CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Кеничүүд 100 тонн зааны соёо шатаав

05-16-2016 13:06

 

4-р сарын 30-нд Кенийн нийслэл Найробид тус улсын ерөнхийлөгч Кеняатта овоолсон олон зааны соёонд өөрийн гараар гал тавьж, хулгайн анчдаас хураасан 100 тонн зааны соёо болон 1 тонн гаруй хирсний эвэр, ангийн үс, арьсийг устгах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Мөн өдөр нийслэл Найроби хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд овоолж тавьсан 11 хэсэг зааны соёо, хирсний эврийг дэлхий нийтээрээ анхаарч байлаа. Кенийн ерөнхийлөгч Кеняатта болон тус улсын өндөр албан тушаалтан, нийгмийн зүтгэлтнүүд бүгд бамбар барин зааны соёог шатаах үйл ажиллагаанд оролцож, зааны соёогоор босгосон хамгийн том овоонд тал талаас нь гал тавьсан юм.

Ерөнхийлөгч Кеняатта: “Бид энэ арга хэмжээгээр дамжуулж Олон улсын хамтын нийгэмлэгт чухал мэдээлэл дамжуулан өгч байна. Кени улс зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус арилжааг үл тэвчих байр суурьтай байгаа төдийгүй иймэрхүү хууль бус ажиллагаанд олон улс орон хамтран цохилт өгөхийг уриалж байна. Бид нэг зүйлийг заавал тодорхойлох ёстой. Хулгайн ан, зэрлэг амьтныг хууль бусаар наймаалах үйл ажиллагааг олон улсад гэмт хэрэг хэмээн тооцдог. Тэдэнтэй тэмцэх тэмцлийг туйлбартай явуулахын тулд олон улс орон, бүс нутаг, ялангуяа заан оршин амьдардаг Африкийн улс орнууд хамтран ажиллах ёстой” гэсэн юм.

Кенид зэрлэг амьтныг хууль бусаар агнахын эсрэг чуулга уулзалтад оролцсон Габоны ерөнхийлөгч Бонго Найроби хотод болсон зааны соёог устгах арга хэмжээнд оролцжээ. Тэрээр: “Манай улс өнгөрсөн арван жилд арван мянган заанаа алдсан. Гэвч бүх ойн зааны тэн хагас нь Габон улсын нутаг дэвсгэрт оршин амьдарч байна. Өдгөө хулгайн ан, хууль бус наймааны хор уршгаар зааны соёоны үнэ огцом өсөж, заанууд гэм буруугүй хэрнээ хохирогч болж байна” хэмээн ярьж байлаа.

Кенийн зэрлэг амьтныг хамгаалах алба: “Энэ удаад бид нийт 105 тонн буюу манай агуулах дахь бүх зааны соёог шатааж устгалаа. Энэ бол ойролцоогоор 8000 зааны соёо бөгөөд тэдний ихэнхийг хулгайн анчдаас хурааж авсан юм. Мөн шатааж устгах арга хэмжээнд 1.35 тонн хирсний эвэр, хар захаас хураасан зэрлэг амьтны арьс үсийг хамруулсан” хэмээн танилцуулжээ. Байгаль хамгаалах нийгэмлэгийн Кенийн төслийн захирал Мунира: “Соёог нь сугалж авахын тулд урьдаар тухайн зааныг алдаг. Үүнийг зарим хүн мэдэхгүй байх. Хэрэв иймэрхүү алан хядах үйл ажиллагаа цаашид үргэлжилбэл зэрлэг амьтад бүрмөсөн устаж үгүй болно. Аялал жуулчлал бол Кенийн эдийн засгийн хоёр дахь том эх үүсвэр юм. Жуулчид Кенид зэрлэг амьтныг нүдээр үзэж, сонирхох зорилготой ирдэг учраас бид үүнээс багагүй ашиг олдог” гэжээ.

Өдгөө хар зах дээр нэг кг зааны соёо 1000 орчим ам.доллар байдаг бол нэг кг хирсний эвэр 60 мянган ам.доллар хүрдэг. Үүгээр тооцвол, энэ арга хэмжээний үеэр шатааж устгасан зааны соёо, хирсний эвэр нийт 180 сая ам.доллар хүрэх бөгөөд жин болон үнэ өртгөөрөө дэлхийн рекорд тогтоосон юм. Харин тус арга хэмжээг эсэргүүцэгчид “Зааны соёог устгах нь Кени улсын нөөц баялгийг үрэн таран хийсэн балмад үйлдэл” хэмээн ихэд буруушааж байна. Үүнд хандуулан Кенийн зэрлэг амьтныг хамгаалах газрын дарга Кеади: “Зааны соёо, хирсний эвэр бол зөвхөн тухайн амьтны биед байхдаа л үнэ цэнэтэй байдаг. Хэрэв тэднийг агуулахад хадгалбал ямар ч үнэ цэнэгүй болно” гэсэн юм.

Өнгөрсөн гурван жилд хулгайн анчид Африкийн эх газарт 100 мянга гаруй зааныг хөнөөжээ. Эдгээр зэрлэг амьтад удалгүй бүрмөсөн устаж үгүй болох магадлалтай хэмээн судлаачид сэрэмжлүүлж байна.

Д.Гүнтөмөр

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100