CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Халтуурчин” эмээ

05-23-2016 12:56

 

Их хотын завгүй хэмнэл заримдаа биднийг өөрөөсөө бусдыг анзаарах сөхөөгүй болгочихдог юм шиг. Тэрнээс биш энэ амьдрал сайн хүмүүс, сайхан учралаар дүүрэн. Ганцхан түүнийг анзаарах мэлмийг завгүй амьдрал маань хаачихдаг бололтой. Амьдралын нугачаанд сөхрөлгүй, үлгэр дуурайл болохуйц яваа хүмүүсийн нэг бол Ж.Цэрэндолгор эмээ.


 Үл ялиг бензиний үнэр, машиныхаа түлхүүрийн оосрыг хуруундаа эргэлдүүлэн суух нь түүнийг жолооч гэдгийг хэлүүлэлтгүйгээр хэлээд өгнө. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны жолооч бүсгүйг хараад түүн шиг болохыг хүсэж байхдаа тэр 20 гаруйхан настай байж. Гэрийнхнийхээ эсэргүүцлийг үл хайхран Металистын техник мэргэжлийн сургуульд элсэн жолоочоор нэг жил сурч, зорилгоо ч биелүүлжээ. Тэдний ангид зургаан эмэгтэй оюутан байсан нь тус кино хүмүүсийн үзэл бодолд хэрхэн нөлөөлснийг харуулах биз.


Түүний амьдрал дардан байгаагүй. Таван хүүхдийн эцэг, эх болчихоод байтал хань нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Иймээс гэрт орж эм, гадаа гарч эр болж хүүхдүүдийнхээ хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Сургуулиа төгсөөд хамгийн анх барьсан машин нь “ГАЗ-51”. Энэ машинаараа Талхны үйлдвэрт талх зөөдөг байж. Дараа нь Хөдөө аж ахуйн баазад ачааны тэрэг барьж, холын тээвэрт явах хүслээ биелүүлжээ. Будаа, ус, өвс ачиж, Увс, Баян-Өлгий аймгаас бусад аймагт хөл тавьж үзсэн гэнэ. Зарим аймагт бүр 4-5 удаа очжээ. Энэ үеэ тэрбээр “Баазын жолооч нар бөөнөөрөө явна, машинаа эгнүүлж тавьчихаад, сайхан шүү” гэж дурссан. Хөдөө аж ахуйн баазад тухайн үед ачааны тэрэгтэй эмэгтэй жолооч ганц байсан нь тэр. Тиймээс ч жолооч нар түүнийг эрдэнэ мэт үзэж, машин нь эвдэрлээ гэхэд засаад өгчихнө. Бааз нь татан буугдахад хувиараа тээвэрт явж үзжээ. Тэр үедээ шөнө орой ганцаараа явахаасаа айж, суурин газар бараадаж хонодог байсан гэнэ. Өвлийн ид тачигнасан хүйтэнд хүүтэйгээ Сэлэнгэ аймагт мах хүргэж өгөөд буцсан тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Орлогынхоо мөнгийг арвижуулах санаатай мод худалдан авч ачаад, Баруунхараагаас бензин авахаар төлөвлөн 02.00 цагт зорьсон газраа иртэл бензин байдаггүй. Хэсэг яваад бензин нь дуусаж, хээр хонон, хөлдөх дөхжээ.


Хожим 2001 онд “Талх чихэр” компанид ажиллаж, компанийнхаа гурван удаагийн аварга болон, 10 жилийн дараа тэтгэвэртээ суужээ. Насаараа машин барьж, жолооны хүрдний ард суусан тэрбээр тэтгэвэртээ гарчихлаа гээд зүгээр байсангүй. Ачаа ачих зорилгоор моторгүй микро автобус нэг сая төгрөгөөр авсан байна. Гэтэл тэр нь засвар аваагүй тул 500 мянган төгрөгөөр заран, “Prius10” маркийн машин авч таксинд явдаг болжээ. “Prius”-ээ жил гаруй унасан ч баттерей нь суух болсноор жилийн өмнө хоёр дахин хямд үнээр зарж, тэтгэврийн зээлээр “Raum” маркийн машин авч, таксинд явж байгаа гэнэ. “Би ч наймааны тэнгэргүй юм билээ” гээд инээд алдах нь жаахан хүүхэд шиг. 


Тэрбээр өдөр бүр 07.00 цаг өнгөрөөгөөд л цагийн ажилтай мэт үйлчилгээнд гардаг. Гэхдээ үүнийг мөнгө олохын тулд биш зүгээр суухгүйн тулд хийдэг. Хамгийн эхний үйлчлүүлэгч хаа хүрнэ, тэр зүгтээ л ихэвчлэн явдаг гэсэн. Үйлчлүүлэгч ирэхийг хүлээж зогсдоггүй, яваад л байна. Харин гэрийнхээ ойролцоо ирвэл түр амсхийж, яс “хаясан” будаатай цайгаа чанаж, уугаад гарна. Ингээд үдэш нар жаргахаар л гэрийн бараа хардаг. Хүүхдүүд нь “Ээж, та амар. Зүгээр гэртээ сууж бай. Биднийг амьтан хүн юу гэх юм” хэмээдэг ч “Та нар ээжийгээ хэдэн жил амьд явахыг харъя гэж бодож байвал дураар минь байлга. Би чадал хүрэхгүй болох үедээ тэртээ тэргүй гэртээ сууна” гэдэг аж. Ж.Цэрэндолгор эмээ “Гэрт байх хэцүү. Адаглаж бие өвдөөд байх шиг санагддаг. Харин таксинд явж байгаад харихад сайхан шүү. Шөнө нойр хүрэхгүй байна гэж байхгүй. Энэ ажил бүх насаар минь намайг, үр хүүхдүүдийг минь тэжээсэн” гэв. Түүний сэтгэлийг юу ч тэгтэл нь чилээдэггүй. Өдөр бүр нүүр тулдаг авто машины түгжрэлийг ч юман чинээ тоодоггүй гэсэн. “Тэгэх юмсан, ингэх юмсан, ийм мөнгө олмоор байна” гэж хямардаггүй. Зүгээр л байгаа зүйлдээ талархан, сэтгэл амгалан амьдрах нь түүний хувьд аз жаргал. Гэртээ суухгүйн тулд таксинд явдаг ч гэлээ өдрийнхөө түлээ, нүүрс, хоолны мөнгийг олчихдог аж. Харин сүүлийн үед орлого нь эрс мууджээ.


Цэрэндолгор эмээ хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчлэхийг хичээдэг. Тиймдээ ч бусад жолоочийн ойрхон гэж голоод явдаггүй газар руу явж, бүр согтуу хүнийг ч заримдаа үнэгүй хүргээд өгчихдөг гэсэн. Хүнд итгэснээсээ болж хууртсан нь олон. Нэг залуу мөнгөө өгөөгүй хэрнээ хариулт мөнгийг нь аваад буучихсан байх жишээтэй. Бас нэг охин “Хүлээж байгаарай, мөнгө аваад ирье” гээд цүнхээ үлдээгээд бууж. Хоёр цаг хүлээгээд, тэвчээр алдан цүнхийг нь үзтэл дууссан будаг шунхны хайрцаг, сав л байсан гэдэг.


Ж.Цэрэндолгор: Машинаа данхраадаад л запас дугуйгаа тавьчихна


“Би чинь хүүхдүүдийнхээ жолооч нь. Тэд маань миний дарга байхгүй юү” хэмээн хошигнох тэрбээр ийн ярьсан юм. 

 
-Одоо хүмүүст хэр хууртаж байна вэ. Хашир болсон биз дээ?


-Ер нь хүн таньдаг болоод байгаа. Анх халтуурт явдаг байхдаа гараа өргөсөн хүн бүрийг авч, их хууртдаг байсан. Одоо нар жаргаснаас хойш эрэгтэй хүн авдаггүй. Гэхдээ эмэгтэй хүн ч хуурдаг болохоор хүнд итгэхэд хэцүү цаг үе шүү.


-43 жилийн өмнөх тэр үедээ эргээд очвол дахиад жолооч болох уу?


-Биеийн амар, жаргалыг бодвол нягтлан бодогч л болох байх.


-Жолооч байхын жаргал нь юу байдаг юм бол?


-Жолооны хүрднийхээ ард суугаад хүссэн зүг рүүгээ “сүнгэнэх” шиг жаргал байхгүй. Өглөө, үдэш яарч сандарсан хүнийг зорьсон газар нь хүргэж өгөх их буянтай ажил. Би аравдугаар ангиа төгсөөд л ажил хийсэн, хөдөлмөрлөх дуртай. Талх хүргэдэг байхдаа шөнө 03.00 цагт ажилдаа гардаг байлаа. Ачигч олдохгүй бол өөрөө л ачиж, буулгана. Одоогийн залуус ажил хийж сураагүй, тэвчээр муутай байна. Манай хүүхдүүд ч ялгаагүй. Хүүхдүүд, ач, зээдээ “Тэсвэр тэвчээртэй байж, ажлыг дуустал хийж сур” гэж захидаг.


-Та замын хөдөлгөөний дүрэм хэр зөрчдөг вэ? 


-Нэгдүгээр эгнээгээр явсан, гэрлэн дохио зөрчсөн гээд торгуулийн хуудас ирдэг юм. Уг нь би гэрлэн дохиогоороо л явдаг. Гэрэл солигдох үед ороод таарчихдаг юм шиг байгаа юм. Тэнгэрээс “хардаг” юм чинь хаягаар бичиг явуулаад л байгаа шүү.


 -Даргын жолооч хийж үзсэн үү?


-1980-аад оны үед Талхны үйлдвэрийн даргын “УАЗ-469Б”  машин гурван сар гаруй барьсан. Даргын жолооч байх нь уяатай юм шиг хэцүү.


-Машины дугуй хагарвал та яадаг вэ. Засварчин дууддаг уу?


-Машин эвдрэх, дугуй хагарах үе зөндөө гарна. Одоо ч дугуй хагарлаа гэхэд машинаа данхраадаад л запас дугуйгаа тавьчихна. Том тэрэг барьж байсан хүнд дугуй солих шиг амархан зүйл үгүй. Харин жижиг тэрэгтэй болсноос хойш өөрөө дугуйгаа нөхөхөө больсон. Том тэрэгтэй байхад дугуйгаа өөрөө л нөхдөг байлаа шүү дээ.

                                                                                                                     Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100