраар аялан явж, нийгэм, эдийн засаг, ардын зан заншил, ашигт малтмалын талаар судалгаа шинжилгээ хийж, олон газар нутгийн түүх соёлын дурсгалт зүйлтэй танилцан, тухайн газрын түүхэн хүмүүс, түүхэн үйл явдалтай холбоотой хууч яриа, баримт материал цуглуулжээ. Хожим Сы Мачянь эцгийнхээ зэрэг тушаалыг залгамжлан, төрийн түшмэл болов.
Урьдын түүхийн тэмдэглэлүүд олон хөүг хэсэглэн эзэлсэн үед бичигдсэн болохоор түүх туурвигчдын түүхэнд хандах үзэл бодол харилцан адилгүй, түүхэн хэрэг явдлыг тун явцуу ойлгож байжээ. Сы Мачянь эрт үеийн олон сурвалж бичгийг цэгцэлж, түүхийн бүрэн ном бичихээр бэлтгэж байлаа. Тэр үед Сы Мачянь улс төрийн учир шалтгаанаар ял эдэлжээ. Энэ шийтгэл түүний бие сэтгэлийг тун их зовоосон юм. Хожим нь хаан төрөөс Сы Мачянийг дахин хүндэтгэн хэрэглэсэн боловч түүний бодол сэтгэл урьдынхтай адилгүй болжээ. Амьд явах цорын ганц зорилго бол “Түүхийн тэмдэглэл” номоо бичиж дуусгах явдал хэмээн тэр үзэж байв. Сы Мачянь арван жилийн хугацаанд 103 бүлэг, хагас сая илүү үг бүхий “Түүхийн тэмдэглэл” хэмээх бүтээлээ туурвив.
“Түүхийн тэмдэглэл” нь төв намтар, илтгэл, тэмдэглэл, удмын түүх, сул намтар зэрэг 5 хэсгээс бүрдэнэ. Уг номонд хаад, улс төрийн нөлөө бүхий түүхэн хүмүүсийн намтрыг туурвилынхаа гол шижим болгож, олон хэсэг бүлгээ нарийн тодорхой хуваасан байдаг. Төв намтарт хаадын мандаж буурсан буюу түүхэн чухал үйл хэргийг тэмдэглэжээ. Илтгэлд хүснэгт хэлбэрээр түүхийн олон үеийн том том үйл явдлыг өгүүлсэн байна. Тэмдэглэлд одон орон, зурхай, ус ашиглалт, эдийн засаг, соёлын түүх зэргийг тусгай сэдэв болгон оруулсан юм. Удмын түүхэнд олон төрийн үеийн хөү, язгууртнуудын үйл хэрэг, бусад чухал үйл явдлыг тэмдэглэжээ. Сул намтарт олон давхаргын нөлөө бүхий хүмүүсийн намтрыг бичсэн ба бага хэсэгт нь үндэстний цөөнхийн түүхийг бичсэн байдаг. Түүний дотор Төв намтар, Удмын түүх, Сул намтар зэрэг хүний намтрыг гол болгосон гурван бүлэг номын зонхилох хэсгийг бүрдүүлсэн онцлогтой болохоор Сы Мачянь Хятадын түүх бичлэгийн шинэ стиль “намтарчилсан” хэлбэрийн зохиолын эхлэлийг тавьсан гэдэг.
“Түүхийн тэмдэглэл”-ийг “үнэн тэмдэглэл” гэж түүхчид нэрлэсээр ирсэн юм. Сы Мачянь урьдын түүхчдийн адил богд хаад, мэргэн түшмэдийн гавьяа зүтгэлийг тэмдэглэж, тухайн үеийн засаг төрийн сайн үйл хэргийг хий хоосон магтаагүй юм. “Түүхийн тэмдэглэл” феодалын нийгмийн үед зохиогдсон бусад “Төв түүх”-ээс хавьгүй өргөн цар хүрээтэй. Сы Мачянь түүхэн хэрэг явдлыг бичээд зогсоогүй, улс төр, эдийн засаг, цэрэг дайн, соёл, одон орон, газар зүй, зан заншил зэрэг олон талыг нягт уялдуулан нэгтгэж бүхэл цогц болгон зохиомжилсноор түүний зохиол олон талын ач холбогдол бүхий гайхамшигтай бүтээл болж чадсан юм.
Хувийн амьдрал нь дардан шулуун байгаагүйн улмаас Сы Мачянь хувь хүний амьдралын оргил үнэ цэнийн биеллийг ихэд анхаарч байжээ. Иймээс Сы Мачяний “Түүхийн тэмдэглэл” өнгөрсөн үеийн феодалын хаант төрийн “Төв түүх”-ээс ялгарч, магтаал шүүмж ил тодорхой, феодалын ноёлогч анги ялангуяа Хань улсын дээд давхаргын муу муухайг илчлэн хошигнож, феодалын харгис дарлалын эсрэг ард иргэдийн хийсэн эсэргүүцэл тэмцлийг харуулан, доод давхаргын хүмүүсийн үйл явдлыг халуунаар сайшааж, эх оронч баатруудыг дүрслэн бичсэн байдаг. Олон үйл хэрэг нь уламжлалт түүх бичлэгийн үзэл санаа, ёс зүйн ойлголтоор авч үзвэл хэт даварсан явдал боловч Сы Мачянь түүнийг тэмдэглүүштэй зүйл хэмээн үзсэн байна.
“Түүхийн тэмдэглэл” нь уран зохиолын хувьд ихээхэн үнэ цэнэтэй бүтээл юм. Түүний урлагийн чанар нь юуны өмнө үнэн бодит түүхэн баримт материалыг ашиглан, ил тод онцлог бүхий олон хүний дүрийг амжилттай бүтээсэн явдал юм. Жишээлбэл эрэлхэг баатарлагаар босон тэмцэж төр улсын эзэн болсон бослогын удирдагч, баатар зоригтой боловч эрдэм ухаангүй баатар, эрх дархтан биш атлаа олноо алдаршсан журамт хүн, хандсан зүгт дайсангүй эрэлхэг зоригт жанжин, өшөө хонзон өвөрлөж далдуур хорлогч, эрдэм ухаан олноос хэтийдсэн судар ном туурвигч бичгийн мэргэд, баян чинээлгээрээ төр улстай зэрэгцэх бэлэвсэн эхнэр, сэтгэлийн ханиа дагаж оргосон сайхан бүсгүй зэрэг ер бусын дүрүүдийг бүтээсэн нь “Түүхийн тэмдэглэл”-ийн хамгийн сэтгэл хөдөлгөм, чухал хэсэг юм.
“Түүхийн тэмдэглэл” үйл явдлыг амьд мэт дүрсэлж өгүүлсэн, товч томруун, системтэй бөгөөд ялангуяа өрнөл ихтэй хэрэг явдлыг дүрслэн тэмдэглэсэн нь уншигчдын сонирхлыг ихэд татдаг билээ. “Түүхийн тэмдэглэл”-ийн хэл хэллэг энгийн ойлгомжтой, яруу сайхан, товч авсаархан атлаа агуулгын багтаамж ихтэй, уран нарийн найруулгатай байдаг болохоор Хятадын “эртний бичиг зохиол”-ын хамгийн өндөр амжилтанд хүрсэн сонгодог бүтээл хэмээн олон үеийн хүмүүст үнэлэгдсээр ирсэн юм.
Д.Гүнтөмөр