CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Ахмадууд серфингээр биеэ эрүүлжүүлж байна

04-27-2016 16:31

 

Бразилийн Сан-Пауло мужийн Сантос хотын Серфингийн сургууль саяхан ахмадуудад зориулсан үнэ төлбөргүй сургалт нээсэн байна.  Настайчууд далайд гулгалтын тавцан дээр давалгаа сөрөн явахыг үзвэл мэл гайхах нь мэдээж. “Арана” серфингийн сургуулийн сурагчдын зарим нь нэлээд чадварлаг гулгах ч зарим нь үндсэн дасгалаа хийнэ. Тэдний дунд 80 гарсан настан ч байдаг гэнэ. Тус сургуулийн сурагч Перейра, Франциско хоёр эхнэр нөхрүүд. Хоёул 70 гарсан ч долоо хоног бүр гурван удаа хичээллэдэг юм байна.
Францискогийн эхнэр Перейра: “Бидний тавгүй байдал далайд живсэн. Бид санаа зовохоо больсон. Өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдсэн. Серфинг биднийг өөрчилсөн. Зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл зүйд ч их нөлөөлсөн. Далайд гулгах явцдаа залуужиж байгаагаа мэдэрдэг” гэсэн юм.

Энэ эхнэр нөхөр хоёр анх сэтгэлээ тайвшруулахын тулд серфингээр хичээллэсэн байна. Тэдний хүү нүдний хүнд өвчин тусч хоёр хөгшин үүнээс болж маш их эмзэглэн сүүлдээ мэдэрлийн ядаргаанд оржээ. Харин тэд серфингээр хичээллэснээс хойш энэ спортыг ихэд сонирхох болсон гэж нөхөр Франциско ярьж байна. Тэр “Серфингээр хичээллэж эхэлснээс хойш тавцан дээр гарах бүртээ би өөрийгөө маш эрүүл, эрч хүчтэй болж байгаагаа мэдэрдэг. Би энд байнга ирнэ гэж бодож байгаа. Энд ирэх болгондоо шинэ содон мэдрэмж авдаг нь үнэхээр гайхалтай явдал юм.” хэмээн ярьж байлаа.

“Арана” серфингийн сургууль 25 жилийн түүхтэй. Энэ сургуулийг Шисик Арана үүсгэн байгуулжээ. Тэрээр хүмүүсийг серфинг шиг эрчтэй спортод хамруулахыг зорьжээ. Саяхнаас ахмадуудад зориулж сургалт нээсэн нь улам олон ахмад настныг цогтой, золбоотой, өөртөө итгэх итгэлтэй болгож, тэдний хайр хүндэтгэлийг хүлээх болсон байна.
Арана: “Бид сөрөг үзэл бодлыг тэвчих хэрэгтэй. Нийгэмд бодит үнэнээс гажсан маш олон жишээ бий. Тухайлбал хүн өтлөхөөрөө өөрийгөө голж “болохгүй, мэдэхгүй, чадахгүй” гэж боддог. Үнэндээ тийм биш. Серфинг бол таны чадварыг илтгэх нэгэн боломж юм. Хүн туулж өнгөрүүлэх насаа маш их утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх ёстой. Өөрийн хийе, бүтээе гэж бодсон зүйлээ заавал биелүүлэх учиртай. Яг л 70 гаруй настай манай “залуу” өвөө эмээ нар шиг л байх ёстой” гэсэн юм.

                                                        Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100