БНХАУ-ын ӨМӨЗО-ны бакалаврын тэтгэлэг зарлагдлаа
05-18-2016 17:09
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар, Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээрийн дагуу энэ хичээлийн жилээс тус улсын Засгийн газрын тэтгэлэг эхэлжээ. Энэ удаа бакалаврын сургалтанд 100 оюутныг сонгон шалгаруулах бөгөөд тэтгэлэг болон суралцах сургуулийн мэдээлэл гарчээ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРТГЭЛ
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 18-25 насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.
•Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй
•БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
Үүнд:
• Бүрэн зөв бөглөсөн анкет
• Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
• тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
• шалгалтын хураамж 15000 төгрөг
БНХАУ-д бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын 21, 22-ны өдрүүдийн 10:00-17:00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, БИЧГИЙН ШАЛГАЛТ
Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна. Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 5 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ.
Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 5 дугаар сарын 29-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 5 дугаар сарын 30, 31-ний өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.
БСШУЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.