Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орноор аялаарай
05-06-2016 17:30

Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орон Хятадын өмнө хэсэгт далайн эрэг дагуу байрладаг мужийн зэрэглэлийн засаг захиргааны бүс юм. Гүйжян мөрөн Гуаншигийн ноён оргил Маор уулнаас эх авдаг тул Гуаншийг “Гүй” хэмээн хурайнгуулан тэмдэглэдэг. Өөртөө засах орны төв Наньнин, харьяандаа 8 бүс, бүсийн зэрэглэлийн 5 хот, сяний зэрэглэлийн 7 хот, 63 сянь, өөртөө засах 13 сяньтай. Тус өөртөө засах орон Гуандүн, Хүнань, Гүйжөү, Юньнань дөрвөн мужтай зах нийлж, баруун өмнө талаараа Вьетнамтай хил залгана. Гуанши Хятадын өмнөд нутгийн далайн эрэг дагасан эдийн засгийн хөгжингүй бүсэд багтдаг. 1965 оны 10 сарын 12-нд Төрийн зөвлөлийн шийдвэрээр Гуаншийг Жуан үндэстний өөртөө засах орны статустай болгожээ.

Гуанши бол Хятадын баруун өмнөд бүсийн далайд гарах хамгийн хялбар гарц. Тиймээс Хятад, Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. 2014 онд Хятад-АСЕАН-ий үзэсгэлэн яармаг, Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын нэр хүндтэй томоохон үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг Гуаншид зохион байгуулсан юм.
Гуаншид жуан, хятад, яо, мяо, дүн, жин, хотон зэрэг олон үндэстэн төвлөрөн суурьшсан бөгөөд голдуу хятад, жуан хэлээр ярьдаг. Дулаан бүсийн чийглэг уур амьсгалтай тул үнэт, ховор амьтан, ургамал, байгалийн баялаг ихтэй. Гуаншийг “Жимсний эх орон” хэмээдэг. Хятадын зах зээл дээрх анар, жүрж, луугийн нүд зэрэг олон төрлийн амтат жимс жимсгэнийг Гуаншигаас нийлүүлдэг юм.

Түүх
Гуанши нутагт 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бий. 6000 жилийн өмнөх Гуанши хүмүүс газар тариалан, мал аж ахуй, вааран урлал эрхэлж байв. Байлдаант улсын үеэс хотжих соёл бий болж эхэлжээ. Тан улсын үед Гуаншигийн эдийн засаг, соёл урлаг асар хурдтай хөгжсөн байна. Гүйжян, Люжян мөрнийг холбосон усан дээрх гайхамшигт байгууламжийг чухам тэр үед л байгуулсан түүхтэй. Чин гүрний үед бүх улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны нэгжид хуваарилахдаа Гуаншийг муж, Гүйлин хотыг мужийн төв болгосон юм. Дундад Иргэн улсын үед мужийн төвийг Наньнин болгож тогтоожээ. БНХАУ байгуулагдсанаас хойш Гуаншийг өөртөө засах орны статустай болгосон юм.

Газарзүй
Гуанши Юньнань-Гүйжөүгийн өндөрлөгийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Гуандүн-Гуаншигийн довцгийн баруун талд, урдуураа Тонкиний хойг руу чиглэж байрладаг. Газрын ерөнхий байц дөрвөн талаараа уулсаар хүрээлэгдсэн өндөрлөг газар. Төв болон өмнө хэсгээрээ тэгш гадаргуутай, баруун хойноос зүүн урагш хэвгий, хотгор үүсгэсэн тул “Гуаншигийн хотгор” гэж эртнээс хэлж заншжээ. Өөртөө засах орны төв Гүйган хот Гуаншигийн хамгийн том “Шюнь Юйгийн тэгш тал”-д оршдог.

Далайн эрэг, арал
Гуанши Хятад Вьетнамын зааг дахь Тонкиний хойгт оршиж, Өмнөд Хятадын тэнгист харьяалагдана. Эх газрын далайн эрэг зүүнээс баруун тийш Хэпү сяний Шими голын адгаас Хятад Вьетнамын хилийн зааг дахь Бэйлүнь голын адаг хүртэл 1595 км үргэлжилнэ. Арлын эргийн урт 461 км. Наньлю, Чиньжян мөрний ам булангийн далайн эргийн байцтай. Гуаншид далайн эрэг дагуу 697 арал олтриг хамаарагдах ба нийт 84 ам дөрвөлжин км талбайтай. Түүнээс хамгийн том нь 28 ам дөрвөлжин км газар нутагтай Вейжөү арал юм.

Байгаль, уур амьсгал
Гуанши субтропикийн уур амьсгалын бүсэд багтана. Харин нутгийн өмнөд хэсгээр халуун бүсийн уур амьсгалтай. Агаарын дундаж хэм 16.5-23.1 хэм, хур тунадас элбэг, улирлын өөрчлөлт илэрхий бус, нар гийгүүлэх хэмжээ дундаж, өвөл богино зун урт. Гуанши дулаан хуримтлуулах хэмжээгээр хамгийн өндөр нутгийн нэг юм. Өдрийн дундаж агаарын хэм 10 хэм газар 5000-8000 хэм дулаан хуримтлагддаг тул дулаан ашиглах нөөц баялаг харьцангуй их.

Байгалийн баялаг
Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орон өргөн уудам газар нутагтай, байгалийн нөөц баялаг ихтэй. Ялангуяа усны эрчим хүч, уул уурхайн эрдэс баялаг, газар тариалан, ойн аж ахуй, далайн баялаг, биологи, аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй тул Хятадын баруун өмнөд бүсийн хөгжингүй нутагт тооцогддог. Усны эрчим хүчний нөөц 19 сая киловатт, 115 төрлийн ашигт малтмалаас 89 төрлийн нөөцийг тогтоосон, түүнээс 53 нь нөөцөөрөө Хятадад эхний аравт ордог. 14 төрлийн ашигт малтмалын нөөцөөр улсдаа тэргүүлдэг тул Гуаншийг “Өнгөт төмөрлөгийн өлгий нутаг” хэмээдэг.
Гуанши далайн асар их нөөц баялагтай, тухайлбал далайн 500 гаруй төрлийн загас, 10 метр хүртэлх гүн үржүүлэх талбай нь 400 мянган га хэмжээтэй. Гуаншигийн аялал жуулчлалын салбар хөгжлийн асар их нөөцтэй. Учир нь тэнд бүх улсад алдаршсан Гүйлиний уул усны үзэмж, Биньхай тэнгисийн эргийн амралт зугаалгын газар байрладаг. Гуаншид жуан болон бусад үндэстний аж амьдрал, соёл уламжлал, зан заншилтай танилцаж болно.

Аялал жуулчлал
Гүйлинь хот: Гуаншигийн зүүн хойд хэсгийн Гүйлинь хот 2000 гаруй жилийн түүхтэй. Гүйлинь ууланд гүйхуа буюу гавир цэцэг элбэг ургадаг. Гүйлинь нутгийн уул ус, байгалийн үзэсгэлэн ойр холд алдартай. Уул толгод, асга хад нь гайхамшигтай өвөрмөц тогтоцтой.
Гол ус: Гуаншид гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан, хүрхрээ зэрэг усны тархац элбэг, нөөц баялаг их. Бэйжян мөрөн, Хар уст гол, Зүөжян, Минжян зэрэг гол мөрөнтэй. Гуанши нутагт олон сайхан хүрхрээ бий. Ялангуяан Хятад Вьетнамын хилийн Гүйчүнь голын дээд урсгалаас буудаг Дэтянь хүрхрээ хол ойрд нэртэй юм.
Цэцэрлэгт хүрээлэн: Гуаншигийн Дэлхийн газарзүйн парк жуулчдын сонирхлыг их татдаг. Өөртөө засах орны зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар 29, түүхийн дурсгалт газар 220 гаруй бий. Мөн үндэсний зэрэглэлийн ойн цэцэрлэгт хүрээлэн 12, аялал жуулчлалын бүс 1, түүхийн дурсгалт газар 7 бий.
Д.Гүнтөмөр