CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

XIII таван жилийн төлөвлөгөөнд багтсан томоохон төслүүд

05-03-2016 10:07

 

Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлөө таван жил тутамд төлөвлөж, түүнийгээ мөрдөн хэрэгжүүлдэг. Энэ нь улсын эдийн засгийн хөгжлийн  чухал хэсэг нь төдийгүй, урт хугацааны төлөвлөгөөнд багтдаг. Энд улсын хэмжээний том том бүтээн байгуулалтын төсөл, үйлдвэрлэх хүчний тархац, улс ардын эдийн засгийн харьцаа, үзүүлэлт зэргийг урьдчилан төлөвлөж, эдийн засгийн хөгжлийн зорилт, чиг хандлагаа тодорхойлдог байна.

Тэгвэл саяхан Хятад улс 2016-2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслөө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаараа хянан хэлэлцүүлсэн юм.

Хятад улс 5 жил тутмын төлөвлөгөөгөө 1953 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 12 удаагийн төлөвлөгөө хэрэгжүүлж, 2016-2020 он хүртэлх 5 жил нь 13-р таван жилийн төлөвлөгөө болж байна.

Хятад улсын "13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр" тус улсын 2020 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно. Төлөвлөгөөнд улс орны хөгжил, иргэдийн ахуй амьдралтай холбоотой олон чухал төслүүд багтсан байна. Тухайлбал 20 гаруй тусгай булан гаргаж, нийт 165 томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд: Шинжлэх ухаан технологийн инноваци, шинэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн чадварыг нэмэгдүүлэх, экологийн орчинг хамгаалан сайжруулах, иргэдийн аж амьдралыг сайжруулах зэрэг гол гол асуудлууд багтжээ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Хятад улсын дэлхийд өрсөлдөх чадвар болон улсын ерөнхий хүчин чадал нэмэгдэнэ гэж чуулганы төлөөлөгчид үзэж байна.

Чуулганаар хэлэлцсэн асуудлаас шинжлэх ухаан технологийн инновацийн 15 томоохон төсөл олны анхаарыг хамгийн ихээр татсан юм. “Шинжлэх ухаан технологийн инноваци-2030” төсөлд нисэх онгоцны хөдөлгүүр, далайн гүний судалгааны станц, квантын холбоо, квантын компьютер, мэдээллийн технологи, робот зэрэг ухаалаг төрлийн аж үйлдвэрлэлийг ахиулах 6 төсөл, түүнчлэн үр тарианы аж үйлдвэрийн шинэчлэл, ухаалаг цахилгаан сүлжээ, сансар, газрыг холбосон мэдээллийн сүлжээ, ухаалаг үйлдвэрлэл зэрэг 9 төрлийн бүтээн байгуулалт багтсан байна.

"13-р таван жил"-ийн төлөвлөгөөнд мөн шинэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийг чанаржуулах тухай бүтээн байгуулалтын 10-аад ажил багтсан байна. Эдгээр нь банк санхүү, хөдөө аж ахуйн салбар, өндөр технологийн тоног төхөөрөмж, шинэ аж үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлт, шинэ хэлбэрийн хотжилт, үндэстний цөөнхийн болон хил хязгаарын бүс нутаг, ядуу бүс нутгийн хөгжлийг дэмжих, далай тэнгис зэрэг өргөн хүрээг хамарчээ.

Энд бас 5G хөдөлгөөнт холбоо, мэдрэх төхөөрөмж, биедээ авч явахад хялбар дөхөм тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, генийн судалгаа зэрэг био технологийн хэрэглээг өргөтгөх, навигацийн хиймэл дагуулын бизнесийн зориулалттай хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бүтээн байгуулалтын зорилтууд ч тусгагдсан байна.

Цаашлаад 53.3 сая га өндөр стандартын газар тариаланг байгуулах, өндөр үр ашигтай, ус хэмнэх тариалангийн усжуулалтын талбайг 100 сая га-гаар нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үүсэл гарал, чанар, аюулгүй байдлын талаарх мэдээллийн систем байгуулах зорилт тавьжээ.

Хятад улс дэд бүтцээ улам сайжруулахын тулд ирэх таван жилд зам харилцааны бүтээн байгуулалт, эрчим хүчний хөгжил, ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг чухал төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хурдны төмөр замын хувьд, Бээжин-Хонконг зэрэг хурдны төмөр замын 10-аад шугам байгуулж, бүс нутгийг холбосон хурдны төмөр замын шугамаа нэмэгдүүлэх юм байна. Хурдны төмөр замын уртыг 30 мянган км хүртэл нэмэгдүүлж, томоохон хотуудын 80-аас дээш хувийг хурдны төмөр замаар холбоно. Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эдийн засгийн өндөр хөгжилтэй бүсүүдэд олон улсын зэрэглэлийн нисэх онгоцны буудлууд барьж байгуулна. Түүнчлэн зорчигч тээврийн нисэх онгоцны 50 буудал нэмж байгуулна. Усан боомт, тээврийн тоног төхөөрөмж, хот хоорондын зам тээвэр, хөдөө тосгоны зам харилцаа, зам харилцааны холбоо, ухаалаг зам тээвэр зэрэгт багц бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ гэжээ.

Эрчим хүчний салбарт гэвэл тэнгисийн эрэг дагуух бүс нутагт цөмийн цахилгааны шинэ төсөл хэрэгжүүлж, тус улсын баруун бүсийн байгалийн хийг зүүн нутагт дамжуулах, Шааньси муж-Бээжинг холбосон байгалийн хий дамжуулах шугам болон Сычуань мужийн байгалийн хийг зүүн нутагт дамжуулах зэрэг байгалийн хий дамжуулах гол шугам сүлжээг байгуулна. Мөн 430 том оврын усжуулалтын бүсийн үр ашгийг нэмэгдүүлэн, ус хэмнэх өргөтгөл бүхий бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тэгвэл экологийн салбарт байгаль орчныг хамгаалан сэргээх, байгалийн баялгийг хэмнэх, эргүүлэн ашиглах, уул, ус, ой, газар тариалангийн болон нуур цөөрмийн экологийн орчинг хамгаалах тухай 20 гаруй төсөл багтсан байна. Мөн 666 мянган га бохирдсон тариалангийн талбайг засан сайжруулж, 2.7 сая га бохирдолд өртсөн тариалангийн газрын эрсдэлийг тогтоон барих, цацраг идэвх хаягдал бодисыг шийдвэрлэх төвүүдийг байгуулах, намагтай талбайг 53.3 сая га-гаас дээш хэмжээнд байлгах зэрэг зорилт тавьсан байна.

Ирэх 5 жил нь Хятад улсын хувьд дундаж чинээлэг нийгэмд хүрэх чухал үе шат юм. Тэр утгаараа иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эрүүл мэнд, эмчилгээний салбарын хөгжлийг нэмэгдүүлэх олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал иргэдээ ядуурлаас ангижруулах, боловсролыг орчин үеийн түвшинд хүргэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, олон нийтийн үйлчилгээ, ажлын байр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, соёлын салбар зэрэг бүтээн байгуулалын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тэр дундаа  аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, наанадаж 30 сая ядуу иргэнээ ядуурлаас ангижруулна. Мөн 20 сая иргэнийг шилжүүлэн суурьшуулж, ажлын байраар хангах замаар ядуурлаас гаргана гэжээ.

Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх тухайд, хүнд архаг өвчнийг эмчлэх түвшинг дээшлүүлж, анхан шатны эмчилгээ үйлчилгээний нөхцөлийг улам бүр сайжруулж, хотын дүүрэг, хороод дахь бие бялдар чийрэгжүүлэх орчин нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, залуучуудын эрүүл чийрэг байх үндсэн стандартын үзүүлэлтийг 95 хувиас дээш хэмжээнд хүргэх зэрэг зорилтууд багтсан байна. 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100