CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хүйтэн дайны музей-ресторан

05-04-2016 13:29

 

Москва хотын төвд газар доор 65 метр гүнд "42-р бэхлэлт" хэмээх хүйтэн дайны үед баригдсан хоргодох байрны цогцолбор байдаг. Зөвлөлт засгийн үед, цөмийн зэвсгийн халдлага гарвал хоргодох зориулалтаар газар доорх тэрхүү командлалын төв, хоргодох байрыг байгуулсан гэдэг. Тэгвэл саяхан цэргийн онц чухал, нууц объект байсан “42-р бэхлэлт”-ийг "Хүйтэн дайны музей-ресторан” болгон өөрчилсөн байна.

Энэ музей-рестораны удирдлагууд Хятадын жуулчдыг татах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. "42-р бэхлэлт"-ийг жуулчдын үзэж, танилцах аяллын хөтөлбөрт багтааж, түүх сонирхдог Хятадын жуулчдад үзүүлнэ гэж тус музей-рестораны захирал Андрей Касаев "Бид тусгайлан Хятадын жуулчдад зориулсан танилцах хөтөлбөр гаргаж, аяллын замд ханз үсгээр бичсэн заавар самбарыг бэлэн болгосон. Үүгээр зогсохгүй бид Хятадын жуулчдад дөхөм болгохоор музейн танилцуулга тайлбараа хятад хэлээр бэлтгэсэн юм" хэмээн ярьж байлаа.

Оросын Аялал жуулчлалын нийгэмлэг 2014 оноос "Найрсаг Хятад орон" аялал жуулчлалын төсөл санаачлан хэрэгжүүлж байна. Энэ төсөлд нэгдсэн буудал, ресторан, үзэсгэлэн, аялал жуулчлалын компаниуд бүгд хятад хэлээр бичсэн мэдээллийг дэмжих, Юнион Пей карт ашиглаж болох, Хятадын жуулчдад зохимжтой хоол хүнс бэлдэх, буудалд хятад хэлний телевизийн суваг гаргаж, Хятадын жуулчид Орост аялахад хялбар дөхөм болгосон байна. Өдгөө Оросын хэд хэдэн музей Хятад тайлбартай аудио хөтөч аппарат ашигладаг болжээ.

ОХУ-ын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын дарга Олег Сафанов: "Хятадын жуулчдад тав тухтай орчин бүрдүүлэх нь уг төслийн гол зорилго юм. Хожим Оросын улам олон буудал, ресторан, аялал жуулчлалын газар энэ төсөлд нэгдэх болно. Үүний зэрэгцээ бид Хятадын жуулчдад Умард туйл, Хойд мөсөн далайн бүс нутаг, арлуудаар аялах зэрэг улам шинэлэг, өвөрмөц жуулчлалын газруудыг үзүүлж, аяллын онцгой төсөл болгон хэрэгжүүлэхээр зорьж байна" гэсэн юм.

Хятадаас Оросыг зорих жуулчид сүүлийн 3 жилд улам бүр нэмэгдэж байгаа бол Оросоос Хятадад жуулчлах жуулчид ч олширч байна. Аялал жуулчлалын судалгааны байгууллагаас саяхан гаргасан бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сард Оросоос Хятад улсад ойролцоогоор 150 мянган хүн жуулчилсан нь 2015 оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Орос улс Хятадын хувьд Өмнөд Солонгос, Япон, Вьетнам, Америкийн дараа орох аялал жуулчлалын 5 дахь том орон болсон байна. Оросын жуулчдын хувьд үзэсгэлэнт сайхан далайн эрэг, Хятадын өмнө зүгийн дулаан нутгаар аялахыг илүүд үздэг гэнэ.

Газар нутаг уудам, Евро-Азийн эх газрыг сундалсан Оросын орны баруун нутгийн жуулчид Хятад улсад аялахад алс холын, зардал ихтэй жуулчлал болдог. Энэ тухай Олег Сафанов “Валютын ханш суларсан, өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээ Оросын хилийн чанадын аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж, хилээр гарах жуулчдын тоо 30 хувиар буурсан. Хятад улс дэлхийн хамгийн амар тайван орны нэг тул Оросын жуулчдын сэтгэлийг татах нь мэдээжийн хэрэг юм. Хятад улс аялал жуулчлалын асар их нөөцтэй. Аялал жуулчлалын бүх салбарыг хамарсан хөгжил дэвшил нь жуулчдад илүү тав тухтай орчин бүрдүүлнэ” хэмээн үзэж байна.

                     Д.Гүнтөмөр

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100