Монголчууд түүхэндээ хэдэн бичиг үсэг хэрэглэж ирэв
05-19-2016 17:55
Хэл бол хүн төрөлхтөний бодол санаагаа солилцох харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Анх авиа, богино үгээр ярилцаж эхлэх тэр үеэс хүн төрөлхтөн адгуус амьтнаас ялгарсан юм. Хэл хөгжихийн хэрээр хүний оюун ухаан улам тэлж байсныг ч хэлэх юу билээ. Улмаар хүний нийгэм, түүхийн хөгжлийн урт удаан хугацааны явцад хэлийг тэмдэглэх, үсэг бичиг үүсжээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсноос хойших хэдэн мянган жилийн дотор маш олон үсэг бичиг бүтээсэн байна.
Зурагт бичиг- Бичиг үсгийн анхны үүслийг зургийн бичиг хэмээн үздэг. Юмс үзэгдлийг төлөөлүүлэн бэлгэдсэн зургаар бие биедээ ойлгуулах бичгийн тогтолцоог зурагт бичиг буюу дүрс бичиг гэдэг.
Утгат бичиг - Тогтсон нэг зураг дүрс буюу тэмдгээр тогтсон нэг утгыг илэрхийлдэг. Тодруулбал нэг тэмдэгтээр нэг үгийг илэрхийлэх давуу талтай.
Авианы бичиг - Тогтсон цөөн тооны үсгийн тэмдгээр хэлний авиа нэгжийг илэрхийлдэг. Сурч эзэмшихэд хялбар шинжлэх ухаанд тун ойртсон бичиг үсэг болно. Хүн төрөлхтөн бичиг үсгийн ийм гурван үеийг туулжээ.
МЭӨТ 6000 жилийн өмнө Африк тивийн Египет улсад Богдсийн сийлбэр бичиг хэмээн хүндэтгэн нэрлэж байсан анхны үсэг бий болжээ. Үүнээс 2000 жилийн дараа Семит үсэг үүсч, хожим нь Финикүүд дээрх санааг үргэлжүүлэн авиа зүйн дээр үндэслэн бичиг үсэг зохиосон юм. Эндээс орчин үеийн авиан зүйн бараг бүх бичиг, цагаан толгой үндэслэсэн гэгддэг.
Харин Монгол бичиг нь Финик-Арамай-Сири-Согд-Эртний Уйгар-Монгол үсэг гэх дарааллаар үүссэн. Эхний гурван бичиг үсэг нь Семит хэлний бүлгийн хэлнүүд (Одоогийн Араб, Еврейн өвөг хэл) Согдууд нь өнөөгийн Ираний төрөлх хэл дээр, Уйгурууд түрэг хэлний бүлэгт хамаарагддаг байжээ.
Монголчууд үсэг бичигтэй болсноос хойшхи мянга гаруй жилийн хугацаанд, тэртусмаа 13-р зууны эхэнд уйгуржин монгол бичгийг түгээмэлжүүлэн хэрэглэж ирсэн. Гэвч он цаг түүхийн хугацаандаа өөрсдийн хэрэглээ соёлдоо тохируулан бичиг үсгээ халах сайжруулах, сольж өөрчлөх оролдлого цөөнгүй хийсэн. Энэхүү түүхийг шинжилж үзвэл үсгийн өөрчлөлт хийх үйл явц хоёр шугамаар өрнөсөн байдаг. Эхнийх нь Уйгаржин монгол үсгийг сайжруулах оролдлого / али- гали, тод, вагиндрагийн үсэг/, харин нөгөө нь Энэтхэг Түвд үсэг болон бусад харь хэлний үсэгт үндэслэн шинэ үсэг зохиож уйгаржин бичгийг халах оролдлого / дөрвөлжин, соёмбо, крилл/ болно .
Зураг 1. Эртний уйгуржин монгол бичгийн цагаан толгой
Зураг 2. Түүх бичгийн үнэт олдвор “Чингисийн чулууны бичиг”
Зураг 3, 4, 5 “Бодьчиръя Авадара” бол Энэтхэгийн зохиолч Шандидаваа 7-р зууны үед зохиосон санскрит хэлний бүтээл болно. Энэ бичгийг Юань улсын үеийн алдарт эрдэмтэн Чойжи-Одсэр 1305 онд орчуулан тайлбар хийж байсан байна. Улмаар 1312 онд Дайду хот дахь Цагаан суваргат сүмд 1000 хувь дармалдан хэвлэж үлдээсэн гэдэг. Тэгвэл 20 -р зууны эхэнд Германы эрдэмтэн Ле Гук БНХАУ-ын Шиньжанаас уг тайлбарын сүүлийн 12 хуудсыг олсон байна. Энэхүү бичгийн эх одоо Берлин хотод хадгалагдаж байна.
Дөрвөлжин үсэг. Монголчууд уйгуржин монгол үсгийг хэрэглэсний дараах хамгийн анхны өөрчлөлт нь 1269 онд Хубилай цэцэн хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан Түвд үсгийн цагаан толгойд суурилж “Монголын шинэ үсэг ” хэмээх үсэг зохиосон байна. Энэхүү үсгийг сүүлийн үеийн монголч эрдэмтэд “Пагва үсэг ” буюу “ Дөрвөлжин бичиг” хэмээдэг. Уг бичгийг зохиосон гол шалтгаан нь нийгэм хэрэгцээ улс төрийн зорилго байсан юм .Тиймээс тухайн үсэг нь Юан улсын харьяа дахь олон үндэстэнд зориулагдсан бөгөөд юань төр тогтнож байсан хугацаанд хэрэглэгдэж байжээ.
Зураг 6. Дөрвөлжин үсгийн цагаан толгойн хүснэгт
Зураг 7. 19-р зууны үед ОХУ-аас олдсон алтан үсэгтэй уйгаржин пайз.
Зураг 8. Дөрвөлжин үсгээр бичсэн хааны зарлиг
“Али-Гали”-ийн үсэг
16-р зууны сүүлч буюу 1587 онд Харчины монгол хэл бичгийн эрдэмтэн Аюуш гүүш санскрит, түвд цагаан толгойд үндэслэн харь хэлний үгийг тэмдэглэх тусгай тэмдэг “Али-Гали” үсгийг зохиожээ. Али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Энэ үсэг нь тухайн үед зөвхөн бурхны шашны ном судрыг монгол хэлээр орчуулахад харь хэлний үгийг үсэгчлэн буулгах тэмдэг болж байсан байна. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм.
Зураг 9. “Али- Гали” үсгийн цагаан толгойн хүснэгт. “Али- Гали” үсгээр тэмдэглэсэн “ Эгшиг хийгээд гийгүүлэгч үсэг оршивой ” номын хоёр хуудас
Тод үсэг
Ойрдын заяа бандид Намхайжамц1648 онд уйгуржин монгол үсгийн цагаан толгойг үндэслэн ойрад аялгуунд тохируулан энэхүү үсгийг зохиожээ. Тод бичиг нь авиа тэмдэглэх дүрэм, бичлэгийн хэлбэр, зөв бичих дүрэм зэргээрээ нэлээн өвөрмөц онцлог бүхий үсэг бөгөөд ойрад монголчуудын дунд 300 гаруй жил хэрэглэгдсээр иржээ.
Зураг 10. 11, 12 Тод үсгийн цагаан толгойн богино, урт, хос эгшиг, гийгүүлэгч, тийн ялгал , хамаатуулах олон тооны дагаврын хүснэгт
Зураг 13. Тод үсгийн судар бичгийн дурсгал
Соёмбо үсэг
17-р зууны сүүлч буюу 1686 онд Халхын анхдугаар богд Гомбодоржийн Занабазар Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдийг үндэслэн Соёмбо үсгийг зохиожээ. Энэ бичиг нь голлон шашны ном судрыг орчуулахад хэрэглэгдэж байсан бөгөөд халхын сүм хийдэд хоёр зуу гаруй жил хэрэглэгдэж байжээ. Соёмбо гэж санскрит хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай
Соёмбо үсгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр билгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
Зураг 14. Соёмбо үсгийн цагаан толгой
Вагиндра үсэг
1905 онд буриад лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан, буриад нутгийн аялгуунд зохицуулсан нэгэн шинэ үсэг зохиожээ. Зохиогч өөрийн Агваандорж гэх нэрээ санскритаар орчуулж “вагиндра ” гэж зохиолынхоо эцэст тавьсанаас үүдэлтэйгээр “вагиндра үсэг” гэж нэрлэгдэх болсон байна. Вагиндра үсэг нь зөвхөн байгаль нуурын хойд хэсгийн буриад монголчуудын дунд тун богино хугацаанд хэрэглэгджээ. Одоо үсгийн цөөн хэдэн дурсгалт бичиг байдаг байна .
Зураг 15. Вагиндра цагаан толгойн хүснэгт
Шинэ монгол үсэг
Шинэ монгол үсэг нь Грек үсгээс гаралтай бөгөөд Болгарын Кирил, Мефодий Гэгээнтүүд түүнийг стандартчилсан гэдэг. Монгол улс 1941 онд уг үсэг бичгийг дэлгэрүүлэх тогтоол гаргаж байсан боловч 1946 оноос албан ёсоор түгээмэлжүүлэн хэрэглэж эхэлсэн байна.
Т. Төмөрголт