CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах орноор зочлоорой

05-10-2016 11:28

 

Нинся Хотон үндэстний өөртөө засах орон Хятадын баруун хойд нутгийн Хатан голын дээд урсгалд байдаг. Зүүн талаараа Шааньши мужтай, хойд болон баруун талаараа Өвөр Монголтой, өмнө талаараа Ганьсү мужтай зах нийлнэ. Нинся өмнөөс хойш 456 км, зүүнээс баруун тийш 50-250 км, 66 мянган ам дөрвөлжин км газар нутагтай, 6.3 сая хүн амтай. Хүн ам сийрэг, нэг ам дөрвөлжин км газар дунджаар 81 хүн амьдардаг. Хүн амын 62 хувь нь хятад, 34 хувь нь хотон, 4 хувь нь манж, монгол, дүнсян үндэстэн. Нинся Хотон үндэстний өөртөө засах орон мужийн хэмжээний 5 хот, сяний хэмжээний 2 хот, 9 дүүрэг, 11 сяньтай. Өөртөө засах орны төв Иньчуань буюу Яргай хот.

Газар зүй

Нинсягийн Шар шороот өндөрлөг, Өвөр Монголын өндөрлөгийг сундалж тогтсон, газрын байц урд талаараа өндөр, хойшоо нам бөгөөд далайн төвшнөөс 1000 гаруй метр өндөр. Тус өөртөө засах орон Алшаа, Лю Паньшань хэмээх хоёр том уултай. Алшаа уул Нинсягийн баруун талаар үргэлжлэх бөгөөд уулын баруун талд Өвөр Монголын Алшаа аймаг бий. Лю Паньшань уул Нинсягийн өмнө хэсгийн Шар шороот өндөрлөгт байдаг.

Нинся бол Алшаа уул, Ордосын өндөрлөг, Шар шороот өндөрлөгийн дундах нутаг юм. Сэрүүн бүсийн эх газрын хуурай уур амьсгалтай. Өвөл нь хахир хүйтэн бөгөөд урт удаан. Зун урин дулаан боловч хавар, намар богино, агаарын дулаан эрс тэс. Агаарын дундаж дулаан жилд 5-10 хэм, 1-р сард хасах -10-7 хэм, 7-р сард +17+24 хэм байдаг. Жилийн хяруугүй хугацаа 125-195 хоног. Жилд дунджаар 200-600 мм хур тунадас унадаг.

Түүх

Нинся Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн өлгий нутгийн нэг бөгөөд 30 мянган жилийн тэртээ хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байжээ. 1038 онд Даншян аймгийн эзэн Ли Юаньхао энэ нутагт Баруун Шя буюу Тангуд улсыг байгуулжээ. 189 жил оршин тогтносон Тангуд улсыг 1227 онд монголчууд мөхөөсөн юм. Юань улсын үед энэ нутгийг Ганьсү мужид харьяалуулжээ. Мин улсын үед Нинся вэй гэж нэрлэж байгаад Чин улсын үед Нинся фү буюу муж болгожээ.

БНХАУ байгуулагдсаны дараа Ганьсү мужид харьяалж байгаад 1958 оны 10-р сарын 25-нд Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах орныг албан ёсоор байгуулсан юм. Түүх газар зүй зэрэг олон хүчин зүйлийн улмаас Нинся маш ядуу хоцронгуй нутаг байжээ. Өөртөө засах орон байгуулагдсаны дараа улс орон, ах дүү мужийн тусламжаар Нинсягийн эдийн засаг түргэн хөгжиж, ардын аж амьдрал сайжирсан байна.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр

2013 оны эцсийн тоо баримтад тэмдэглэснээр, Нинсягийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 256 тэрбум юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувь өсжээ. Нинсягийн эдийн засгийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна. Хөдөө аж ахуй хүнсний чиглэлд буудай, усан тутарга, эрдэнэ шиш, ноён шиш, нарим, хума, шимэлдэг, чихрийн манжин, олсны ургамал голлон тариална. Үхэр, хонь, загасны аж ахуй эрхэлж, сүүний чиглэлийн үнээ, махны чиглэлийн үхэр үржүүлнэ.

Өөртөө засах орны газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн нийт бүтээгдэхүүн 2013 онд 43 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн байна. Нүүрс, механик, металлурги, цахилгаан эрчим хүч, нефть, электрон, арьс шир, хотон үндэстний онцлог бүхий аж үйлдвэртэй. Нинсягийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 2013 онд 94 тэрбум 450 сая юань хүрчээ.

Зам харилцаа

Нинся Хотон үндэстний өөртөө засах орон төмөр зам, авто зам, агаарын замыг хослуулсан зам харилцааны сүлжээтэй. Бугат-Ланьжөү чиглэлийн төмөр зам тус мужаар дайрч, Ланьжөү-Шинин, Ланьжөү-Өрөмч, Ланьжөү - Лянюунган чиглэлийн төмөр зам Нинсяд солбицдог. Сянь, сяныг холбосон авто замын сүлжээтэй. Яргай-Ши-ань, Яргай–Тайюань-Бээжин, Яргай–Ланьжөү, Яргай- Бугатын чиглэлийн нислэгтэй.
Боловсрол
Нинся Хотон үндэстний өөртөө засах оронд их дээд сургууль 5, коллеж 25, ерөнхий боловсролын дунд сургууль 430, тусгай мэргэжлийн дунд сургууль 28 бий. Сяниас дээших шатны судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага 60, байгалийн шинжлэх ухааны 50, нийгмийн шинжлэх ухааны 8, шинжлэх ухаан техник, эрдэм шинжилгээний байгууллага 4 бий. Нийгмийн эрүүл мэндийн байгууллага 1654 байгаагаас 382 нь эмнэлэг юм.
Яргай хот
Яргай хот Нинсягийн тал газрын төв хэсэгт байдаг. Зүүн талаар нь Хатан гол урсан өнгөрч, баруун талд нь Тэнгэр элсийг хаших өндөр сүрлэг Алшаа уул бий. Нэг сая хүн амтай Яргай хот Нинсягийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв юм. Тус хотын машин механик, химийн аж үйлдвэр, хөнгөн нэхмэл, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүнээр голлосон аж үйлдвэр түргэн хөгжсөн байна.

Аялал жуулчлал

Нинся Хотон үндэстний өөртөө засах оронд Гүнжүний ам, Тангудын эзэн хаадын бунхан, Байс хийд, Гурван боомтын урт цагаан хэрэм зэрэг түүх соёлын дурсгалт газар цөөнгүй бий. Яргай хотоос баруун тийш, Монь уулын зүүн хормойд Тангуд улсын эзэн хаадын бунхны цогцолбор байдаг. Бунхны хүрээ зүүнээс баруун тийш арван км, хойноос урагш дөрвөн км, 50 ам дөрвөлжин км талбайтай. Хүрээн дотор хаан эзэн, ван ноёдын бунхан, түүнийг дагалдуулсан хоёр зуу гаруй оршуулгатай. Бунхнуудын хэлбэр төрх төстэй, дөрвөн өнцөгт нь асар, өмнө талд нь үүдэвч, хөшөөний суурь, гадуур, дотуур хэрэм, өргөлийн дуган, шарилын тавцантай. 1970-аад онд язгууртны нэг бунхныг малтан судлахад төрөл бүрийн алтан эдлэл, хулсан сийлбэр, хуягны зэс хавтас, сувд, шаазан зэрэг эд өлгийн зүйл гарсан бөгөөд түүнийг дагалдан оршуулсан гурван бунхан байгааг олж илрүүлсэн юм. Энэ бол Тангуд, Хятадын соёлын харилцааг судлахад маш чухал үнэ цэнэтэй дурсгал юм.

Нинсягийн Гү-Юань сяниас баруун хойш 55 км зайд Сүмбэр уулын чулуун агуй хэмээх хосгүй дурсгал бий. Нарс майлс модтой, гол горхи ихтэй уулын хадыг дагуулан өндөр нам солбицуулан нүхэлсэн тэр агуйг буддын шашны урлагийн эрдэнийн сан гэлтэй. Сүмбэр уулын агуйг Умард Вэй улсын үеэс эхлэн бүтээж Баруун Вэй, Умард Жөү, Сүй, Тан улсын үед сэлбэн зассаар бурхны сүм болгожээ. Тан, Сүн улсын үед "Жин-Юнь хийд" хэмээн нэрийдэж, Юань, Мин, Чин улсын үед засан шинэтгэж "Юаньгуань хийд" хэмээн нэрлэх болжээ. Мянга дөрвөн зуун жилийн турш зул хүж тасраагүй тэр хийд Нинсягийн аялал жуулчлалын чухал бүс төдийгүй Хятадын баруун хойд нутгийн хамгийн урт удаан түүхтэй бурхан шашны барилга архитектурын үнэт дурсгал юм. Энэ агуй Дүньхуан, Юнгань, Лүнмэн агуй, Майжи шань уулын агуйгаас дутахгүй ховор нандин соёлын өв билээ.

Сүмбэр уулын агуйн сүмүүд олон зуун жилийн салхи бороонд элэгдсэн боловч зуун тавь гаруй агуй бүрэн бүтэн үлдсэн юм. Тэдгээр агуйд бурхны сийлбэр хөрөг есөн зуу, сийлж урласан хятад түвд бичээс дөч гаруй байна. Сүмбэр уулын агуйн сүмд Умард Вэй, Баруун Вэй, Умард Жөү, Сүй, Тан улсын үеийн чулуун сийлбэр, барилга, ханын зургийн зэрэг урлагийн цогц бүтээл бий. Ялангуяа Умард Вэй, Жөү, Сүй, Тан улсын үед бүтээсэн дундаа баганатай том агуй сүм, гүнгэрваа, цавчиж бүтээсэн том чулуун бурхад урлагийн онцгой бүтээл юм. 1982 онд Төрийн зөвлөлөөс энэ агуй хийдийг бүх Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах жагсаалтанд оруулж, 1984 оноос их засвар хийж, гадаадад нээлттэй болгосон юм.

Д.Гүнтөмөр

 

 


 


 


 


 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100