CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Цагаан будааны хатагтай

05-17-2016 15:13

 

 

Хүмүүс цалингаараа хоол хүнсээ худалдан авдаг. Харин хоол хүнс идсэнийхээ төлөө цалин авдаг ажлын байр байдаг гэж дуулсан уу? Тэгвэл бид та бүхэнтэйгээ “Цагаан будааны хатагтай” нарын тухай бяцхан түүх хуваалцъя.

60 жил будаа агшаагч үйлдвэрлэсэн туршлагатай Японы Панасоник группт нэгэн төрлийн тусгай ажлын байр байдаг бөгөөд тэнд ажилладаг хүмүүсийг “Райс лэйди” буюу “Цагаан будааны хатагтай” хэмээнэ. Тэдний өдөр тутмын хийх ажил үүрэг нь цагаан будаа агшааж, агшаасан будаагаа амтах явдал юм. Сонсоход хялбархан мэт санагдах ч Панасоник группийн техникийн бүх ажилтнууд тэдний үгийг сонсдог гэнэ. Райс лэйди нарыг мэргэжлийн өө эрэгчид гэхэд огтхон ч буруудах зүйлгүй. Хэрэв агшаасан будаа тэдэнд гологдвол техникчид тогооны хэмжээ, орц материал, ажлын программаа хүртэл өөрчлөн шинэчилдэг байна.

Райс лэйди нар өдөр бүр 25 төрлийн цагаан будаа агшааж, нэг хүн өдөрт дунджаар 10 аяга будаа иддэг гээд бод доо. Будааны өнгө, үнэр, амт зэрэг долоон төрлийн шинжилгээ хийдэг учраас энэ ажлын байранд хоол тэжээлийн нарийн мэргэжил, амтлах гоц мэдрэмжтэй хүн тэнцдэг байна.

 

 

Панасоник группийн Райс лэйди 45 настай хатагтай Каку Саури тус ажлын байранд 24 жил ажиллаж байна. Тэрээр 1992 онд Японы Очанумиз Их Сургуулийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн юм. Каку Саури 24 жил Панасоник компанийн будаа агшаагчийн төлөөлөгчийн хувиар хүнс хөдөө аж ахуйн яармагаар явж, Токиогийн телевиз, Асахи шинбун зэрэг хэвлэл мэдээллийнхэнд тусгай сурвалжилга өгснөөр “Райс лэйди” нарын нэр нөлөө ч ихээхэн нэмэгджээ.

Каку Саури Панасоник компанид анх орсон үеээ дурсаж ярихдаа: “Анх ажилд орох үед “цагаан будаа идэх л юм гэнэ, юу байхав дээ” гэж хэнэг ч үгүй бодож байлаа. Харин энэ бол эцэс төгсгөлгүй ажил гэдгийг хожуу мэдсэн” гэсэн юм. Бусад “Райс Лэйди”-тэй адил Каку Сауригийн хамгийн түрүүнд хийж сурах ажил бол будаа угаах байлаа. Будааг зөв угаах эсэх нь судалгааны үр дүнд шууд нөлөөлдөг тулд стандартын дагуу ажиллах ёстой. Энэ нь нэг ёсондоо Панасоник группийн нарийн нухацтай үзэл баримтлалыг өвлөж байгаа хэрэг юм.

“Цагаан будаа амтлах талаар анх туршлага мөхөс байдаг тул өдөр бүр их хэмжээний цагаан будаа иддэг байлаа. Харин одоо 3, 4 амтлаад л будаа агшаагчийн чанарыг шалгаж чаддаг болсон” гэж Каку Саури ярьсан юм. Ажил мэргэжлийн онцлогоос болоод ч тэрүү, хатагтай Каку Суари цагаан будааны хорхойтон болжээ. Ямар нэгэн томилолтоор юм уу аялал жуулчлалаар явах бүртээ тухайн нутгийн цагаан будаанаас цүнх дүүрэн худалдаж аваад гэр бүлийнхэндээ амтлуулна. Хятад, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Америк, Канад гээд хатагтай Каку Саури дэлхийн бүх төрлийн цагаан будааны бараг хагасыг амталсан гэхэд хилсдэхгүй. 

 Каку Саури ажил мэргэжлээрээ их бахархдаг хүн. Тэрээр: “Манай компани шинэ будаа агшаагч бүтээх болгонд би үүнээс гоё амттай цагаан будаа байхгүй байх гэж боддог. Гэвч амт нь улам бүр сайхан болдог, эцэс төгсгөлгүй. Япончууд цагаан будаанд дуртай учир бидний энэ ажил ямар чухал гэдгийг би улам бүр мэдрэх болсон. Үүгээрээ би маш их бахархдаг” гэсэн юм.

1956 онд Панасоник брэндийн анхны будаа агшаагч гарснаас хойш цагаан будааны судалгаа тасралтгүй хөгжсөөр өдий хүрчээ. Каку Саури тэргүүтэй “Райс лэйди” нарын хичээл зүтгэл тус брэндийн дүр төрхийг улам эрхэмсэг болгож байна.

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100